АНУ төрийн мэдлийн хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

АНУ төрийн мэдлийн хувьцаа гаргана

АНУ-ын Эрднэсийн сангаас тус улсын хүчирхэг даатгалын компани болох AIG компани төрийн мэдэлд байдаг хувьцааныхаа зарим хэсгийг худалдахаар болсноо зарлажээ. Энэ нь төрийн нуруун дээр байгаа төсвийн ачааллыг хөнгөлөх зорилготой хийж байгаа ажил бололтой. Мэдээллээс үзвэл AIG  тус бүр нь 29 ам.долларын үнэ бүхий 200 сая ширхэг хувьцаа зарахаар болж байгаа аж. Эдгээр хувьцааны нийт дүн 5.8 тэрбум ам.доллар болж байгаа гэнэ. АНУ-ын төрөөс зарж байгаа эдгээр хувьцааг “Уолл Стрит” дэх зарим банкууд илүү хэмжээгээр худалдаж авахаар болвол нийт зарагдах хувьцааны үнэ 7.1 тэрбум ам. доллар хүрэхээр байгаа аж.

Эдгээр хувьцааг зарсны дараа AIG группын АНУ-ын төрийн мэдэлд байдаг хувьцааны хэмжээ 92 хувиас 77 хувь болтлоо буурах юм байна. Энэ талаар төрийн сан хариуцсан нарийн бичгийн дарга ноён Тим Гейзер хэлэхдээ, “Хувьцаагаа зарах болсон тухай энэ мэдэгдэл нь түүхэн чухал үйл явдал болж байгаа юм. Учир нь бид төрийн мэдэлд байгаа  AIG группын хувьцааг цаашид ч зарах төлөвлөгөөтэй байгаа” гэжээ. Түүний хэлж байгаагаар бол энэхүү шийдвэр нь санхүүгийн зарим хөөрөгдлөөс болж үүсч болох олон нийтийн үймээн сандралаас сэргийлж америкчуудын ажлын байрыг хадгалах зорилготой гэнэ. 2008 оны санхүүгийн хямралаас хойш АНУ-ын төрөөс AIG группэд үзүүлж байгаа тусламжийн хэмжээ 180 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэхүү тусламжийн асуудал татвар төлөгч иргэдийн зүгээс маш их эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байсан аж.

АНУ-ын засгийн газар AIG группын хувьцаануудыг тус бүрийг нь 28.73 ам.доллараар худалдаж авч байсан аж. Харин зарахдаа ширхэг хувьцаа бүрээс 27 центийн ашиг олохоор байгаа хэмээн мэдээлжээ. AIG групп нь өнгөрсөн жилийн эхний улиралд 1.8 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан бол энэ жилийн эхний улиралд ердөө 269 сая ам.долларын ашиг л олсон байна. Учир нь тус даатгалын групп өнгөрөгч гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт болон цунамийн хохиролтой холбоотой 1.7 тэрбум ам.долларын төлбөрийг даатгуулагч нарт төлсөн аж.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж