Гуо Ган: Хөрөнгө оруулагчид сайн төсөл хайж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Гуо Ган: Хөрөнгө оруулагчид сайн төсөл хайж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Замын Үүд чөлөөт бүс хөрөнгө оруулагчдын 2015 чуулган” болж, гадаад, дотоодын 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон тухай мэдээллийг өмнө хүргэсэн. Энэ үеэр Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны танхимын орлогч дарга Гуо Ганаас дараах тодруулгыг хийлээ.

-Чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс хууль эрх зүйн орчноо шинэчилсэн. Хэр таатай боломж бүрдсэн гэж үзэж байна вэ. Ер нь чөлөөт бүсийг хөгжүүлэхэд Монголын тал юун дээр анхаармаар санагдав?

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөгжил нь дангаараа Монголын асуудал биш, Өвөр монголын өөртөө засах орон болон Хятадын тодорхой хэмжээний хот, бүсийн хөгжилтэй шууд холбоотой. Энэ удаад би Өвөрмонголын болон Хятадын хөрөнгө оруулагчдыг дагуулж ирсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд нэгдүгээрт, мэдээллээр 100 хувь хангагдаж чадахгүй байна. Жишээ нь, чөлөөт бүсийн газрын үнэ яаж тогтох вэ, газрыг яаж эзэмших вэ, ямар чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх вэ гээд маш олон асуулт гарч ирж байгаа. Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсийн газрын үнэлгээг тогтооно гэх мэдээллийг авлаа.

Миний хувьд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятад, Монголын Засгийн газар тусгайлан хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллах нь илүү үр дүнтэй байх болно гэж харж байна. Ялангуяа орон нутгийн хувьд Эрээн хот, Замын-Үүд хамтраад нэг зорилготойгоор хамтраад ажиллавал үр дүнтэй.

УИХ-аас өнгөрсөн өвөл баталсан Чөлөөт бүсийн хууль маш сайн хууль гэж хэлмээр байна. Үүн дотроо хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай тусгайлан зааж өгсөн нь, өөрөө хөгжиж байгаа бүс олон улсын давуу талыг хамтран ашиглах боломж олгосноороо онцлог ач холбогдолтой.

-Газар эзэмших дөрвөн сонголтыг санал болгож байна?

-Газрын үнийн хувьд янз бүрийн нөхцөл шаарддаг. Зарим компани газар эзэмших хугацаанд анхаардаг бол зарим компани газрынх нь төлбөрт их анхаардаг. Миний хувьд Монгол Улсын Засгийн газраас шийдсэний дагуу компани өөрөө сонголт хийж болно гэж бодож байна.

-Хятадын бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулах сонирхол байгаа юу. Монгол Улс гарцаа нээхийн тулд цаашдаа яах ёстой вэ?

-Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ бодлогоор хятадын иргэд гадаад руу хөрөнгө оруулахад маш хялбар болсон. Хуучин банк, санхүү гээд олон байгууллагаас зөвшөөрөл хүсдэг байсан. Шинэ бодлогын дүнд илүү хялбархан гадагшаа гарч чадна. Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд байгаа ч бизнес эрхлэх таатай боломжийг олгоод байна. Гэхдээ хоёр чиглэлээр анхаарах ёстой. Эхнийх нь хууль зүйн хувьд хоёр улс суугаад сайн тогтох ёстой. Дан, дангаараа хуулийн баримжаа бариад хэцүү. Хоёрдугаарт, аль нэг нь дангаараа хөгжихөд хэцүү гэдгийг ойлгож байгаа учраас хөрөнгө оруулагчдын хувьд хамтраад уулзах. Өнөөдөр бид Аж үйлдвэрийн сайдтай уулзаад зарим аж үйлдвэрийг Монголд байгуулсан бол Хятадын талтай давхар хийхгүй шүү гэсэн ойлголцолд хүрсэн. Яагаад гэвэл та машины үйлдвэр байгуулж, чи бас машины үйлдвэр байгуул гэвэл зах зээлээ л булаацалдана шүү дээ. Дээр нь Эрээн, Замын-Үүд хоёрыг уялдуулан хөгжүүлэх нь чухал.

-Замын-Үүд чөлөөт бүсэд танай бизнес эрхлэгчид хөрөнгө оруулахад сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн байгаа бол. Хатуу ширүүн уур амьсгалаас халшраад байна уу гэх бодол төрлөө?

-Аж ахуйн нэгжүүдэд мөнгө байгаа учраас сайн төслүүдийг хайж байна. Тийм учраас Замын-Үүд чөлөөт бүсийг бизнес эрхлэгчдэд сайн танилцуулаад үнэхээр сайхан нөхцөл бий болговол хөрөнгө оруулалт орж ирнэ. Хууль эрх зүйн орчин болоод бусад асуудлыг сонирхож байгаа бизнес эрхлэгч маш олон бий. Тэд бүгд утсаар байнга ярьдаг. Эндээс харвал хөрөнгө оруулах сонирхол их байна. Гол нь хөрөнгөө яаж оруулах вэ, оруулчихсаны дараа хууль эрх зүйн орчин нь тогтвортой байж чадах уу, үгүй юу гээд олон асуудалд эргэлзээ төрж байгаа.

Хоёрдугаарт газар нутгийн хувьд байршлын хувьд, цаг агаарын нөхцөл байдлын хувьд үнэхээр хүнд. Хавар шороо их босдог, шуурга ихтэй, бороо ордоггүй. Анхны үед нэлээн сандарч магадгүй, дасахгүй байж магадгүй. Энэ тал дээр санаа их зовж байна. Дараа, дараагийн хөрөнгө оруулагчдын хувьд байдал гайгүй болох байх.

-Монголын Засгийн газрын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулж байгаагийн цаад зорилго нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хөрөнгө оруулагчийг хайж байна. Танай хөрөнгө оруулагчид дунд Монголын энэ сонирхлыг хангахуйц хөрөнгө оруулагч байна уу?

-Хятад, Монголын хоёр улсын компани хоорондоо хийх ёстой юм бол хамтраад юм бүтээх, хамтраад экспорт хийх ёстой. Түүнээс биш миний барааг танд зарна, таны барааг би авна гэж зөвхөн бид хоёр шууд харьцдаг цаг биш болсон. Одоогийн шинэ үеийн хамгийн их сонирхож байгаа төсөл бол энд үйлдвэр бариад Европын холбооны улс руу, Америк руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой. Тийм ч учраас манай Хятадын тал ч бүрэн зөвшөөрч байгаа, нийцэж байгаа. Гол нь бид экспортод голлон хөрөнгө оруулмаар байна. Тэрнээс биш Замын-Үүдийг хангах юм уу, Улаанбаатарыг хангах гэдэг юм уу тэр чиглэлээр ховор байх.

-Аль салбарт түлхүү хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?

-Одоогоор нарийвчлан яриагүй байна. Гэвч миний бодлоор хоёр чиглэлээр голлох байх. Нэгдүгээрт, цахилгаан эрчим хүч, ус бага хэрэглэдэг үйлдвэр хэрэгтэй. Нөхцөл байдал үүнийг шаардаж байгаа. Хоёрдугаарт өндөр технологиор голлох Энгийн бараа энд үйлдвэрлээд давуу тал үүсэхгүй, яагаад гэвэл зах зээл хол учраас. Өндөр технологи болон эко цэвэр бүтээгдэхүүн байвал ирээдүй сайхан болно.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж