Балбад учирсан газар хөдлөлтийн гамшигт амь үрэгдэгсдийн тоо 4000-д хүрчээ. Гамшгийн дараах дараах аврах ажиллагаанд цагдаа, цэргийн хүчин бараг бүрэлдэхүүнээрээ дайчлагдсан байна. Балбын армийн 90 хувь нь буюу 10 цэрэг тутмын ес нь аврах, тусламжийн ажиллагаанд дайчлагдсан аж.
Балба даяар даваа гаригт /IV.27/ хэд хэдэн удаа газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгджээ. Айж сандарсан хүмүүс гэртээ харилгүй гурав дахь өдрөө майханд хоноглосон байна. Гэвч хүмүүс нэг дор олноороо цугларснаас эрчим хүч, хүнс, ундны усны хомсдол үүссэн бөгөөд халдварт өвчин тархах аюул нүүрлэжээ.
Хүчтэй газар хөдлөлтийн үеэр уулархаг бүс нутгийн 1000 орчим оршин суугчтай тосгон бүхэлдээ хад, чулуунд дарагдсан тухай “Дэлхийн зөн” байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн голомтод орших Горха дүүргийн байшин барилгын 70 хувь нь нурж, сүйдсэн бөгөөд 7000 хүн гэмтэж бэртжээ.
Үүний зэрэгцээ Эверестэд боогдсон 200 орчим уулчинг аврах ажил үргэлжилж байна. Эверестийн өндөрт нисдэг тэргээр нисэх нь эрсдэлтэй тул уулчдыг хоёр, хоёроор нь зөөвөрлөн буулгаж байгаа аж. Аврагчид даваа гаригт /IV.27/ 60 уулчинг эсэн мэнд уулнаас буулгасан байна. Газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранги үүсч, 18 уулчин амь үрэгдсэн юм.
Балба улс гамшгийн дараах урт хугацааны бүтээн байгуулалтанд ДНБ-ынхээ 20 хувьтай тэнцэх мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг АНУ-ын “IHS” байгууллага тооцоолжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС