Үндэсний залуучуудын зөвлөл 339 гишүүнтэй

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Үндэсний залуучуудын зөвлөл 339 гишүүнтэй

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдсан.

Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс Дэд Ерөнхийлөгчид 62 хүн, Хорооны дарга тэргүүлэгчид 93 хүн, чөлөөт бус суудлын 143 хүн, чөлөөт суудалд 268 хүн өрсөлджээ. Чөлөөт бус суудалд нэр дэвшигчид нь 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын холбоо, асуудал эрхэлсэн байнгын хороо, тусгай салбар холбоо, сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын тэргүүнүүд байх бөгөөд дээрх 226 нэр дэвшигч автоматаар сонгогдоно гэсэн үг. Харин чөлөөт суудалд дээрх 361 нэр дэвшигчээс 113 нь энэхүү суудалд суух эрхтэй боллоо.

ҮЗЗ-ийн сонгуульд нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт нь ажлын туршлага, эссэ бичих, дэнчингийн мөнгө болох 240 мянган төгрөгийг дансанд байршуулах зэрэг шалгуурыг тавьсан. Тиймдээ ч Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай нягт танилцаж, ажлын туршлага болон эссэгээ хэрхэн бичсэн эсэхэд анхаарал хандуулж ажиллажээ. Ийнхүү тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг Сонгуулийн хороо ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанд оруулж, ҮЗЗ-ийн гишүүнээр сонгон батламжлахаар болжээ.

ҮЗЗ нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах, залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том нэгдэл байх юм. Өнөөдөр тус зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаан 09.00 цагаас эхэлсэн бөгөөд гишүүд нь идэвхтэй оролцож байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж