Том дарга нарын том тэргүүдийг тогтоож дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Том дарга нарын том тэргүүдийг тогтоож дийлэхгүй байна

-Төрийн албан хаагчдын суудлын автомашины ашиглалтын асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэхээр болжээ-

УИХ, Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагууд тэр ч бүү хэл хэлтэс, албадын дарга нарын данхайсан том машинууд байгууллагын өмнөх зогсоолдоо багталцахгүй шахам шахцалдаж, тэр машинууд нь бүгд дуут дохиогоор гангарч явдаг болсон нь нууц биш. Энэ байдалд цэг тавих үүднээс томчуудын гэгдэх “данхайсан”, шатахуун их зарцуулдаг том автомашин хот дотор хөлөглөх эрхийг хязгаарлаж, автомашиныг нь хураах шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Шийдлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээний нэг томоохон хэсэг нь 100 километрт 16-гаас дээш шатахуун хэрэглэдэг том оврын автомашинуудыг хурааж, оронд нь жижиг суудлын автомашиныг ажил албандаа хэрэглэх явдал гэж мэдэгдээд байгаа. Энэ шийдвэрийн хэрэгжилт болоод төрийн албаныхан автомашиныг хэрхэн хайр гамгүй ашигладаг, замын хөдөлгөөнд хэрхэн давуу эрх эдэлдэг зэрэг асуудлыг энэ удаад хөндлөө.

“ТОХИЛОГ МАШИНААСАА БУУХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА”

Энэ тухай ярихын тулд эхлээд төрийн өмчид хичнээн автошин байдаг, хэд нь том оврынх болохыг, Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг даалгавар биелж буй эсэхийг тодруулсан юм. Төрийн өмчийн хорооноос хийсэн судалгаагаар төрийн 800 орчим байгууллага албан хэрэгцээндээ 5000 мянга гаруй автомашин хэрэглэдэг байна. Үүнээс 3300 орчим нь суудлын автомашин байдаг бол 812 ширхэг шатахуун их зарцуулдаг, данхар жийпнүүдийг төрийнхөн хөлөглөдөг ажээ. “2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3, сэлбэг хэрэгсэлд тав, жолоочийн цалинд 25 тэрбум гээд нийт 50 тэрбум төгрөг зарцуулсан” гэдгийг Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдэгдэв. Энэ 50 тэрбум төгрөгийн тал хувийг хэмнэж болох байсныг ч мөн нуусангүй. Нэгэнт энэ хэмжээний мөнгө зүгээр салхинд хийсч байхад Засгийн газрын тэргүүний гаргасан дээрх шийдвэрийг ямар учраас хангалтгүй биелүүлж байгаа нь анхаарал татах асуудал болов уу. Учир нь Засгийн газрын автобаазын хашаанд шороонд дарагдсан 50 орчим машин байрлуулснаас өөр хэрэгжүүлсэн ажил Төрийн өмчийн хорооныхонд алга. “Хураагдаж ирсэн автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, хадгалахаас өөр үүрэг бид хүлээдэггүй. Автомашиныг хураах, хураасан машиныг хэрхэхийг Төрийн өмчийн хороо мэднэ” гэж тус баазын ерөнхий инженер Д.Ванганжил ярив. Автобаазын хашаанд хэдхээн машин байгааг бодоход хар шилээр халхавч хийн, дуут дохио хангинуулж, ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцож дадсан төрийн томчууд  тохитой машиныхаа зөөлөн суудалд шигдсээр байх сонирхолтой байгаа нь илт. 

Төрийн өмчийн хорооноос хийсэн судалгаагаар төрийн 800 орчим байгууллага албан хэрэгцээндээ 5000 мянга гаруй автомашин хэрэглэдэг байна. Үүнээс 3300 орчим нь суудлын автомашин байдаг бол 812 ширхэг шатахуун их зарцуулдаг, данхар жийпнүүдийг төрийнхөн хөлөглөдөг ажээ.

ХУРААСАН МАШИНУУДЫГ ХЭРХЭХ ВЭ?

Илүү нарийвчилсан тооцоо гаргавал том оврын нэг машин гэхэд жилдээ 3890 литр шатахуун зарцуулдаг гэнэ. Энэ шатахууныг мөнгөн дүнд шилжүүлэн бодоход жилд нэг автомашин 6.5 сая төгрөгийн шатахуун хэрэглэдэг байх нь. Эдийн засаг нь хумигдаж, хуруу хумсаа хуйхлах шахуу өнөө маргаашаа торгоож байгаа энэ үед нэг машины шатахуунд энгийн иргэний унаж буй автомашины үнэтэй дүйцэхүйц шатахууныг хийж байна. Ийм л учраас төрийнхнийг шатахууны “мангас” болсон том тэрэг унахгүй байхыг гуйгаад байгаа юм. Басхүү анхаарал татах нэг тоо бол нэг бүрийн үнэ нь 70 орчим сая төгрөгөөс эхлэх автомашинуудыг ийнхүү бүгдийг нь хадгалаад байна гэж байхгүй. Хөдөө орон нутагт унах хэдийг нь үлдээгээд бусдыг нь зах зээлийн ханшаар худалдаалж, мөнгийг төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэж иргэд харж байгаа. Гэтэл энэ асуудлыг мэдэх шийдэх хүн алга. Засгийн газрын автобаазынхан Төрийн өмчийн хорооныхон мэднэ гэсэн бол Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од “Мэдэх зүйл үнэндээ алга. Засгийн газар мэднэ” гэж энэ асуудлаар ярихаас эрс татгалзсан юм.

ТӨРИЙН МАШИНЫГ ХАЙР ГАМГҮЙ “ТАЛХИЛЖ” БАЙНА

“Дарга нар нь солигдох бүрт тэдний жолооч солигддог. Шинэ жолооч нь хэзээ мөдгүй халагдахаа мэддэг учраас төрийн машиныг хайр гамгүй унаж, үнэд хүрч болох өнгөтэй өөдтэй бүхнийг нь тонох тохиолдол бий. Шүргэх, мөргөх, түүнийгээ өнгөлөн далдлах бол энүүхэнд. Төрийн өмчийн хорооноос акталж байгаа машинуудын ихэнх нь худалдаж аваад удаагүй, өнөөх өндөр үнэтэй автомашинууд байдаг” гэж төрийн томчуудын автомашиныг цөөнгүй жил барьсан нэгэн жолооч ярьсан юм /нэрээ хэлэхээс татгалзав/. Үнэндээ түүний хэлж байгаагаар жирийн иргэн арван жил түлхүүр хүргэлгүй унах машиныг төрийн албанд гурван жил унавал л их юм болдог гэнэ. Мөн байсхийгээд л засвар, сэлбэгийн мөнгө нэхэж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог байна. Иймээс төрийн албаны жолоочдыг шалгуур тавьж ажилд авах, мөн машинаа хүлээн авах, хүлээлгэн өгөх үед тэмдэгдэглэл хөтөлж, автомашимнаа хэрхэн унасан, сэв суулгасан эсэхийг нягталж хариуцлага тооцож байх нь чухал гэх санааг энд мөн дурдъя.

ДУУТ ДОХИОГООР “ГАНГАРАХ”-АА БОЛЪЁ

Нэгэнт энэ сэдвийг хөндөж байгаа учраас төрийнхний гангараандаа хэрэглэх  болсон дуут дохионы тухай ч мөн дурдьсан нь зүйтэй болов уу. Угтаа бол эмнэлэг, цагдаагийн байгууллага, онцгой байдлынхан шаардлагатай үед олон улсын айлчлал зэрэг төрийн тусгай албаныхан л тусгай дуут дохиог хэрэглэх эрхтэй. Гэтэл одоо УИХ-ын гишүүд, яам агентлагийн төдийгүй хэлтэс, албадын дарга нар дуут дохио буюу маякаар гангардаг болж. Учир нь дуут дохио бүхий автомашиныг цагдаа нар “оролддоггүй”, замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог зэрэг давуу эрхийг эдэлдэг юм. Хэрэгцээ, эрэлт их байгааг ч ченжүүд анзаарч өнгө, загвараас шалтгаалан 25-60 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулахыг “дуут дохиог журамлана” гэж мэдэгдээд удаж буй Хууль зүйн яамныханд эргэн сануулъя. 

Нэгэнт төрийн шийдвэр энэ мэтчилэн хэрэгжихгүй байгаа учраас энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар асуудлыг дахин нарийвчлан хэлэлцэхээр тусгасан байна. Төрийнхөн өөрийн биеэ бус эдийн засгаа бодож, данхгар жийпнээсээ бууж, Төрийн өмчийн хорооныхон хүлээсэн үүргээ яаралтай биелүүлэхийг эцэст нь хүсье.

Д.ЖАРГАЛСҮРЭН

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж