Монгол Улсад 2016 онд АСЕМ-ийн уулзалт болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монголын зочид буудлын холбоо, Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ. АСЕМ-ийн зочид төлөөлөгчдийг хүлээн авахад нийт 43 зочид буудал ажиллах юм байна. Эдгээр буудалд 3586 өрөө, 5379 ор байхаас Ерөнхийлөгчийн 37 өрөө улс орны төрийн тэргүүнүүдэд үйлчлэх гэнэ. Түүнчлэн 2016 онд багтан ашиглалтад орох хэд хэдэн зочид буудал байгаа аж. Эдгээр 43 буудлаас нэг одтой нэг, хоёр одтой гурав, гурван одтой 11, дөрвөн одтой дөрөв, таван одтой гурван зочид буудал байна.
Эдгээр зочид буудлаас хөрөнгө оруулалт шаардлагатай 34 зочид буудал байгаа бөгөөд нийтдээ 197 тэрбум 384 сая төгрөг шаардлагатэй гэх тооцоо гарчээ. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
-Зочид буудлуудад санхүүгийн дэмжлэгийг ямар журмаар үзүүлэх вэ?
-Хөнгөлөлттэй зээлийг 3-5 жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй зээл олгоно. Нэг зочид буудалд дээд тал нь 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм. Энэ мөнгийг ор дэр, цагаан хэрэглэл, аяга таваг, гадна харуул хамгаалалт, тохижилт зэрэгт зарцуулна. Энэ мөнгийг зочид буудлууд зүгээр авахгүй. Эргээд арилжааны банкиндаа төлнө. Ирэх долоо хоногт асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад зээл өгөх журмаа батална, холбогдох газруудтай ажиллана. Үүний дараа Сангийн яам, Төрийн банкаар дамжуулан зээлийг олгоно. Үүнээс гадна зочид буудлын ажилтнуудад зориулсан сургалтыг вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулахад төр дэмжлэг үзүүлнэ. Энэ сургалтыг олон улсаас мэргэжлийн тогооч, менежерүүр ирж явуулна.
-Харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн шийдэх вэ?
-АСЕМ-ийг зохион байгуулах хүрээнд зургаан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хотын дарга Э.Бат-Үүлтэй энэ талаар ярилцсан. Зочид буудлуудад орох гарах гарц зэргийг шалгаж байна. Энэ ажилд Төрийн тусгай албан хаагчид бас оролцоно. Аюулгүй байдлыг хангахад төрийн бүх байгууллагууд оролцож байгаа.
С.ОТГОН