УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Д.Ганбат, Ж.Батзандан, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар нар оролцов.
ХЭҮК-ийн 2014 оны илтгэлд дурьдсанаар хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг ноцтойгоор зөрчих, эрүүдэн шүүх, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих асуудал 2013 оныхоос дордсон байна. Үүнийг ХЭҮК-ийн дарга хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ-т нэгтгэснээр хүний эрхийн зөрчил хяналтгүй болж, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүнийг хууль бусаар эрүүдэн шүүх, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих ажиллагаа хавтгайрсан хэмээн дүгнэв. Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гарч байгаа хүний эрхийн эдгээр зөрчлийг арилгах зорилгоор ХЭҮК-ийн зүгээс 2013 онд 20 хуулийн төсөлд, 2014 онд 15 хуулийн төсөлд, 2015 он гарсаар 12 хуулийн төсөлд саналаа өгөөд байгаа ч хууль тогтоогчид маань өөрсдөө санал дүгнэлтийг хэрэгсэхгүй байгааг ч мөн санууллаа.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн хэлснээр Монгол Улсын нэрийг олон улсын өмнө тахалж байгаа ганц газар нь 461 дүгээр хорих анги гэнэ. Энэ жишгээр зарим аймаг дахь цагдан хорих байруудыг ч шинэчилжээ. Харин хорих ангийн нөхцөл байдал сайжирсан ч хуулийн байгууллагын ажилтнуудын ухамсар дорой байдлаас болж хүний эрхийн зөрчил улам хүндэрсээр байгаа гэнэ. Хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьдог, шүүхээс тогтоосон цагдан хорих хугацаа дууссан байтал суллаж явуулдаггүй, эрүү шүүлт хэрэглэдэг явдал бараг хэвийн үзэгдэл болсон бөгөөд ХЭҮК-ийн даргын ширээн дээр өглөөд ирдэг арав гаруй өргөдөл, гомдлын дийлэнхийг энэ талаарх гомдол эзэлдэг байна. Гэтэл ХЭҮК-оос жил бүр гаргадаг энэ талаарх дүгнэлт зөвлөмжийг УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа төдийлөн авч хэлэлцдэггүй. Тиймээс удахгүй УИХ-аар хэлэлцэх Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-оос төлөөллөө оролцуулахыг ХЭК-ийн дарга Хууль зүйн байнгын хорооны даргаас хүсэв.
Гишүүдийн зүгээс “Энэ зөрчлийг арилгах тал дээр шүүх, прокурорын байгууллагатай яаж хамтарч ажилласан бэ?” гэдэг асуулт тавихад комиссийн дарга “ХЭҮК дүгнэлтээ гаргаад, зөвлөмж хүргүүлэхээр прокурорын байгууллага зөрүүлээд хорих ангиудаар шалгалт явуулдаг. Нөгөө шүүхийн шийдвэргүй хоригдсон нөхдүүд дээр нөхөж захирамж гаргаад “Зөрчил гараагүй байна аа” гэж мэдээлдэг. Манай хоёр байгууллагын ялгаа энэ. Та нөхөд прокурорын байгууллагын хийсэн шалгалтын дүгнэлтийг ХЭК-ийн хийсэн шалгалтын дүгнэлттэй харьцуулаад нэг үзээрэй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд, хуулийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд гарсан хүний эрхийн зөрчил хэзээ ч илэрдэггүй. Чих сэртхиймээр /Хорихын өрөөнүүдээр нүцгэн шалдан хэсүүлсэн, буу тулгаж сүрдүүлсэн, буудсан гэх мэт/ аймшигтай хэргүүд гардаг, гомдол гаргаад шалгуулахаар бүгдийг нь нэрээр хэрэгсэхгүй болгодог. Нэг цагдаагийн асуудлаар гомдол гаргахад ёстой юм шиг хажууд нь сууж байгаа цагдаад хэргийг шалгуулахаар цохолт хийчихдэг. Ийм байхад яаж хүний эрхийн зөрчлийг илрүүлэх юм бэ. Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөнг татан буулгасан юм бол үүнийхээ оронд ямар нэгэн бүтцийг яаралтай хуулиараа баталж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.
Дашрамд сануулахад үндэслэлгүйгээр цагдан хоригдсон, хилс хэрэгт гүтгэгдэж удаан хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эрүүл мэндээрээ хохирсон 186 хүний 2,4 тэрбум төгрөгийн нэхэмжлэл Монгол Улсын Засгийн газрын нэр дээр ирээд байгаа аж. Тэдэн дотор хүн амины хэрэгт буруутгагдан 570 хоног цагдан хоригдсон нэг хүнийг гурван шатны шүүхээр гэм буруугүй болохыг нь тогтоожээ. Түүний дараа тэр хилс хэрэгт шалгагдаж, эрх чөлөөгөө хасуулсан болон эрүүл мэндээрээ хохирсны төлбөрт 84 сая төгрөг нэхэмжилсэн байна. Цаашдаа ийм нэхэмжлэл хэдэн саяар тогтохгүй, хэдэн тэрбумаар яригдана шүү. Буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээхгүй. Засгийн газар, Монголын төр л хохирч үлдэнэ гэдгийг ХЭҮК-ийн дарга санууллаа.
Х.Тэмүүжин:
-Би Хууль зүйн сайд байхдаа гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг ямар нэг шалтгаангүйгээр хорих ангиудыг сэлгүүлэн хорьдог, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоодод гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байдлыг таслан зогсоо гэдэг үүрэг өгсөн. Тэгэхэд тухайн үеийн Улсын ерөнхий прокурор “Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад учрууллаа” гэж албан бичиг ирүүлж байсан шүү. Цагдан хорих ажиллагаатай холбоотой тусгайлсан хууль хэрэгтэй. Энд хүний эрхийн зөрчил гэж яригдаж байгаа эдгээр зүйлүүд чинь эцэстээ хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг шүү.
Ц.Нямдорж:
-ХЭҮК хэрэг хийсэн этгээдүүдийн л хүний эрхийг их ярьдаг болж. Цаана нь хохирогч гэж хүн байгаа шүү, тэдний эрхийг яагаад ярьдаггүй юм. Хэрэг хийсэн 200 хүнийг 50-60 хянагч харгалзаад, Ерөнхийлөгчөөсөө өндөр хамгаалалттай, тав тухтай орчинд тарвалзаж байгаа шүү дээ. Хэрэг хийсэн нөхдийг л урт хугацаагаар хорилоо гэж цамнаад байх юм. Би сайд байхдаа хэдэн ширхэг сандал оруулж ирсэн. Шүүх ч үгүй, прокурор ч үгүй, сумандаа ганцаараа байгаа хэсгийн төлөөлөгч нарт өгөх гэж байсан юм. Тэр сандлаар ХЭҮК-ийн нэг хүүхэн бүтэн жил улс төр хийсэн. Тэр сандлыг чинь АНУ-ын сургуулиуд сахилгагүй хүүхдээ хүмүүжүүлэхэд, Англид бол шоронд хэрэглэж байна. Тэр сандлыг тараагүйгээс болоод гэмт хэрэгт шалгагдаж байсан сэжигтэн амиа хорлочихож байна. Одоо хэсгийн төлөөгчийн гэрийг шатаах л үлдлээ гэх мэтчилэн ярив.
Байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүд ХЭҮК-ийг дүгнэлт, зөвлөмж гаргахаас өөр чадваргүй, тэр зөвлөмж нь ч хэрэгждэггүй “шүдгүй арслан” хэмээн нэрлэж, хэрхэн чадавхижуулах талаар санаа оноогоо уралдуулах гэж ч бас үзэв. Харин ХЭҮК-ийн дарга “ХЭҮК бол индикатор. Бид зөвхөн онош л тавих үүрэгтэй. Энд ийм зөрчил байна, тэрийгээ тэгж засч залруул гэдэг зөвлөмжөө өгдөг. Харин үүнийг ажил хэрэг болгож, хууль тогтоомждоо суулгах нь УИХ-ын үйл ажиллагаа” гэдгийг ч бас сануулаад амжсан.
Эцэст нь ХЭҮК-ийн 2014 оны илтгэлийн талаарх гишүүдийн саналыг сонсоход УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны чиг үүргийг “хэрэг хянан шийдвэрлэх явцад саад учруулсан гэмт хэргийг шалгах” гэдэг хүрээнд нь дахин сэргээх, цаашдаа энэ байгууллагыг ямар байдлаар хаана харьяалуулах вэ гэдгийг нухацтай хэлэлцэх ёстой юм байна.
-Мөрдөн байцаалтын шүүхээ байгуулах цаг болжээ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт гэж явсаар эцэстээ ганцхан шүүх хурал хийж байгаа тохиолдолд “энд чиний хүн амины хэрэг үйлдсэн эсэх тухай яригдаж байхад цагдаа чамайг эрүүдсэн эсэх хамаагүй” гэдэг байдлаар асуудалд хандаж, хүний эрхийн асуудал хаягдаж, хуулийн байгууллагын эрх дарх хэрээс хэтрээд байна.
-Цагдаагийн байгууллагын хүн хүч, техник хэсэгслийг сайжруулах шаардлагатай. Өмнө нь Ц.Нямдорж сайд байхдаа тогтоол гаргаад хэрэгжүүлээгүй үлдчихсэн нэг зүйл бий. Цагдаагийн байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд одоо байгаа бүрэлдэхүүнийг дор хаяж 1300-аар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж. Би сайд болоод түүнийг нь хэрэгжүүлсэн. Ингэхдээ төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй гэсэн Засгийн газрын байр суурь байсан учраас дотоод нөөц бололцоогоо ашиглаад Дотоодын цэргийг татан буулгаж, цагдаагийн бие бүрэлдэхүүнд шилжүүлсэн. Гэтэл одоогийн сайд хэзээ ашиглах нь тодорхойгүй Дотоодын цэргийг дахиад байгуулах тухай ярьж байна. Ийм юм байж таарахгүй. Хэрвээ төсвийн хүчин чадал, хүний нөөц байгаа бол цагдаагийн байгууллагаа л чадавхижуулах хэрэгтэй” гэдэг санал хэлснээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Харин “яргын” сандлын тухайд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг гэмт хэрэгтэнтэй адил үзэж яллаж болохгүй. Гэм буруу нь тогтоогдоод ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд ялын болон хариуцлагын хэрэгсэл байж болох юм. Хэрвээ цагдаагийн кубоноо барихдаа баривчлагдсан этгээдийг саатуулах өрөөг нь журам, стандартын дагуу хийгээд өгчих юм бол Ц.Нямдорж гишүүний яриад байгаа “яргын” сандлын хэрэг байхгүй шүү дээ гэсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаас ХЭҮК-ийн 2014 илтгэлийн талаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэрэлцүүлэхээр шийдвэрлэв.
С.ОТГОН