Хөрөнгө оруулагчаа алдаж болохгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчаа алдаж болохгүй гэжээ

УУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, Тавантолгойн гэрээний төсөлтэй холбогдуулж, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар хэлэлцжээ. Гүйцэтгэх зөвлөлөөс Тавантолгойн ордын 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшиж, 49 хувьд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч хувь эзэмших ёстой гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Харин энэ асуудлыг бүлгээр хэлэлцэх үед зарим гишүүн “Анхны хувилбараасаа гэрээ өөрчлөгдөх болж буй нь хөрөнгө оруулагч нарын хувьд хүлээгээгүй шийдэл болж буух тул энэ асуудалд нухацтай хандах ёстой” гэсэн байр суурь барьсан аж. Түүнчлэн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг намын бүлэг, Засгийн газар дагах ёстой гэсэн байр суурь баримтлах гишүүн ч байжээ.

Эцэст нь, Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын дагуу төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрсэн аж. Ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хамтран байгуулах төдийгүй бүх нам, эвслийн бүлгийн гишүүд багтах ёстой гэж үзсэн байна. Эндээс үзвэл бие даагч гишүүд хүсвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж болох бололтой.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаад Тавантолгойн гэрээний төслийг энэ долоо хоногоос буюу маргааш өдрөөс эхэлж Байнгын хороогоор хэлэлцэж эхлэхээр хуваарьт багтаасан юм. Гэвч ажлын хэсэг байгуулахтай холбоотойгоор маргааш Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж чадахгүй хойшлогдох магадлалтай юм байна.

Тус бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцжээ. Ерөнхий сайдын хувьд гэрээний төсөл өөрчлөгдөж болзошгүй байгаад сэтгэл зовж буйгаа мөн хэлсэн байна.

 

 

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж