Та кино зохиол бичихэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Та кино зохиол бичихэд бэлэн үү?

Ард
түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” шоуг Боловсрол суваг
телевизээр нэвтрүүлж байгаа билээ. “Кино код” шоу нэвтрүүлгийн кино
зохиолчийн шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэгсэд кино зохиолын
синопсис буюу кино зохиолын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар “Кино
код” төслийн зөвлөх, кино найруулагч Р.Батсайхан, кино найруулагч
Б.Нагнайдорж, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар нар
уржигдар шоуны оролцогчдод сургалт хийсан юм. Арваад жилийн өмнө
“Боролдой” студийн захирал  С.Мягмар продюсерлан Б.Нагнайдоржийн
орчуулан гаргасан “Кино зохиол бичих нууц” номноос Монголын кино
зохиолчид Холливудын бүтээл яаж бүтдэг, үзэгчдэд хэрхэн хүрдэг нууцыг
тайлж байлаа. Зохиолчид хэдий алт шиг санаа байлаа ч синопсисоо ном
журмын дагуу цэгцтэй бичихгүй бол дэлгэцийн бүтээл болж амилах боломжгүй
гэж үздэг. Ингээд таньд синопсис буюу кино зохиолын төлөвлөгөөг хэрхэн
боловсруулах талаар бяцхан ч гэсэн үнэтэй мэдээллийг хүргэе, ялангуяа
“Кино код”-д өрсөлдөх гэж байгаа эрхэм кино зохиолчдодоо хандан…

Бичгийн
цаасны хоёр нүүрт багтаан өөрийн зохиолын гол санаа, үйл явдлын шугам,
өрнөл төгсгөлийг илэрхийлэхийг синопсис гэдэг. Өдөрт хэдэн зуун кино
зохиол хүлээн авдаг Холливудын продюсерүүд бүтэн кино зохиол уншихын
оронд эхний ээлжинд синопсистой танилцдаг аж. Хэрэв тухайн зохиолчийн
синопсис продюсерийн сонирхлыг татвал кино зохиолын хураангуй эхийг
үздэг байна. Энэ арга өдгөө дэлхийн кино үйлдвэрлэлд нэгэнт нэвтрэн
өөрийн гэсэн загвартай болсон.

Синопсисдоо та зохиолын нэрээ
бичин зохиолын гол санаа, агуулгыг хоёр өгүүлбэрт багтаан илэрхийлэх
танилцуулга хэсгээр үргэлжлүүлнэ.  Зохиолын өгүүлэмж, үйл явдал, гол
дүрүүд, зөрчлийг хамгийн ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэн
төгсгөлд нь зохиогчийн товч танилцуулга, үүнд: өөрийн овог, нэр, эрхэлж
буй ажил, холбоо барих утас, и мэйл хаяг гэх мэт зүйлсийг хавсарган
бичсэнээр таны синопсис бэлэн болох нь ээ.

Ард түмний саналаар
“Кино код” төслийн хүрээнд хийх уран сайхны киноны жанр нь түүхэн, сэдэв
буюу “Манжийн дарлалын эсрэг тэмцэл, шилийн сайн эрс”-ийн тухай байхаар
болсныг эрхэм зохиолч та анхаараарай. Мөн синопсист үйл явдал,
өгүүлэмжээ хэрхэн сонирхолтой өрнүүлэх, дүрүүд тэдний зөрчлийн үндэс
юунд оршиж байгааг маш тод, товч илэрхийлэхийг хичээх хэрэгтэй.
Синопсист үйл явдал, өгүүлэмжээ хэрхэн сонирхолтой өрнүүлэх, дүрүүд
тэдний зөрчлийн үндэс юунд оршиж байгааг маш тод, товч илэрхийлэхийг
хичээх хэрэгтэй. Ирээдүйн кино зохиолын зохиомжийн бүтцийг “Оршил,
эхлэл, өрнөл, төгсгөл” гэх мэт дарааллаар харуулж болно. Гэхдээ энэ нь
заавал биш! Гол нь сонирхолтой өгүүлэмж, дүр, зөрчил, үйл явдал чухал.
Бас камерын өнцөг, хөдөлгөөн, дүрслэл зэргийг бичиж цаг, оюунаа барах
хэрэггүй. Өгүүлэмж тань түүхэн бодит үйл явдалд тулгуурласан бол энэ
талаар товч мэдээлэл оруулж болно. Синопсисийг дугтуйнд хийж битүүмжлээд
энэ сарын 3-ны 12.00 цагаас өмнө Боловсрол суваг ТВ-ийн байранд авчирч
өгнө.

Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  91995432
утас руу болон otgonbat@edutv.mn хаягаар холбогдоорой. Танд амжилт
хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж