Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.26-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо

Аж үйлдвэрийн яамнаас санаачлан “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон тус чуулга уулзалтад урд хөршөөс 20 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас мөн 20 гаруй бизнес эрхлэгч оролцож, “Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад татварын орчин ямар байгаа, УИХ-аас баталсан Чөлөөт бүсийн тухай хуулиар ямар давуу талууд бий болсон, Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсэд ямар бодлого барьж байна вэ гэдэг цогц мэдээллийг авлаа. Мөн бизнес эрхлэгчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа төслүүдээ танилцуулсан юм. Тэдгээр нь тээвэр ложистик, худалдааны цогцолбор төв, гурил, тэжээлийн үйлдвэрлэл зэрэг хүнс хөдөө аж ахуйн салбарт хамаарах төслүүд байлаа.

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулах ажлыг 10 гаруй жилийн тэртээгээс эхлүүлж, 900 га талбайг хамруулахаар болсон юм. Ингэхдээ дэд бүтцийг барьж байгуулахад улсын төсвөөс 6.4 тэрбум, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 58.8 сая ам.долларыг тус бүр зарцуулжээ. Үүний хүчинд дулааны станц, цахилгаан дамжуулах сүлжээ, ус цэвэршүүлэх үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж баригдаж, ирэх долдугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор бэлтгэгдэж байгаа юм. Харин авто замын ажил дуусч, ашиглалтад оржээ. Тодруулж хэлбэл, Алтанбулаг чөлөөт бүстэй харьцуулахад Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтэц бүрэн шийдэгдэж, зөвхөн хөрөнгө оруулагчид ажлаа эхлэх таатай суурь бүрдээд байна гэж хэлж болохоор байгаа юм.

Тиймээс ч “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчноо танилцуулсан, харилцан ашигтай байх зарчмыг барьсан хөрөнгө оруулалт “Замын-Үүд чөлөөт бүсэд” хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг чармайсан чухал арга хэмжээ болж өндөрлөв.

Чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дорноговь аймгийн зөасаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Барилга хот байгуулалтын яам, БНХАУ-ын Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гуо ган тэргүүтэй бизнес эрхлэгчид албаны хүмүүс оролцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж