нефть импортлогчдын зарим нь өнөөдрөөс эхлэн шатахууны үнээ 50
төгрөгөөр нэмлээ. Өчигдөр нэг литр нь 1350 төгрөг байсан АИ-92 бензинийг
одоогийн байдлаар зарим ШТС-уудад 1400 төгрөгөөр худалдаалж байна.
Автобензины үнийн өсөлтийг импортлогчид шатахууны хомсдолтой холбон
тайлбарлаж буй.
Дөнгөж сая бид БЗД дэх КТМС-ийн урд байрлах “Шунхлай” компанийн
ШТС-д очиход АИ-92 бензиний үнээ 50 төгрөгөөр нэмж, 1400 төгрөгөөр
борлуулж байв. Түгээгчийн хэлснээр өнөөдөр үдээс хойш ийнхүү үнээ нэмсэн
байна. Түүнчлэн “Жаст Ойл” ШТС-ууд мөн бензин болон дизелийн үнээ 50-60
төгрөгөөр нэмээд байна. Тодруулбал, тус компанийн ШТС-д АИ-80 бензин
1190 төгрөгийн үнэтэй байсан бол 60 төгрөгөөр нэмж 1250 төгрөгөөр
худалдаалж байна. Түүнчлэн АИ-92 бензин 1400, АИ-95 бензин 1470
төгрөгийн үнэтэй байгаа бол “Жаст Ойл” ШТС 1590 төгрөгийн үнээр зарж
байсан дизель түлшний үнээ нэмж, 1650 төгрөг болгоод байна.
Харин БЗД-т байрлах “Сод Монгол” /Мянган оюутны байрны хажуугийн/,
“Магнай трейд” /”Их засаг” их сургуулийн ойролцоох/ ШТС-ууд бензиний
үнээ нэмээгүй, АИ-92 бензинийг 1350 төгрөгөөр борлуулж байна. “Магнай
трейд”-ийн дээрх салбарт бензиний нөөц дууссан, удахгүй сэлбэнэ гэж
байлаа. "Петровис"-ын ШТС-ууд мөн хуучин үнээр шатахуунаа борлуулж байв.
Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны удирдлагууд энэ талаар
ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын
29-нд импортлогчид бүх төрлийн шатахууныхаа үнийг 80 төгрөгөөр нэмэхэд,
Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас импортлогчидтой хэлэлцээр хийсний
дүнд тавдугаар сарын 6-нд шатахууны үнийг 30 төгрөгөөр бууруулж байсан
билээ.