Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балба улсад гурван өдрийн гашуудал зарлажээ. 7.8 магтнитудын хүчтэй газар хөдлөлтөнд нийслэл Катмандуд хэдэн зуун байшин барилга нурж сүйдэн, найман сая хүн хохирсон байна.
Газар хөдлөлт болсон өнгөрсөн бямба гаригаас хойш Балбад амь үрэгдэгсдийн тоо өдөрт хэдэн зуугаар нэмэгдсээр 5000-д хүрчээ. Түүнчлэн гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 10 мянга хүрснээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа аж.
Үүний зэрэгцээ Балбад аадар бороо орсноос майхан, урцад хоног төөрүүлж буй иргэд улам зутарч байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэлд хөрсний нуралт үүсч, нураагүй үлдсэн барилгууд сүйдсээр байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС