Өнөөдрийн байдлаар телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээр хүлээн авч үзэж байгаа 170 гаруй мянган өрх бий. Өөрөөр хэлбэл, ямар нэг Дидиш, Юнивишн зэрэг кабелийн үйлчилгээ авдаггүй, зөвхөн сэрээн антеннаар телевизор үздэг 170 мянган өрх бий гэсэн үг. Тэгвэл ирэх аравдугаар сар гэхэд эдгээр 170 мянган өрхийг тоон системд бүрэн шилжүүлэхийн тулд хувиргагч төхөөрөмжийг олгох учиртай. Гэвч эдгээр 170 мянган өрхөөс өнөөдрийн байдлаар дөнгөж 4500 гаруй нь л тоон системийн хувиргагч төхөөрөмжөө авчээ. Энэ нь нийт өрхийн дөнгөж гурав орчим хувь нь тоон системийн телевиз үзэх боломжтой болсон гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Хэнтий, Багануур, Дорнод, Дорноговь аймгийн хэрэглэгчид тоон системийн хувиргагч төхөөрөмжийг ихээр авч байгаа юм. Харин Дундговь аймгийн хувьд худалдан авалт тааруу байгаа аж. 21 аймаг, суманд тоон системийн станцын суурилуулалт, бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэж байна. Ингээд ирэх аравдугаар сар гэхэд манай улс аналоги системийг бүрэн унтраах юм. Энэ үед л телевизор нь гарахаа больсон цагт иргэд хувиргагч төхөөрөмж авахаар шуурцгаана. Тиймээс иргэдийн гэнэтийн эрэлтийг хангах хэмжээний нөөцтэй ажиллахыг байгууллагуудад үүрэг болгожээ.
Энд дуулгахад, иргэд тоон системд хувиргагч төхөөрөмжийг 50-65 мянган төгрөгөөр худалдан авна. Худалдаалах цэгүүд нь Радио телевизийн сүлжээ компани, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа гэнэ.
Б.ЗОЛ