-Тавантолгойн ордын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр асар их-
Монголчуудыг тэжээх хоёр толгойн нэг бол яах аргагүй Тавантолгойн нүүрсний орд. 2010 онд Цанхийн зүүн уурхай, 2013 онд Баруун цанхийн уурхайг нээснээр энэ ордыг ашиглах ажил эхэлсэн түүхтэй. 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Зүүн цанхийн уурхайд долоон сая тонн нүүрс олборлож, 26 сая куб.м хөрс хуулаад байгаа. Харин Баруун цанхиас нь 6.2 сая тонн нүүрс олборлож, 20.5 сая куб.м хөрс хуулалтын ажил хийгджээ. Төр солигдох бүрт захирал, ТУЗ-ийн гишүүд нь өөрчлөгддөг, муу бүхний түрүүнд л энэ ордыг шүүмжилж, өө эрдэг ч Тавантолгойн ордын хувь заяа Монгол Улсын эдийн засагт яах аргагүй жин дарсаар ирсэн.
Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд эрх баригч нам орд газраа барьцаалан зээл авч, халамж хэлбэрээр түгээсэн гашуун түүх ч энэ ордтой цуг яригддаг. Сайд дарга, хүргэчүүлтэйгээ нийлэн мөнгө угаах талбар болгохыг санаархсан жишээ ч саяхных. Тавантолгойн ордыг төрийн өндөрлөгт суугаа эрх мэдэлтэн, албан тушаалтнууд бүгд л шуналын нүдээр хардаг. Ашиглах аргагүй дугуй, сэлбэг хэрэгсэл шахсан, аудитын шалгалтад бүдэрсэн зэргээр “үндэсний” гэх тодотголтой энэ компанийг төрөл бүрээр л хэмлэж ирлээ, тэд. Тэгсэн атлаа ордын хувь заяагаар тоглох олон ч муйхар шийдвэрийг гаргаж иржээ, энэ хугацаанд. Гэсэн ч энэ орд өнөөдрийг хүртэл ямар нэг алдагдалгүй, эрх баригчдын тавьсан өр төлөөсийг бүрэн төлж дуусгахын тулд бүх хүчин чадлаараа ажиллаж чадаж байгаа.
Эрдэнэс Тавантолгойгоос иргэн бүрийн авах хувьцааны үлгэрийг олон жил бид ярилаа. Олон ч жил улстөрчдийн ярианы сэдэв боллоо. Харин цаашид хэрхэх вэ. Энэ хэвээр явах уу, эс бөгөөс өөрчлөлт шинэчлэлт хийх үү гэдгээ ярих цаг нь одоо болчихлоо. Тиймээс ирэх мягмар гарагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал зарлагджээ. Ордын хувь заяа хэрхэх, цаашид ямар ашигтай ажиллах вэ гээд энэ үеэр олон ч асуудал хөндөгдөх нь тодорхой байна. Тиймээс тус компани өнгөрсөн хугацаанд ямар ашигтай ажилласан бэ гэдгээ хувь нийлүүлэгчиддээ тайлагнах зорилгоор 2015 оны эхний улирал хүртэл ямар замаар урагшилж, хэрхэн ашигтай ажилласан, алдагдал байсан бол юунаас болсон бэ гэдгээ нэг бүрчлэн тусгасан тайланг бэлтгэсэн байна. Тайлангийн мэдээнд бидний мэдэхгүй, сонсоогүй олон ч зүйлийг нэг бүрчлэн дурьдсан учраас уншигчиддаа мэдээлэл болгох үүднээс онцлох хэсгүүдийг нь энэхүү нийтлэлдээ дурьдахыг чухалчиллаа. Мэдээж тус компанийн эхний яригдах асуудал нь ордын нөөц.
Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид түншлэлээр ажилладаг
“Норвест” компанийн Олон Улсын ЖОРК ангилалд дүйцүүлсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор Таван толгой орд нь 300 метр хүртэл гүнд 7.4 тэрбум коксжих болон эрчим хүчний нүүрсний нийт геологийн нөөцтэй байх боломжтой аж. Орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс Цанхийн нүүрсний талбай нь коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг юм байна. Зүүн цанхийн уурхайд “TTJVCO” ХХК гэрээт борлуулагчаар ажилладаг юм байна. Харин Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид түншлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Зүүн цанхийн уурхайн Хятадуудад төлөх өр үндсэндээ энэ оны төгсгөл гэхэд дууссан тохиолдолд тус хэсэгт ч монголчууд өөрсдөө ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Тиймээс 240 сая ам.долларын өрийг төлж дуусах асуудал л үлдэж байна. Эрдэнэс Тавантолгойн ихэнх хувь нь төрийн мэдэлд. Тэр ч утгаараа төрийн үүрэг оролцоо энэ ордод хэтэрхий их. Гэвч хувийн хэвшлийн компаниудаас нэг их дутаад байхааргүй ажиллаж чадаж байгааг энэ тайлангаас харж болох нь. Хажууханд хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс”-т төрийн оролцоо ширхэг ч байхгүй. Тэгсэн атлаа тус компани тэрбум гаруй төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл бий. Харин Эрдэнэс Тавантолгойн орд Чалькод 240 сая ам.долларын өртэй л гэсэн тоон мэдээлэл байна. Чалькод тавьсан тэр их өрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа үүрч гарлаа. Тэгсэн атлаа л татвараа асуудалгүй төлж, арилжааны банкуудад тавьсан өр төлбөрийг нь асуудалгүй төлж ирсэн гавьяаг шүүмжлэх нэгэн байхгүй гэдэгт итгэж байна.
Нүүрс экспортлогч компаниудын тэргүүнд нь явсаар…
Тайлангийн хоёрдугаар хэсэгт Тавантолгойн нүүрсний орд өмнөд хөршийн коксжих нүүрсний зах зээлийн хэдэн хувийг хангадаг, мөн дотоодын хэрэгцээний хэдэн хувийг дангаараа бүрдүүлж байна вэ гэсэн тоон мэдээллийг тусгажээ. Дэлхийн нүүрсний зах зээл дээр Монгол Улс одоогийн байдлаар тун “жижигхэн” тоглогч. Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй, далайд гарцгүй гэдгээс үүдэж тээвэрлэлтийн зардал их учраас Хятад улс биднийг сонгохгүй байх боломж бий. Хамгийн хямдаар тэд Австралийн нүүрсээр эрчим хүчний хэрэглээгээ хангах бүрэн боломжтой.
Гэвч “Эрдэнэс Тавантолгой”-н коксжих нүүрсний чанар хамгийн сайн нь гэж үнэлэгдсэн учраас Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг тус компани хариуцаж ирлээ. Тээвэрлэлтийн зардал хямд, далайн боомтоор тээвэрлэлт хийх боломжтой гэдэг утгаараа Австрали БНХАУ-ын хамгийн том түншлэгч. Харин дараагийнх нь Монгол Улс. Өнгөрөгч онд тус улсын коксжих нүүрсний хэрэглээ 17 хувиар буурч 62.4 сая тоннд хүрсэн ч бид 24 хувийг нь нийлүүлж амжилтаа хадгалж үлдэж чаджээ. “Эрдэнэс Тавантолгой”-н 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байсан бол 2014 онд зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлж Монгол Улсын экспортын 34 хувь, БНХАУ-ын импортын есөн хувийг дангаар хангаж байлаа. Монгол Улс дахь нүүрсний хэрэглээний 34 хувийг тэд дангаараа эзэлж чаджээ.
Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож байхад “Эрдэнэс-ТаванТолгой” ХК компани борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлж байсан удаатай. Зүүн цанхийн уурхай тэр чигээрээ Чалькод тавьсан Ардын намын өрийг төлөхөөр ажиллаж байгааг уншигч авхай та мэдэж байгаа биз. Бидэнд наалдах зүйл тун ховор байдаг.
Харин Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.4 сая тонн нүүрс олборлож, 1.8 сая тонн нүүрс экпортлоод байгааг энэхүү тайланд тусгажээ.
Эхний улирлын мэдээллээр Монгол Улсын нүүрсний экспортын 56 хувийг дангаараа эзэлсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Өнгөрсөн онд 5.8 сая тонн нүүрс экспортолж Монгол Улсад 200-аад сая ам.долларын борлуулалтын орлого оруулсан бол энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Эскпортын хэмжээгээ дэлхийн зээлд түүхий нүүрсийн үнэ унасан үед ч алдалгүй сүүлийн гурван жилд тогтмол амжилтаа хадгалж, ашигт ажиллагаа нь буураагүй гэсэн үзүүлэлт байгаа юм. Ашигт ажиллагаа нь 2013, 2014, 2015 онуудад тогтмол өсөлттэй явж ирснийг та доорхи хүснэгтээс харах боломжтой юм.
Төрийн өмчит компанийн ихэнх нь өрөнд баригдаж, авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн жишээ олон бий. Харин тус компанийн хувьд арай өөр менежментээр ажиллаж ирсэн. Хэдийгээр хөршийнхөө өрийг төлөх гэж чармайж яваа ч Баруун цанхийг зөв явуулж чадсанаар татвараа цаг хугацаанд нь төлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ирсэн нь сайшаалтай хэрэг юм. Татварын Ерөнхий газраас саяхан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад эхний 10-т “Эрдэнэс Тавантолгой” багтаж, шилдэг татвар төлөгчөөр шалгарч байлаа. Жагсаалтын эхэнд “Эрдэнэт” үйлдвэр хоёр их наяд 93 тэрбум 481 сая 103 мянга 812 төгрөгийн татвар төлж тэргүүлсэн байдаг.
Мөн “Оюу Толгой” ХХК 493.5 тэрбум, “АПУ” ХХК 442.4 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн байдаг. Жагсаалтын дөрөв, тав, зургаадугаар байруудыг “Энержи Ресурс”, “Монголын Алт МАК”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд эзэлсэн дүн мэдээ гарчээ. Дандаа хувийн хэвшлийн компаниудтай эн зэрэгцэн өрсөлдөж байр эзэлснийг нь зориуд онцолмоор байгаа юм. Монгол Улсад татвар төлөлтөөрөө жил бүр тэргүүлдэг компаниудыг Засгийн газраас нэрлэж “ТОП-100” аж ахуйн нэгжийг нэрлэхэд мөн л 29-т багтсан амжилтаар тэд хувь нийлүүлэгчиддээ бэлэг барих нь. Төрийн оролцоо энэ орд дээр бага байсан бол үүнээс ч илүү амжилттай ажиллаж чадах байлаа. Улсын төсөвт өнгөрсөн оны байдлаар найман нэр төрлийн татвар хураамж төлж, 58 тэрбум төгрөг төлсөн нь энэ ордын хамгийн том амжилт боллоо.
Нэг ч хүний амь эрсдээгүй нь аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасных
Уул уурхайн компанийн нэн тэргүүний зорилго бол аюулгүй ажиллагаа. Үйл ажиллагаа нь чамлалтай байлаа ч аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан бэ гэдгээс уул уурхайн компанийн нэр хүнд ихээхэн шалтгаалдаг. Олон улсын жишиг ч ийм байдаг. Захын жишээ нь Оюутолгой. “Рио Тинто” энэ ордыг ашиглаж эхлэхдээ л аюулгүй ажиллагааг анхаарч, тэнд асар их мөнгө зарлагадсан. Манайд өмнө нь байгаагүй аюулгүй ажиллагааны үйл ажиллагааг хийсэн. Тэгвэл Тавантолгойн орд ч аюулгүй ажиллагааг өнөөдрийг хүртэл бүр дээд зэргээр хангаж ажилласан байгаа юм.
Энэ ордыг ашиглаж эхэлснээс хойш нэг ч удаа осол аваарын мэдээлэл гараагүй нь олон улсын жишигт нийцсэн аюулгүй ажиллагааг мөрдлөг болгож чадсаны үр дүн. Энэ бол хамгийн сайхан мэдээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж,
хариуцлагатай, аюулгүй үйлдвэрлэл явуулахыг тус компани үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгосон бөгөөд эдүгээ 932 дахь өдрөө ямар нэг осол гэмтэлгүй ажилласан талаар тайланд тусгажээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, зааварчилгааны сургалтыг уурхайн орчинд тогтмол явуулж сургалтад нийт 1.117 хүнийг хамруулсан амжилтаар өнгөрсөн таван жилийг үджээ.
Ордын 20 хувь нь Монголын ард түмний өмч
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа нь УИХ-ын тогтоолын дагуу Төрийн мэдэлд 51 хувь байдаг. Харин 20 хувийг нь иргэн, 20 хувийг нь аж ахуйн нэгж, үлдсэн хэсгийг нь хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалдаг. ҮЦТТТХТ ХХК-ийн бүртгэлээр 91 хувь нь төрийн эзэмшил, 6.5 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа юм. Тэгэхээр тавантолгойн орд бол төрийн эзэмшлээс гадна Монголын ард түмний өмч. Энэ ордын хувь заяа хэрхэх вэ гэдгийг олон хүн сонирхох нь зүйн хэрэг.
Хувь эзэмшиж буй иргэн бүхний хувьд энэ компани ашигтай ажиллах л чухал. Харин үйл ажиллагааг нь харлуулах, ашиг харсан үйл ажиллагаа явуулах асуудал хэрхэвч байж болохгүй юм. Тиймээс ордын олборлож, экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, ашигтай ажиллаж байх нь эндээс хувьцаа эзэмшдэг иргэн бүхний чин хүсэл билээ.
Энэ ордод улстөржилт хэрэггүй. Зөвхөн ашигтай, зөв менежментээр ажиллах л чухал. Хувь нийлүүлэгчид ч энэ талаас нь анхаарлаа хандуулж, мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэрхэн зөв менежментээр явуулах вэ гэдгээс шалтгаалж бидэнд ирэх ашиг ч нэмэгдэж, эдийн засагт энэ орд том хөшүүрэг болох учиртай.
Эх сурвалж: mminfo.mn