Элст манхан, аараг толгодын дундах Өвгөн суварга

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Элст манхан, аараг толгодын дундах Өвгөн суварга

Ийн хэлэхээр Монголын гур­ван их говийн аль нэг баян­бүрдэд хэн нэгэн тэр­бум­тан эцэг өвгөддөө буян үйлдэн хачин гоё  суварга бос­госныг л сүржигнүүлж гэж ойл­гов оо. Догшин хутагт Данзан­равжаагийн хүй дарсан чулууг  бүлээнээр нь мөнхөд хадгалан байхын учир бэлгэдэлтэй тэр л элст манхан, аараг тол­годын дунд мандаж буй нарны  шижир туяаг өөр дээрээ тунаруулах алтан оройт Өвгөн суварга Хамарын хийдийн гол дугана болон сүндэрлэснийг уншигч танд дуулгах гэсэндээ аян за­мын тэмдэглэлийнхээ өмнөт­гөл  болгосон хэрэг.

Дорнын их говьд  мөнхөд оршихын бууриа засан төвхнөсөн Өвгөн сувар­гын бүтээн байгуулалт, хийц загвар, дотор нь дэлгэгдсэн  говийн догшин Хутагтын бүтээлүүдэд сүслэх ахуй дор  сэтгэлийн тольтод “Чингис хаан ташуураа унагасан домгийг үндэслэн дэл­хийн жуулчдыг татан сүй­дийг нь хольж буй Ордосыг дагуу­лах­гүй их бүтээн байгуу­лалт Ар халхад өрнөж байна, цаана чинь.

Сүсэглээд мөргөе хүн нь бодьтой, дагуулж яваад үзүүлье харах юмтай  Хама­рын хийд орчимд нялх  таа­нын толгой элсэн дундаас түрэн цухуйчихсан, сакура нь  хариугүй  цэцэглэх гээд сайхан байна лээ. Нөгөөтэйгүүр,  али­ваа зүйлийг урьдчилж төлөв­лөлгүйгээр ширээний ард сэт­гэлийн хөдлөлөөр гэнэт шийдэн аян богц эвхэх нь хожмын өдөр инээж суугаад хууч хөөрч дур­самжийг авчирдаг билээ. Дуги­раг улаан  наран жаргах, ман­дах нь  гэнэтийн юм шиг үзэг­дэх эл нутагт хийсэн бид­ний аялал  ч бас сэтгэл хөдлөлөөр ший­дэгдсэн гэнэтийн, санам­саргүй үйл явдал байсан юм.

 Эхэндээ бид  Улаанбаатар-Сайншандын чиглэл  хатуу хучилттай хар замтай болсны шидийг үзэнгээ автомашинаар аялах нь зөв гэцгээж байсан ч биеийн амар, эдийн засгийн хэмнэлт энэ тэрээ тооцож үзээд галт тэргээр аялахаар шийдсэн. Ажлаа эртхэн дуусгасан аялагчид 18,20 цагт галт тэргэндээ суун, замын уртыг инээж шуугин, тоглож явсаар шөнө дундад шинэ цагийн Сайншанд хотод хөл тавьлаа. Сайншанд өртөө тэрүүхэндээ хөлтэй. “Хамарын хийд явлаа.

Очоод гэр буудал бэлэн” гэхчилэн точигнон гүйлдэх говийн бор эрчүүд гадны хүнийг анддаггүй нь харваас илт.  Үүрсэн үүргэвч нь авсаархан, зорилго нь тодорхой авгай хүүхнүүд зонхилох аялагчид нүд ирмэхийн зуур хаа нэг тийш одно. Тэднийг  мэдээж микро автобусныхан олзолсон  байж таарна.  Бидний хувьд аялал маань аймгийн төвд оршин  говийн Догшин хутагт Данзанравжаагийн музейгээс эхэлсэн.
 

200 жилийн тэртээд хүргэж өгөх их хутагтын музей

Хамарын хийд, хүслийн хаданд мөрөөдлөө шивнэхийг урьтал болгохоос илүүтэй  энэ нутагт хөл тавихын учир ерөөлийн бэлгэдлээ түрүүлж нэг бодох нь зөв байх аа. Говийн Догшин хутагтад тодорсон цэцэн цэлмэг хүү төрөөгүйсэн бол та бид эдүгээ дэлхийн инергийн төв, Хамарын хийдэд мөргөж, энерги авна, муу бүхнээсээ сална, мөрөөдлийг минь биелүүлж өг гээд аараг толгодыг зорих  нь юу л бол.

Энгүй эрдэм төгс хутагт эл бүхнийг судалж мэдээд хой­чийн бидэнд үлдээж чадсанд л хэр­гийн учир орших нь дам­жиг­гүй. Тиймээс түвэгшээлгүй­гээр музейн хаалгыг татахыг хичээгээрэй. Музей үзэх  тасалбарын үнэ нь ердөө  1000 төгрөг. Цагийн уртыг давсан музейн барилгын гадна төрх байдал ихэд хуучирсан авч доторхи үзмэрүүд нь хийж буй үйлдээ зүрх сэтгэлээ өгсөн ажилтнуудын  хичээл зүтгэлээр XXI зуунтай  золгосон нь харваас илт. Хамгийн гол нь музейн үзмэрүүд бодит хүний эдэлж хэрэглэж явсан эд өглөгийн зүйлээс бүтэж буй нь ховорхон тохиолдол.

Музейд хутагтын хүүхэд насандаа тоглож байсан шатраас авахуулаад эцэг өвгөдийнх нь хэрэглэж байсан тогоо нь хүртэл байна лээ. Энэ бүхнийг сонирхож ээ явахад аавын маань ярьж өгсөн нэгэн домог санаанд буух нь тэр. Тэр үед нэр усыг нь хэлж өгөөгүй ч эргээд санахад Данзанравжаагийн хүүхэд нас, хутагтад тодорсон түүх байж. Үгээгүй ядуу нэгэн эр цэцэн, цэлмэг ухаантай хүүтэй юмсанж.

Аав хүү хоёр  бадар барин гуйлга гуйн айлаас айл хэсч яваад нэгэн баян айл найр хийж байхтай таарч гэнэ.  Найрлагчид баруун хатавчинд суух эцэг, хүү хоёрыг хүн гэж тоолгүйгээр үл барам, аяганы амсар зуулгасангүй. Тэгтэл гэнэт цахилгаан цахиж, аадар  цутгасан тул найрын эзэн тэнгэр хангайг зүхэн сүйд болж гэнэ. Баяны ааш аягийг ажиглажээ суусан цэцэг билэгт хүү “Ноёнтон минь өршөөж хайрла.
Үүл нь  гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээн хоймор юуны ялгаа юу байхав
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээн залуугийн ялгаа юу байв гэж” хэмээн цангинуулж гэнэ.  Тэнд цугласан улс хүүгийн цэцэн цэлмэгийг гайхан шуугитал гэрийн хоймор суусан ноён эцэг, хүү хоёрыг сая анзаарч  дээшээ суухыг урин хоол унд, идээ цагаагаар дайлж гэнэ ээ”. Таван настай балчир хүүгийн цэцэн цэлмэгийн ганцхан жишээ энэ. Ийн бодсоор дараа­гийн үзмэр лүү шилжихэд жи­жигхэн хар тогоо байх юм.

Тайлбарлагч “Дулдуйтад байсан ганц хөрөнгө нь энэ хар тогоо.   Эцэг өвгөдөөс нь өвлөгдөж ирсэн эл тогоондоо хутагт ихэд хайртай байсан бөгөөд хаа ч явсан авч явдаг байсан. Мөн тэнд Равжааг зургаан настайд нь хувилгаанд тодруулаад анх өмсгөсөн дээлийн үүх түүнийг нүдэнд харагдтал ярьж өгсөн. Хоёр зууныг туулж яваа тэр жижигхэн дээл өдгөө ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхээ байсан ч гэгээн хутагтын нэгэн цагт өмсч байсан гэх утгаараа музейн хамгийн үнэтэй хөрөнгө байж таараа. Япон самуурайн сэлэм хамгийн содон үзмэрийн нэг байлаа. Самуурайн сэлэм яахаараа хутагтын музейд хадгалагдах болов гэж хэн хүн сонирхох нь мэдээж.

Манайхан  сэлмийг “морьтой баатрын сэлэм” хэмээн нэрлэж байж.  Хэдэн жилийн өмнө Японы ханхүү Монголд зочлохдоо  зориуд  хутагтын музейг сонирхох санал тавьж өнөөх сэлмийг үзсэн гэнэ.  Сэлэмний бариул дээр нэгэн бичээс байсныг хэн ч тайлж уншиж чадалгүй хоёр зуун жилийг үдсэн юмсанж. Тэгтэл өнөөх бичвэр нь  “Морото” гэсэн япон хүний нэр байж. Өөрөөр хэлбэл, “морьтой баатрын сэлэм” биш Моротогийн сэлэм болох нь тэр. Морото гэдэг нь Японы хааны удмын хүн, Ноён хутагт Данзанравжаагийн дэр­­гэд зөв­лөхөөр ажиллаж бай­­сан гэдгийг түүх суд­лаа­чид тогтоожээ.

Ноён Морото хутаг­тын дэргэд байх­даа бие хамгаалах эр­дэмд суралцахаар ирсэн гэж түү­хэнд тэмдэглэгдэж үлджээ.  Бас нэг зүйлийг онцлоход,  “Саран хөхөө” дуулалт жүжгээ тавих­даа хэрэглэж байсан эд зүйлс, судар барлаж байсан бар гээд л их л олон олон үзмэрийг өөрийнхөө нүдээр харж, сэтгэлээ баясгачихад гэмгүйдэг. Энэ мэтчилэн говийн Догшин хутагтын эдэлж хэрэглэж явсан зүйлийг хадгалсан  150 авдар байдгаас дэлгэж тавьсан нь цөөн гэж байсан ч монголчуудын хувьд дэлхийд гайхуулах үнэт зүйлийн нэг мөнөөс мөн билээ.

Нөгөөтэйгүүр, энэ бүхэн хойч бидэнд, биднээс бидний хойч үед өвлөгдөх эрхэм ариун үйлийг хутагтын үе дамжсан  тахилчдын бурхан шашнаа, гэгээн хутагтаа  гэсэн үнэнч сэтгэлийн илэрхийлэл буй за. Хутагтын зургаа дахь  үеийн тахилч Түдэв гэдэг хүн 1937 онд Равжаагийн эд хөрөнгийн тахилчийн үүргийг өв залгам­жилсан аж. Гэвч 1938 онд хэлмэгдүүлэлт эхэлж,  хийдийн  бүх эд хөрөнгийг нь лацаджээ.  Тахилч лам Түдэв гуай эцэг өвгөдөөс уламжлагдаж ир­сэн хутагтын эд хөрөнгийг  устуулж  хэрхэвч болохгүй гээд Шарилын сүм рүү нь газар доогуур хонгил ухан  64 авдар бүхий эд зүйлийг  нууж чадсан байна.

Тэрээр нэг шөнө нэг авдар зөөдөг байж.  Тэгэхээр 64 шөнө зөөсөн байж таарах нь. Шарилын сүмд нь Равжаагийн цогцсыг занданшуулсан бай-сан гэнэ. Шарилыг газар доогуур  зөөх явцад  гэмтсэн тул чандарласан аж. Тэр чандар нь мөн музейд нь байгаа гэсэн. Эдүгээ хутагтын тахилч лам Түдэвийн  ач  хүү З.Алтангэрэл гуай  музейг ахладаг төдийгүй бидний зорьж очсон Хамарын хийдийг бүрэн утгаар сэргээн босгох их үйлд зүтгэж явааг энд онцлох  нь зүйн хэрэг юм.

 
Гэм нүглээ цайруулах боломж буюу Шамбалын орон


Хамарын хийдийг зорихын бас нэг утга учир нь хэн боловч үйлдсэн гэм нүглээ цайруулахад оршдог байж мэднэ. Хүн гээч өчүүхэн амьтан өөрийгөө үхэшгүй мөнхийн юм шиг санаж,  бие сэтгэл, үйлдлээрээ бусдад гэм үйлддэг шүү дээ. Тэгээд нас хэвийхийн цагт нүгэл, буянаа дэнслэн гандан хийдийн гадуур эргэлдэн гороолж, маань мэгзэм уншиж сүйд болдог. Заримдаа бүх зүйл оройтсон байх нь бий. Гэсэн хэдий ч та бид азтай. Дорнын говийн элст манхан, аараг толгодын дунд  орших Хамарын хийдийн  төв хэсэгт тусгайлан зассан Шамбалын орны хаал­ганы бариулаас атгасан байхад та өөрийгөө ариуссан гэж ойлгож болно.

Хөтөч хархүүгийн тайлбарласнаар, Шамбалын орон нь гурван давхар тивээс бүтэх аж. Хамгийн доод тив нь одоо бидний амьдарч байгаа ертөнц бол хоёр дахь нь шамбалын орон. Шамбалын орны хаан нь Чингис гэнэ. Чингис хааны хажууд бичгийн түшмэл морь уначихсан явж байгаагаар дүрсэлжээ. Үүнийг  юу гэж тайл­барласан гэхээр Шамбалын оронд эзэн Чингис эргэн морилох ирэх аваас түүний бичгийн хүн болох Данзанравжаа би вээр байх вий гэжээ. Гурав  дахь  тивийн эзнээр  цагаан арслан унасан Ногоон дарь эхийг зурсан байсан.

Эл дүрслэлийг харж ээ зогсоход, Равжаа хутагт  эмэгтэй хүнийг ихэд хүндлэн  эзэн Чингисийн дээр залан “Үлэмжийн чанар” дуугаа зохиосон эхдээ зориулж алтан суврага бүтээсэн атлаа  эмэгтэй хүний гараас хор ууж ертөнцийн мөнх бусыг үзсэн нь ямархан тохиол юм болоо гэх бодол төрж байлаа. Буруу бодсон бол бурхан өршөөг. Догшин хутагт  Данзанравжаа  гурван шүтээнтэй байжээ. Эхнийх нь  оюун ухааны тольт  дигваранз буюу хилэнц хорхойгоор дүрсэлсэн бол. хоёр дахийг  нь яруу найраг, түүнийгээ хаш чулуугаар хийсэн галуугаар,  гуравт нь эмэгтэй хүн, түүнийг дарь эхээр тус тус илэрхийлсэн байх жишээний. Ингээд Шамбалын орны  түүхээс  өгүүлье.

Аргын тооллын есдүгээр сарын 10 буюу 17 дугаар жарны “барагдашгүй” хэмээх гал нохой жилийн намрын тэргүүн улаан бичин сарын 18-ны өлзий учрал бүрдсэн Дашнямтай билэгт сайн өдөр “Шамбалын орон”-ы 121 суврагын нээлт болсон байна. Энэ орон хийд бол Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн XIX  зууны дунд үед амьдарч байсан өлгий нутаг. Үзэсгэлэнт уулын дэнж дээрх тусгайлан зассан юм шиг тэгшхэн газарт “Шамбалын орон”-ы тэгийг бүтээн, овоо босгож, үүнийгээ өөрийн шавь нартайгаа Шамбалын оронд уулзах билэг ерөөл гүйцэтгэсний биелэл гэж үзсэн аж.

Сүүлийн хэдэн  жил сүсэгтэн олноос  асар их хандив өргөл цугларсны дээр Герман, Төвд, Америк, Орос, Чех, Канад, Хятад, Япон, Тайвань зэрэг газруудаас сүсэг­тэн олны хандив нэмэрлэж “Шамбалын орон”-ыг жинхэнэ дүр төрхөөр нь бүтээжээ. Мөн бурханч лам Г.Пүрэвбатын бие сэтгэлийн үнэлж баршгүй тус нэмэр орсон гэнэ. Тэрбээр  догшин ноён Хутагт Д.Данзанравжаагийн нууц тарнийн бүтээлийн орон болсон “Хойд Шамбалын орон”-ы бүхэл бүтэн цогцолборт Хөтөлгөө ес, Их найм, тойрсон зуу, Ацаг хийгээд эцэг дөрөв, хаалганы дээрх Цогт цагийн хүрдний ам хавсарсан Лянхат гурав, нийт нэг зуун хорин нэгэн суврага, гурван их хаалга, Тэнгэрийн их хонхот сүм зэргийг бүтээсэн ажээ.

Суварга бүрд Дээрхийн гэгээн Далай ламаас болон бусад гэгээнтнүүдийн илгээсэн нандин зай, Энэтхэг, Төвд, Балба орны сүм хийдүүдээс ирүүлсэн нууцын зай, ном судар, бүх аймгаас ирүүлсэн бурхан тахилын зүйлс, нандин шороо, ус ургамал, есөн эрдэнэ, эртний баатар хүний хөө хуяг, нум сум, элдэв сав суулга, тoгoo тулга, гэрийн эдлэл, цай хадаг хүрд, Отгонтэнгэр, Гурвансайхан, Архангайн арц тэргүүтэн элдэв үнэртэн зэрэг зүйлсийг Буддагийн номын их мэргэдийн судар шастирт дурьдсанчлан оршоожээ.

Хамарын хийдээс тусгайлан зассан замаар өгсч “Шамбалын орон”-ы үүдэнд  гутлаа тайлж,  нүцгэн хөлөөрөө  чулуу шороон дээгүүр явж, бурхны олон зан үйлийг үйлдэн “Шамбалын орон”-д очоод буцах учиртай. Монголын төдийгүй дэлхийн хамгийн их эерэг энергитэй газар хэмээн Япон болон бусад орны эрдэмтэн мэргэд тогтоож байгаа энэ газарт ирэгсэд энерги биедээ хурааж хуримтлуулахын тулд малгай өмсөлгүй, хөл нүцгэн  явах ёстой.  

Одоогоос 150-иад жилийн тэртээгээс ариуслын өвөрмөц зан үйлийг гүйцэтгэж ирсэн уламжлалтай бөгөөд тэдгээрийг гэрчлэх чулуун цагийн хүрд, хаалганы ор суурь одоо ч байсаар байгаа юм. Тэгээд ч “Шамбалын орон”-ыг байгуулсан тухай ноён хутагт Д.Данзанравжаагийн намтарт бичигдэн  үлджээ.  Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуай “Үлгэр домгийн жаргалант орон Шэмбал” гэдэг бүтээлдээ энэ тухай бичсэн нь бий. Оросын нэрт эрдэмтэн Н.Рерих олон жил Энэтхэг, Төвдийн уулсаар аялж, үлгэр домгийн Шамбалын орныг хайсаар эцэстээ “Шамбал” хэмээх нэгэн том зохиол бичиж үлдээсэн. Тэрээр, Монголын говьд “Шамбалын орон” байдаг бөгөөд тэндэхийн ард олны дунд Шамбалын тухай дуу хүртэл байдаг тухай өгүүлжээ.

Мөн, Оросын нэрт эрдэмтэн Мулдашев “Хүн бичнээс үүсээгүй”, гэдэг бүтээлдээ говьд Шамбал хийгээд түүнтэй холбоотой нууц оршсоор байгаа тухай бичсэн байдаг.

 
Хүслийг гүйцэлдүүлэгч бурхны мэлмий

Шамбалын орны өмнө хэсэгт  бурхны мэлмий байх бөгөөд түүн рүү эгцэлж ширтэх аваас өөрийн эрхгүй дотоод  мэдрэхгүй чинь буян нүглээ дэнслэн, бусдад гэм үйлдсэн бол өршөөл энэрэл, эврэл гуйх тийм мэдрэмжийг төрүүлж орхино. Бас хүслээ шивнэж болно.  

Шамбалын орон гурван хаалгатай. Урд талын хаалгаар эгэл жирийн бид орно. Тэр хаалгаар ороод гутлаа тайлан хөл нүцгэн, малгайгүйгээр нар зөв тойрон гороолдог юм байна. Шамбалын зөөлөн цагаан хөрсөн дээр гутлаа тайлж алхлаа. Газар бүлээн, бүр халуун. Нүцгэн хөлийн уланд наалдаад алхам тутамд унах цахир цагаан чулууны ширхгүүд ширр ширр унах чимээ сонсогдох тийм амгалан, нам гүм тэнд бүрэлдэх ажээ. Нүгэлээ бичиж шатаадаг хэсэг байна аа. Тайлбар уншиж байхад сэтгэлээсээ ариусах хэрэгтэй. Чадахгүй байгаа нь нүглээ бичин шатаах учиртай гэсэн байв. Манай багийнхны дотор бичиж шатаах нүгэлтэн байгаагүй. Бүгд л сэтгэлдээ залбирал үйлдэн гэмээ хүлээсэн.

Дараа нь баруун талын хаалган дээр  очлоо. Үүгээр зөвхөн  ихэс дээдэс морилох  болой гэжээ. Жинхэнэ энерги авдаг хэсэг хүрэн улаан чулуутай.
 Тэнд  манайхан хэвтэх нь хэвтэж, бясалгал үйлдэх нь үйлдсээр 20 минут хэртэй болсны дараа Шамбалын орны хоймор дахь овоог гурвантаа гороолон мөргөж, идээний дээжээ өргөчихөөд  гар гараасаа хөтлөлцөж байгаад “Үлэмжийн чанар” дуугаа дуулан эзэн савдгийг нь баясгасан юм. Харамсалтай нь бидний дунд энэхүү дууг бүтнээр байтугай жинхэнэ ая дангаар нь аялчих  хүн байгаагүй.

Уг нь дууны үгийг мань мэтийнхэнд зориулан  том самбар дээр бичсэн байсан хэдий ч нар жаргаж, бүрий болсон тул өөр өөрийнхөөрөө дуулаад л өнгөрсөн дөө. “Үлэмжийн чанар”-ыг нэг удаа сонсоход мянган удаа цагаан дарь эх уншсантай адил буян хураана хэмээдэг тул энэхүү дууны үгийг бичлээ.

Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад
ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг
хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

Ингээд шамбалын орноос явах болж, зүүн талын хаалга руу эргэв. Энэ хаалган дээр  бурхад саатдаг учиртай. Өнөө цагт лам хуврагууд энэ хаалгаар Шамбалын орон руу нэвтэрдэг гэж ойлгож болно. Гарахын даваан дээр гурван цагийн холбоос хэмээх хэсэгт очин идээний дээж сархдаа Хар уулыг чиглүүлэн хүслээ шивнэн өргөж болно. Гэхдээ нэг учир бий. Хар уул руу  явах жим нь нээгдээгүй, өөрөөр хэлбэл очиж болохгүй гэж лам, бөөгийн айлтгалтай  хүмүүс  тэр гурван цагийн холбоосоос хүслээ шивнэн сархдаа өргөж болох юм билээ.
 

Эхийн умай буюу  бясалгалын 108 агуй

  Хийд дээр  очсон хэн боловч бясалгалын агуйг зорих нь бий.  Байгалийн үзэсгэлэн хийгээд ариусгалын сүм, эхийн умай шиг хад зочдыг соронзон адил татна. Бас нэг гайхамшиг нь хаа холын сакура энд цэцэглэдэг. Биднийг очиход арай цэцэглээгүй байсан. Одоо цэцэглэсэн биз ээ. Тэндэхийн байгалийг үгээр дүрсэлбэл  баругшин баарцагласан мэт.

Шинжлэх ухааны хэллэгээр галт уулын дэлбэрэлтийн үлдэгдэл аж. Гэхдээ тэр хавийн  хад цохио бүгд  соронзонтой байж мэднэ. Хүмүүс  хаданд бие эрхтнээ наан домнох ажгуу. Хамарын хийдийн хавийн нутгийг урьд нь далай тэнгисийн ёроол байсан гэж үздэг. Харин надад эдүгээ ч  гайхамшигт далай тэнгис хөл дор минь байгаа төдийгүй хаш ногоон  замган дундуур нь алтан мөнгөн загас хөвж  байдаг болов уу гэж бодогдсон шүү.

Тэнд бас  бясалгалын  108 агуй бий.  Гэгээрэлд хүрэх нэг арга зам нь бясалгал байсан болохоор ихээхэн хүнд замыг туулан байж агуйгаас гарч ир­дэг байсан бололтой. Эхийн умайд Равжаа гэгээрэн хутагтын дүрийг олсон гэх домогтой аж.  Умайгаар дамжсан хэн боловч  дахин төрсөн мэт болдог гэнэ. Энэхүү агуйд энерги хамгийн өндөр 65 хувьтай байдаг гэж ярьж байсан шүү. Тэндээс хөдлөөд чулуужсан модыг сонирхсон. Зарим модны яр нь хүртэл хэвээрээ байна лээ. Дандаа тэнд очдог хөтөч маань нэг чулуужсан мод алга болсон байна, хэн аваад явчихав аа.

Алтангэрэл ахад очиж дуулгая гэж суусан. Бодвол хятад руу гарсан биз. Манайхан сортой бүхнээ харийнханд алдчихаад дараа нь түүнийгээ үзэх гэж халаасаа тэмтэрдэг зантай улс, хойно доо. Ордосын музейд манай л эд өглөгийн зүйлс дэлгээстэй харагдсан.  Хамарын хийдийн чулуужсан мод ч тийшээ одсоныг үгүйсгэх аргагүй.

Юун Ордос

Ийн дуу алдах хүн олон таарсан даа. Өвгөн суваргын хаалгаар ороход бүхий л ханыг чимэглэсэн бурхад, түүний ур хийц дуу алдмаар гайхамшигтай. Ламхай нар ном уншиж, гүрэм айлдан  засал хийж байсан нь сайхан санагдсан. Хамарын хийд  1821 онд анх байгуулагдсан хэдий ч 1990 онд ахин сэргэсэн түүхтэй.

Говийн тавдугаар ноён хутагтын 19 настайдаа байгуулсан Хамарын хийд буюу Шамбалын орон нь тухайн үедээ лам нарын бясалгалын гол төв байсан аж.   Тэртээ XIX зуунд  хоёр  дуган бүхий 1000 мэсний бурхантай байсан тэр л янзаар нь сэргээх  гэж байгаа гэсэн.  Мэсний бурхан нь мэстэй холбоотой ямар нэгэн зүйлээс гэтэлгэж өгдөг гэж дуулдсан.

Нуугдахын түүс болсон үлэг гүрвэлийн яс

Хамарын хийдийн архан талын аараг толгод дотор байгаа энэхүү байгаль дээрх үлэг гүрвэлийн ясыг олж үзэх гэж мэрийх хүн олон байдаг бололтой. Зарим нь шуналын сэдлээр ханддаг байж ч мэднэ.   Хамарын хийд орчмоор нутагладаг нутгийн иргэдээс асууж, мөнгө төгрөг амлан сүйдийг нь хийдэг юм байх.  Бидэнтэй зам ханилсан эрхэм  “Хэлж өгөхгүй байна.

Зарим нь жаахан буруу чигтэй зааж өгч байх юм. Хүүхдүүдээс их асуулаа. Яваад өгмөөр л байна. Даанч гээд байх юм” гэж суусан.  Нутаг орноо гэсэн иргэдийн сэтгэл ийм бөлгөө. Их сайн хэрэг. Байгаль дээр байгаа тэрхүү хосгүй үзмэрийг бид л хайрлахгүй юм бол хэн  хайрлан хамгаалах билээ.  Тэгээд ч үлэг гүрвэлийн яс нуугдахын түүс болж байгаа ч юм билүү.  

Хүсэл бүхнийг биелүүлэгч Хар уул


Манайхан л Хар уул гээд байгаа болохоос Баянзүрх хайрхан юм байна лээ.  Хамарын хийдээс Зүүнбаян явах замыг хөндлөн гарч  давхиад л нутгийнхны  шүтээн Хар ууланд очлоо. Уулын нуранги, чулуулгаас тогтжээ. Элгэн биеэс нь эгц ч өгсч болно. Гэхдээ чулуу нь нурж гулгаад тун ярвигтай байж мэднэ.

Зарим хүн ирсэн замаараа буцдаггүй гээд эгц өөдөөс нь өгсч байгаа харагд­сан. Хайрхны оройд тахилга бүхий овоо бий. Тэнд эрчүүд л мөргөж сүсэглэн хүслээ шивнэх ёстой. Хадаг яндар, хамаг сайн сайхан зүйлийнхээ дээжийг өргөн гуйж залбирах аж. Гэхдээ уулын савдаг өвчин эдгээж өгөөч, мөнгөтэй болгож өгөөч гэх хүслийг сонсдоггүй гэсэн шүү. Домгоос үзэхэд, уулын эзэн улаан бурхан өвчнөөр энэлэн шаналж байх зуур аав нь мөнгөний асуудалд орооцолдож.

Хүүгийн сэтгэлээр махан биеэ орхин аавдаа туслахаар шамбалын орон руу сүнсэн биеэрээ мордсон хой­гуур нь оршуулчихсан юмсанж. Эргэж ирээд биеэ хайгаад олсонгүй гэнэ. Аргаа бараад энэ хайрхандаа шингэж үлдэе гэж.  Сайншанд, Зүүнбаянгийнхан  Хар уул руугаа давхиж очиход л хүссэн бүхэн нь бүтдэг гэх юм. Хар уул руу бэлээс нь өгсөн дунд хэсэгт очиход  бэсрэг сүм, мөргөлийн газартай. Тэнд  гурван  хүслээ бичин шатааваас хүсэл биелдэг гэнэ. Бид ч бас хүслээ бичээд л шатаасан.

Нөгөөтэйгүүр, энд зориуд бичих хэд хэдэн зүйл байна.  Уншигч та нэгэн сэтгэлийн үзүүрт  буяныг санан Хамарын хийдийг зорих аваас хамгийн түрүүнд байгаль орчноо дээдлээрэй. Хамарын хийд хавь л эзэнтэй юм гэсэндээ цэвэр цэмцгэр байснаас биш Хар уулын тухайд элэг эмтэрмээр. Өргөсөн сүүний цаасан сав, архины шил, цаастай чихрийн хогоор гуу жалга, судал нь дүүрсэн байна лээ. Таны өргөсөн сүүн дээр өрөөл бусад  гишгэлэн байх нь сайхан зүйл мөн үү.

Тиймээс хангай дэлхийд нь өргөчихөд л уулын савдаг түүгээр чинь ундаалж л таарна. Цаастай чихрийг шувуу задалж идэж чадахгүйгээс хойш хог л болно шүү дээ. Мөн  мөргөлчид өөрийн хүслийг уулын суга цавьд чулуугаар дүрслэн үлдээсэн байх юм. Зарим нь хашааны газар гуйсан байхад хашаа байшин, гурван давхар  хаус, гарааш, орон сууцны хоёроос дээш өрөө   гээд дандаа л үл хөдлөх хөрөнгө  хүсчээ.  Юу хүсэх нь тухайн хүний асуудал ч байгалийн чулууг оролдож болохгүй байлтай. Чулуу өөрөө хөрсийг хамгаалж байдаг. Чулууг нь авч хөрсийг ил гаргаад байхаар элсний нүүдэл тэнд нүүрлэх нь зүйн хэрэг. 

Бас нэг зүйл бол бие засах газрын асуудал.  Хийд дээр ч ялгаагүй, гэр баазуудын хувьд ч тун хүнд зүйл энэ л байлаа. Хангай дэлхийгээ хүндлээд бие засах газар руу орох гэхээр хэлэх үг олдохгүй нь.  Бохир заваан гэж тамтаг алга.  Сайншандад ганцхан эзэнгүй, үнэгүй зүйл бие засах газар л байна лээ.
 
Үүнийг л шийдчихвэл болоод явчих нь тэр. Дэлхийн энергийн төв мөдхөн дэлхийд данстай болох буй заа.  

 Аяны алтан шар зам тань саадгүй байг.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Чулуунцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж