Дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжүүлсэн “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчаар ажиллаж асан Б.Сандагцэрмаатай ярилцлаа.
-Иргэний оролцооны тал дээр ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
Сүүлийн жилүүдэд орон нутгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо нэмэгдэж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхи санаачлага нь нэмэгдэж, бодлого шийдвэрт саналаа тусгах зэрэг ололттой талууд бий болсон. Иргэдийн оролцоотой үйл ажиллагааг зохион байгуулснаар төр иргэний хамтын ажиллагаа сайжирч, орон нутгийн бодлого, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн нөлөөтэй болсон. Иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг арга хэмжээнд тогтмол оролцдог, бусдыгаа уриалдаг идэвхитэй иргэд цөөнгүй болсон. Хувиараа бизнес эрхлэгч И.Нэмэхбаяр, өндөр настан Цэнджав, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Эрдэнэсүх, малчин Э.Шинэхүү зэрэг олон хүнийг нэрлэж болно. Иргэд оролцсоноор бий болдог эерэг нөхцөл байдлыг ойлгуулснаар иргэний илүү чөлөөтэй оролцоог хангаж чадсан нь хэлэлцүүлэг, сургалтаас харагдаж байна. Өмнөхтэй харьцуулахад иргэдийн оролцоо 60 илүү давсан хувьтай байгаа.
-Иргэдийн онооны картын аргачлалаар төрийн үйлчилгээг үнэлэх талаар ярина уу.
-Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүртээмжийг үнэлэх нийгмийн хариуцлагын нэг арга. “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн үйл ажиллагааг иргэдийн онооны картын аргачлалаар үнэлсэн. Сайн дурын ажлын хэсэг байгуулж 3 сарын хугацаанд 5 зорилтот бүлгийн 151 иргэнийг хэлэлцүүлэгт хамруулсан. Тэд тулгамдаж буй 180 гаруй асуудлыг хөндөж, эн тэргүүнд шаардлагатай 4 асуудлыг сонгосон байсан. Ажлыг шийдвэрлэх өөрсдийн боломжоо тодорхойлж, удирдах түвшинд зарим асуудлаа танилцуулснаар хүүхдийн суралцах орчныг тохижуулахад ОНХС-ийн дэмжлэгийг авахаар болсон. Улмаар төрийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагаа өргөжиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийн үзүүлэлт сайжрахын сацуу нийгмийн хариуцлага нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Үүний дараа Нэг Цонхны Үйлчилгээний Төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжинд үнэлгээ хийсэн. Онооны картын аргачлалаар үнэлэх нь маш чухал гэж үзээд сумынхаа төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагууд дээр энэ аргыг хэрэглэхээр төлөвлөөд байгаа.
-“Хамтдаа шийдье-333” хөтөлбөрийн тухайд …
-“Хамтдаа шийдье-333” арга хэмжээ нь иргэдийг мэдээллээр хангах, тулгамдсан асуудлыг хамтарч шийдэх боломжийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Арга хэмжээг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагийн 15 цагт иргэний танхимд зохион байгуулдаг. 2014 онд 60 удаа сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 10000 орчим иргэн оролцсон бол 2015 оны эхний улиралд 4 удаагийн хэлэлцүүлэгт 110 иргэн хамрагдсан. “Хамтдаа шийдье-333” нь иргэдийн хүлээдэг, идэвхийг өрнүүлсэн манай “брэнд” арга хэмжээ болоод байгаа юм.
-Залуучуусын оролцоо хэр нэмэгдэж байна?
-“Хамтдаа шийдье-333” хэлэлцүүлгээс залуучуудыг идэвхижүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх саналыг дэмжсэн. 2014 оны 12 сард сумын залуу мэргэжилтний уулзалт болж 1-5 жил ажиллаж байгаа 85 залуус оролцсон. Залуучууд тулгамдсан асуудлуудаа тодорхойлж, хамтарч шийдвэрлэх боломж, төрөөс хүсэх дэмжлэгийг хэлэлцэн, уриалга гаргасан. Ажил идэвхитэй хайгч залуучуудын “Хөдөлмөр хөгжлийн үндэс” уулзалтыг 2015 оны 1 сард зохион байгуулж, 140 ажил хайгч залуучуудыг хамруулан, ажилд зуучлах, шинээр бизнэс эрхлэхэд гол тудгамддаг асуудал болон бизнэсээ хэрхэн эхлүүлэх, бэрхшээлийг даван туулах гарцын талаар сургалт хийсэн.
-Танай сум иргэдэд мэдээлэл хүргэх дээр нилээн сайн ажиллаж ирсэн. Сүүн цагаан – Сайнцагаан” сонин олны танил болоод байгаа.
-ЗДТГ 2013 оны 1 сараас эхлэн “Сүүн цагаан-Сайнцагаан” сониныг сар бүр гаргаж байна. Сумын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд, сум хөгжүүлэх сан, ОНХС-ийн хөрөнгийн зарцуулалт, төсвийн мэдээлэл, багууд, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэж байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-үүд хамтран ажиллаж, үйл ажиллагааны мэдээллээ нийтлүүлэх санал тавьснаар сонины нийтлэлийн чанар, мэдээллийн цар хүрээ өргөжиж, төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн тоо өсөж байна.
-Танай бас нэг брэнд бол “Явуулын иргэний танхим” …
-Төрийн үйлчилгээг малчин иргэдэд ойртуулах, тэдэнтэй мэдээ, мэдээлэл солилцох, малчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд “Явуулын иргэний танхим”-тай болсон. Азийн сангийн дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг бүрдүүлж, малчдын хотонд уулзалт, ярилцлага, хурал зохион байгуулах, төрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Одоогийн байдлаар 4 багийн нутгаар нийт 4 удаа 2000 гаруй км зам туулж, 554 малчин өрхөд хүрч ажиллаад байна. Төв аймгийн Зуун мод хотод болсон “Шууд ардчилал” сургалтанд манай 8 төлөөлөгч оролцож, “Явуулын иргэний танхим”-ын үзүүлэх сургалтыг зохион байгуулсан.
-“Иргэний танхим” гэдэг үг хэдийнээ иргэдийн танил болоод байгаа …
-Иргэний танхимаа бид 2013 онд байгуулсан, иргэд ирж санал бодлоо ярьдаг, солилцдог, мэдээлэл авдаг, хүмүүсийн цуглаж уулзах дуртай, үнэхээр хэрэгтэй газар болж чадсан. Бид хэлэлцүүлгүүдийг эндээ зохион байгуулдаг, олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж, амжилттай хэрэгжиж байна. 2013-2015 онд давхардсан тоогоор 10200 иргэн үйлчлүүлээд байна. Аймаг, нийслэлийн байгууллагуудтай ч хамтран энд хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулан ажилладаг. Иргэдийн сэтгэл санаанд нийцсэн, тэдний дуу хоолойг сонсож, санаа бодлыг нь баг, аймгийн удирдлагад хүргэж ажиллаж байгаа болохоор иргэд ч энд ирэх идэвхи нь нэмэгдсэн. Цаашид ч бид оролцоог улам илүү нэмэгдүүлэхийн тулд хичээн ажиллах болно. Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хамгаас чухал болохыг Сайнцагааныхан сайн ойлгож авсан шүү!
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны болон танай сумынхны ажил үйлсэд амжилт хүсье!
Р.ДАВАА