“Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд”-ийн автозам шуударлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.25-нд нийтлэгдсэн

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд”-ийн автозам шуударлаа

“Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхлэх нь. Энэ сарын 2-ны өдөр авто замын трасс батлагдсан юм. Уг трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатарын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурдны авто замын трасс дайран өнгөрч буй зургаан аймгийн засаг дарга нарт албан бичиг илгээжээ. Тодруулбал Засгийн газрын 399 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын биелэлтийг хангах ажлын хүрээнд “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоотыг хүргүүлсэн гэж ойлгож болно. Нэг зүйлийг хэлэхэд хурдны авто замын трасс батлагдахдаа 97 км хэсэгт дутуу батлагдсан байдаг бөгөөд Засгийн газар тун удахгүй шийдэхээр болоод байгаа гэнэ. Ингэснээр тус хурдны автозамыг барих хөрөнгө оруулалт шуударч, ажил нь жигдрэх юм байна. Өнгөрсөн жилээс эхлэн өдий хүртэл яригдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн хурдны авто зам баригдах нь тодорхой болж байгаа бололтой. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам барих төсөл дээр концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр 2014 оны 3-р сарын 9-ний өдөр концессийн гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геотехникийн /геологи, геодези, гидрогеологи/ суурь судалгааны ажлаа хийжээ. Энэхүү хурдны авто зам нь хоёр урсгал, зургаан эгнээтэй байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гарчсан байна. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа аж. Ирэх сарын эхээр хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтыг оруулж ирж байршуулахад бэлэн болсон гэх мэдээлэл байна. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдах тооцоо бий. Уг хурдны замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд босно.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж