чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн
гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны
жилийн эцсийн санхүүгийн тайлан, мөн дээрх тогтоолын төсөл, санхүүгийн
тайланд аудит хийсэн тухай Ерөнхий аудиторын танилцуулгыг сонслоо.
Тайланд
дурдсанаар Монгол Улсын 2010 оны төсвийн нийт орлого гурван их наяд,
122.5 тэрбум төгрөг болж, 115.8 хувийн биелэлттэй, нийт зарлага гурван
их наяд 80.7 тэрбум төгрөг буюу 97 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсвийн
нийт ашиг 41.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нэгдсэн төсвийн нийт орлого
давж биелэхэд импорт дөрвөн их наяд, 431.5 тэрбум төгрөгт хүрч, 2009 оны
мөн үеийнхээс 49 хувиар буюу нэг их наяд, 457.6 тэрбум төгрөгөөр
өссөнтэй холбоотой аж. Мөн Онцгой албан татвартай барааны импортын
хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.7 хувиар буюу 307.3
тэрбум төгрөгөөр, ногдуулсан татварын хэмжээ 77.6 хувиар буюу 158.3
тэрбум төгрөгөөр тус бүр өссөн нь нөлөөлжээ.
Түүнчлэн дэлхийн
зах зээл дээр зэсийн үнэ өссөн нь эерэг нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал,
төсөвт нэг тонн зэсийг 5800 ам.доллараар тусгасан ч гүйцэтгэлээр 7538.3
ам.долларт хүрч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого болон
зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татвар өсчээ. Нөгөө
талаас дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал дуусч, эдийн
засаг сэргэх хандлагатай болсноор татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо
өмнөх оны мөн үеийнхээс 5567 нэгжээр, алдагдалтай тайлангийн тоо 277
татвар төлөгчөөр буурчээ. Ингэснээр татвар ногдуулах орлого 498.4 тэрбум
төгрөгөөр, татварын авлага буюу ногдуулалт 101 тэрбум төгрөгөөр тус
бүр нэмэгдсэн байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага гурван их наяд
80.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.5 хувьтай тэнцсэн бол Монгол Улсын
төсвийн нийт зарлага хоёр их наяд, 423.1 тэрбум төгрөгөөр батлагдсанаар
хоёр их наяд 367.2 тэрбум төгрөг буюу нийт төлөвлөгдсөн зардлын 94.2
хувийн гүйцэтгэлтэй гарсан тухай эерэг мэдээлэл дуулгалаа.