Ж.Батзандан: Төрийн өндөрлөгүүдийг ч авлигадсан байна

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Төрийн өндөрлөгүүдийг ч авлигадсан байна

Энэ долоо хоног цаашлаад ч багагүй хугацаанд нийт Монголчууд, улстөрчид Тавантолгойгоор талцан улстөржиж, хэрүүл тэмцэл даамжрах нь тодорхой болж байна. “Тавантолгойд Монголын ард түмэн 1072 хувьцаа эзэмшиж, ирээдүй нь баталгаатай болсон” хэмээн эрх баригчид, улстөрийн намууд сонгууль болгоны өмнө хөхөө шиг донгоддог байсан нь өнөөдөр “Мянгуужингийн үлгэр” болж түүнийг нь Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-ынхан “Тавантолгойд хувьцаа эзэмшдэг ганц ч Монгол байхгүй хэмээн шулуухан дайрч эхлэв. Товчхондоо Тавантолгойн 1072 хувьцаа гэгч нь Монголын улстөрчдийн молигдож дуусдаггүй хоосон амлалт, бүтэшгүй мөрөөдөл байсан нь ийнхүү үнэнд гүйцэгдэж эхлэв бололтой. Гэхдээ гудамжнаас УИХ-д заларсан “Монгол хүний төлөө” тэмцэгчид Тавантолгойг тийм ч амархан Оюутолгойн араас алдахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсээр байна. Тэд Тавантолгойн асуудлаар дараах байр суурин дээр хатуу зогсохоо мэдэгдэв.

 

 

-Монголчууд Тавантолгойд хувьцаа эзэмшиж байгаа юм уу, үгүй юу?

 

-Энд эргэлзэх зүйл байхгүй. Монголын 2.1 сая иргэн, 553 аж ахуйн нэгж Тавантолгойд хувьцаа эзэмшиж байгаа. Энэ сарын 29-нд “Эрдэнэс Тавантогой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Уг хуралд дээрх хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох боломжгүй гэж байна. Тиймээс энэ сарын 30 буюу пүрэв гаригт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, хувьцааны асуудлаар иргэдийн саналыг сонсох болно.

 

-Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгойг аль болох хурдан эдийн засгийн эргэлтэд оруулж байж өнөөдрийн хүндрэлээс гарна гээд байгаа?

 

-Эдийн засаг хүнд байна гэдэг нь эх орноо гаднынханд үнэгүй худалдана гэсэн үг биш. Ард иргэдээсээ асуухгүйгээр авлигачид дураараа дургиж, дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш юм. “Чоно борооноор” гэдэг шиг эдийн засгийн хүндрэлтэй байдлыг далимдуулж, Монголын баялгийг гадныхантай хамтарч идэж, уух гэсэн улстөрчдийн шунал хэрээс хэтэрч байна.

 

Ер нь Монголд улс төрийн нам байхгүй болсныг хоёр жил гаруй парламентад суухдаа харлаа. 20 гаруй жил Монголын парламентад суусан олигархи бүлэглэл дээр суурилсан хэсэг бүлэг этгээд Монголын төрөөр тоглосоор ирлээ. Цаашид ч тоглох юм байна. Ийм учраас улс төрийн нам байгаа гэсэн хонгор итгэлээ орхих хэрэгтэй. Авлигын тогтолцоо аалзны тор шиг Монголыг хэржээ. Энэ заваан тогтолцоог өөрчлөх, ардчилал, эрх чөлөө, иргэний нийгмийг бодит утгаар нь хэрэгжүүлэхийн тулд шуналтай хүмүүсийг нөгөө талд нь гаргаж, цэвэршүүлэх хэрэгтэй. Ингэж байж Монголын төр цэвэршинэ гэж би харж байна.

 

Намынхандаа ч энэ талаар тодорхой хэлж байгаа. Олигархи нөхдөөсөө татгалзах хэрэгтэй. “Оюутолгой", “Тавантолгой”-н асуудал маш хүндрэлтэй шатандаа явж байна. Социализмын үед бидний өвөг дээдэс Оросуудтай хамтран 100 сая ам.доллараар хайгуулыг нь хийж, 6.3 тэрбум тонн орд байгааг нь тогтоосон. Үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь нь кокс нүүрс. Нүүрсний нөөц нь 500-700 метрийн зайд байгаа. Дэлхий дээр хамгийн амархан, хөнгөн нөхцөлөөр олборлох бололцоотой, ийм том орд өөр байхгүй шахуу. Гэтэл ийм том баялгийг нэг тонныг нь 30 ам.доллараар Хятадын компанид өгөх гээд Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй компани. Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна. Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь.

 

-Бидний нөгөө алдартай 1072 хувьцаа юу болсон юм бол?

 

-Монголчуудын Тавантолгойд эзэмшдэг гэх 1072 хувьцааны асуудал маш бүрхэг болж байна. Монголчуудын өмчийг иргэдээсээ асуухгүй Хятадын компанид өгөх тохиролцоог энэ Засгийн газар хийгээд сууцгааж байна. Шийдлийн Засгийн газар “Иргэдийн 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа’’ гэсэн шийдвэр гаргачихсан байна. Товчхондоо иргэдийнхээ өмчийг гадныханд бэлэглэх гээд тулгалт хийж эхэллээ. Бид үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй.

 

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэх чухал хуулийн төслүүдийг өргөн барьж шаардлагатай арга хэмжээг авна хэмээн шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш. Социализмын үед Оросуудын хийсэн судалгаанаас гадна Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоосон.

 

-Ер нь Тавантолгойн орд маань эдийн засгийн үнэлгээгээрээ аль хэр ханштай орд юм бэ дээ?

 

-Зөвхөн Оросуудын тогтоосноор буюу 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 доллараар бодоход 180 тэрбум долларын хөрөнгө Тавантолгойн ордын доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг тууштай тэмцэх болно.

 

-Урьд нь Засгийн газрын тогтоол гарч Тавантолгойд эзэмших хувьцааны тоо хэмжээ гарч байсан санагдах юм?

 

-Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж зарласан байдаг. Түүний 2.1 тэрбум ширхэг хувьцааг 2.1 сая иргэдийн нэр дээр бүртгэсэн. Мөн 550 гаруй аж ахуйн нэгж 8497 мянган хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд нийт хувьцааны 15 хувь нь хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байгаа. Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан байна.

 

Гэтэл 2.1 сая иргэд саналын эрхгүй гэдэг үндэслэлээр хуралд оролцохгүй болж байна. Үндсэн хуулийн 5.25.3 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийг эрх хэмжээний хэлцэлд оруулах ёстой. Тиймээс 2.1 сая иргэн бүгд оролцох боломжгүй нөхцөлд төлөөллийн байгууллагыг хуралд оролцуулах ёстой. Бид энэ талаар ард иргэдээс санаа бодлыг нь сонсож, тууштай тэмцэх болно.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж