Ардчиллыг ажиллуулах хууль

Хуучирсан мэдээ: 2015.04.26-нд нийтлэгдсэн

Ардчиллыг ажиллуулах хууль

News агентлаг энэ долоо хоногийн "ОНЦЛОХ СЭДЭВ"-ээр Нийтийн сонсголын тухай хуулийг нэрлэж, хуулийн талаарх ярилцлага, хэлэлцүүлэг, байр суурийг хүргэлээ.


Нийтийн сонсгол нь Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай олон оронд хөгжиж, жинхэнэ мөн чанараа олжээ. Өөрөөр хэлбэл, иргэд, олон нийт төрийн аливаа шийдвэр гаргахад оролцдог сайн жишиг тогтсон, нөгөө талаас өндөр албан тушаалтнуудыг ёс зүйн болон хууль зүйн ноцтой алдаа гаргасан тохиолдолд нийтээрээ хэлэлцэж, хариуцлага тооцдог эрүүл механизм олон улсад үйлчилж байна. Энэ зарчмыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой Нийтийн сонсголын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан. Хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжиж өдгөө хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт шилжээд байгаа юм.

Нийтийн сонсголыг төлөвшүүлсэн улс орнуудад тухайн сэдэв, тулгамдсан асуудлаар хөндлөнгийн мэдээллийг чухалчилж, хөндлөнгийн байр суурийг сонсч байж шийдвэр гаргадаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Төрийн өндөр албан тушаалтнууд УИХ-ын өмнө зөрүүтэй, ташаа мэдээлэл хэлээд зогсох нь энүүхэнд. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нээлттэй сонсгол гэдэг зохицуулалт бий. Энэ зохицуулалтаар тухайн байнгын хороо өөрийнхөө асуудлын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн тулгамдсан асуудлаар холбогдох төлөөллийг оролцуулж мэдээлэл авдaг туршлага бий. Хэдийгээр манай практикт ийм туршлага байгаа ч УИХ-ын дэгийн тухай хуулиар явцуу хүрээнд зохицуулагдаж ирсэн учраас илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах бүхий л үе шатанд аль болох иргэдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Нийтийн сонсгол зохион байгуулах гурван этгээд бий. Нэг нь хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар. Хоёр дахь санаачлах эрхтэй этгээд нь төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллага.

Улстөрчдийг “айлгаж” буй мөрдөн шалгах сонсгол

Мөрдөн шалгах сонсгол гэдгийг хуулийн төсөлд “Олон нийтийн санаа бодлыг түгшээсэн улс төр, хууль зүй, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар УИХ-ын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтныг хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулна” гэж заажээ. Харин манай УИХ-ын гишүүд “Хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор” гэсэн үгнээс эмээж, нэлээд хүчтэй шүүмжилж буй. Мөн хууль зөрчсөн эсэхийг зөвхөн шүүх тогтоодог тул Үндсэн хуультай зөрчилдөнө гэх санал ч гарч байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн шатанд эргэж харах нь зүйтэй гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей онцолсон. Нөгөө талаас бүх асуудлаар сонсгол явуулна гэж ойлгож болохгүй. Жишээ нь, хууль тогтоох сонсголыг хоёрхон тохиолдолд явуулахаар хуулийн төсөлд тусгасан. Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудал, хоёрдугаарт, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай асуудлаар гэж заажээ. Харин Ерөнхий хяналтын сонсголыг Ерөнхийлөгч хүсэлт гаргавал, УИХ-ын гишүүдийн 1/4 ээс доошгүй дэмжлэг авсан, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд явуулна гэсэн байна. Орон нутгийн түвшинд ч энэ зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын 1/4 нь хүсэлт гаргавал, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр нээлттэй сонсгол явуулах юм. нэг ёсондоо ямар тохиолдолд нийтийн сонсгол хийхийг тодорхой шалгуурын дагуу зохион байгуулах аж.

Хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол хийж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Сонсголын төрөл бүрийг агуулгаар нь авч үзье.

  • Ерөнхий хяналтын сонсгол: Ерөнхийлөгч хүсэлт гаргаж УИХ-ын гишүүдийн 1/4 ээс доошгүй дэмжсэн, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд явуулна. Орон нутгийн түвшинд ч энэ зарчмыг баримтална.
  • Хууль тогтоох сонсгол: Хоёрхон тохиолдолд явуулна. Нэгдүгээрт хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудал, хоёрдугаарт нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай асуудлаар.
  • Төсвийн хяналтын сонсгол: УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулна.
  • Мөрдөн шалгах сонсгол: Олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулна. Тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулна.
  • Томилгооны сонсгол: УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо нийт гишүүдийн 1/4-өөс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заасан байна. Мөн Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах уян хатан зохицуулалтыг тусгажээ.
  • Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсгол: Энэ төрлийн сонсгол явуулах үндэслэл журмыг Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулна.
  • Орон нутгийн сонсгол: УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар тус тус заасан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж байгаа. Хуулийн төсөл батлагдвал улстөрчдөд хариуцлагатай байх, иргэд олон нийт төрийн шийдвэр гаргахад оролцох боломжоор хангагдана. Энэ ч утгаараа “Ардчиллыг ажиллуулах хууль” гэж нэрийдээд байгаа юм.

С.ОТГОНСҮРЭН

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХАРАХ

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ХАРАХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж