Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
Гишүүдийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилт тааруу гэж дүгнэсэн юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ийм хариуцлагагүй байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж болохгүй. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт эргэлзэж байна. С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм зүйл хийчихээд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хуваарилах талаар ярьмаар байгаа юм. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй. Засгийн газар асуудлаа түс тас ярьчихдаг юм. Гэтэл энд хуралдаа цугласан ч юм алга. Тэгээд жижүүрийн юм яриад сууж байдаг. Мөрийн хөтөлбөрийг УИХ дээр тусгайлан ярих ёстой. Хүмүүс энэ мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд тойрч суугаад мөрөөдлийнхөө жагсаалтыг биччихдэг гэж ойлгодог. Зарим нь хэрэгждэг. Зарим нь хэрэгжихгүй үлддэг гэж шүүмжилдэг. Би АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр бол маш сайн боловсрогдсон, ард иргэдээр хэлэлцүүлсэн хөтөлбөр. Мөн Засгийн газарт хамтарсан намуудын мөрийн хөтөлбөрийн гол зүйлүүдийг тусгасан амьдралд хэрэгжихүйц хөтөлбөр юм. Тиймээс өнгөрсөн хоёр жил уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд чардайж ажилласан. Гэтэл Эрүүл чийрэг хүн 42,4 хувьтай гэх мэтийн юм яриад сууж байх юм. Энэ мөрийн хөтөлбөр АН-ын ард түмнээрээ хэлэлцүүлсэн санааг суурь болгоод “Шударга ёс” эвслийн Эрдэс баялагтай холбоотой санаануудыг шингээсэн, ИЗНН-ын байгаль хамгааллын нарийн бодлогуудыг тусгасан юм. Өнөөдөр Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир. Хүний асуудал их чухал” гэлээ.
С.ОТГОН