Хоёр жилийн өмнөх энэ өдөр Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүн Ч.Улаан Сангийн сайдын хувиар өгсөн мэдээлэлдээ Монгол Улсын гадаад өр 10 орчим их наяд төгрөг болоод буйг зарлаж байв. Хөрөнгө оруулалт илт буурч эхэлсэн тэр үед Засгийн газрын тэргүүн “Харилцан ашигтай байх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхдүүд бидэнд хэрэггүй” хэмээн Оюутолгойн цаад эзэд өөд тэрсэлж байсан юм.
Харин өнөөдөр байдал улам дорджээ. Гадаад өр хэдийн 20 тэрбум ам.доллар давж, хажуугаар нь Оюутолгой, Тавантолгойн асуудалд бараг буулт хийсэн байдалтай дуу Засгийн газраас гарч байгаа юм. Ирээдүйд олох мөнгө үргэлж үнэтэй байдаг гэдэгчлэн бидний төлөх үнэ магадгүй улс төр, эдийн засгийн ийм хүндрэл байв уу гэлтэй. Үнэндээ бидэнтэй адилхан өрийн хямралын ийм урьдач нөхцөлд орсон шалтгаан аль ч улсын жишээнээс харахад баялагийн үнэ, экспорт тэгтлээ уначихна гэж төсөөлдөггүйтэй холбоотой байдаг. Бид харин яг тийм жимээр явсаар, бараг л мэдсээр байж шоо хаяж орхижээ.
Хэдэн жилийн өмнө Орост өрөө төлчихлөө гэхийг сонсоод бид тэгтлээ баярлаагүй шиг одоо бид өр тавьсандаа тэгтлээ баярлахгүй байна. Орост тавьсан өр ч яахав, улс төрийн шалтгаантай байсан тул тэгсхийгээд намын сониндоо гоё гарчиг болж үлдсэн юм. Уг нь өрийн хямралын сургамжууд аль 80-аад онд Латин Америкаас эхлэлтэйг эдийн засагчид сануулдаг. 2009 он хавьцаа Дэлхийн банк, ОУВС-ийн мэргэжилтнүүд манай улсыг гадаад зах зээл дээр бонд гаргахыг огт сайшаадаггүй байв. Өнөөх л хавтгай дэлхийн онолуудыг хараачилж зөвлөж байлаа. Гэхдээ бид өрөө дарах хөрөнгөтэй, хөрөнгөө зарцуулах эзэдтэй гэж даналзсаар бонд гаргахыг улайран дэмжиж байлаа. Тэгсэн одоо өнөөх бонд ярьж байсан хүмүүс “Энэ хэмжээний өртэй дүйх мөнгө манай томчуудын нэрийн дансанд хэвтэж байгаа” гэсэн шүү тайлбар хэлж байна.
Нэгэнт өр тавьсан хойно одоо яалтай. Зарцуулалтын хувьд зам дэд бүтэц, уул уурхайн салбарт түлхүү багц мөнгөнүүдээ түлхэх ёстой байж. Замаа ч зассаан зассан. Бүр хотын гудамжны тохижилтод бондын мөнгөнөөс зарцуулж байхыг гадныхан хараад гайхсан удаатай. Яг л гэнэт олсон мөнгөрөө, ядуу залуу гоё хувцас худалдан авч байгаа юм шиг харагдсан биз ээ.
Эдийн засагчид Латин америкийн өрийн хямралыг популистуудтай нь, Грекийнхийг европын бусад орнуудтай барьцаж хөдөлсөнтэй нь холбож тайлбарладаг юм билээ. Харьцангуй залуу ард түмэнтэй, хэдэн арваар тоологдох популист эрхмүүд өдөр бүр зурагтаар гардаг манай улсад энэ нь бас л нэгийг хэлж байна. Харин бид дахиад л сургамжийг үл хайхран, эрсдэлд унах уу.
Ямар ч байсан Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам доллар, жилийн 5,75 хувийн хүүтэй. Хугацаа нь таван жил. Бид 2017 оны 3 дугаар сард эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн. Мөн Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын эхний 500 саяыг валютаар 2018 оны нэгдүгээр сараас эхэлж төлнө. Өөрөөр хэлбэл жил хүрэхгүйн хугацаанд нэг тэрбум ам.доллар төлөх хариуцлага бидэнд ноогджээ. Цаашлаад төлөх тэрбум ам.долларыг 2022 онд бариад сууж байх ёстой. Дараа нь Самурай бондын төлөлт 2023 оноос тоологдоно. Энэ бүх валютын зээлийг тэр хэлбэрээр нь эргүүлэн төлнө. Үүнийг ч бас тусдаа асуудал гэж үзэж таарч байна. Учир нь манай улсын гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар болж нэг жилийн дотор 40 орчим хувиар буурсныг Монголбанкны мэдээллээс харж болно.
Ийм үед Ч.Сайханбилэгийн танхим эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд зогсоохын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт, улс төрийн тогтвортой байдалд зорихоос аргагүй. Засгийн газартаа бүх нам нь орсон манай парламент Өрийн таазыг энэ онд 58.3 байхаар тооцож жил дараалан бууруулсаар 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөл цаашдын бодлогын суурь болж өгнө. Үүнд үндэслэн эдийн засаг 2016 онд 9.1, 2017 онд 10.8 хувиар өснө, инфляцын өсөлт долоон хувиас хэтрэхгүй гэж төсөөлж яваа. Харин бодит секторт үүнийг хангахын тулд ердөө л компаниудаа тогтмол ажилтай байлгаж, улсын төсвөө сахилга баттай барих ёстой болж байгаа. Зүй нь бол бизнес эрхлэгчид-орлого-татвар-эдийн засгийн тогтворжилт гэсэн энгийн тайлбарламж ажээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар өрийн хариуцлага дээр үлдэх гээд байсандаа ч тэр үү, Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар тун тодорхой зүйл юу вэ гэхээр Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутамд, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах болоод байгаа. Мөн улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам гаргахад Сангийн яам, Монголбанктай хамтарч ажиллаж, улмаар хэрэгжилтэд нь Аудитын газар хяналт тавина. Мөн Үндэсний статистикийн хороо улсын нийт өр, Засгийн газрын өр, өрийн баталгааны талаар улирлаар, жилээр тус тус гаргаж, олон нийтэд мэдээлэх үүрэг давхар хүлээсэн юм. Мөн өрийн удирдлагын зөвлөл байгуулах асуудлыг ч хуульд тусгаж өгсөн бөгөөд Зөвлөлийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон салбарын мэргэшсэн судлаачдын төлөөллийг оролцуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байгаа. Сангийн сайдтай нэг ширээнд сууж, ажил ярих ёстой энэ зөвлөл өрийн удирдлага, түүнийг тойрсон асуудалд хяналт тавих үүргийг хүлээнэ. Цаашид тов тодорхой болгож өгөх зүйлс харагдаж байгаа ч ямар ч байсан өрийн бодлогын асуудал хүүгийн төлөлтийн хүснэгт, тойм төлөвлөгөөгөөр зогсохгүй, давхар давхар хариуцлага, эдийн засгийн бодлоготой уялдсан агуулгатай болж ирэх нь тодорхой юм. Гэхдээ өрөө төлчихөөр бүх зүйл дууссан гэж бодож болохгүй нь бас л дараагийн асуудал. Учир нь глобал эдийн засаг ирэх жилүүдэд тийм ч таатай өнгө харуулахгүй байгаагаас гадна бидэнтэй адилхан өрийн дарамттай улс цөөнгүй байгаа юм.
1989 онд Румын улс гадаад өрөө дарчихлаа гэж хөөрцөглөөд, бараг баяр хийх шахаад нэг их удалгүй эдийн засаг нь хүнд байдалд орсон. Дэлхийд байгалийн нөөц баялагаараа эхний 15-д орж байсан Аргентин улсад л гэхэд 1998-аас 2005 он хүртэл үргэлжилсэн хямралын сөрөг үр дагавар одоог хүртэл арилаагүй гэдэг. Тийм болохоор өртэй байх нэг хэцүү, өрөө дарж чадахгүй байх бүр хэцүүгээс гадна өрөө дараад ч дараа нь өндийхгүй байх нь түүнээс ч том асуудал байхыг үгүйсгэмгүй. Учир нь өрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр бөгөөд их хугацаа шаарддаг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэдэн арван жилээр ч хойш чангаах эрсдэлтэйг эдийн засагчид хэлдэг юм.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл