УИХ-ын гишүүн Ж.Батзандан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд маргаан гарсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэдийн өргөдлийн дагуу Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, болон тус хороонд барилга барихаар шалгарсан “Цагаанхуаран консалтинг” компанийн захирал П.Ганзориг нарыг байцуулан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд “Цагаанхуаран консалтинг” компани барилга барихаар шалгарч, газар чөлөөлөлтийн ажлаа эхлүүлэх байсан боловч иргэдээс газрыг нь багаар үнэлж байна гэсэн гомдол ирснээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлээгүй байна. Компанийн зүгээс нийт талбайд оршин суугаа өрхийн 75 хувь нь зөвшөөрч, гэрээ байгуулсан. Тиймээс тухайн хэсгийн газрыг чөлөөлөн барилгын ажлыг эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа тайлбарласан.
Харин иргэдийн зүгээс “Цагаанхуаран консалтинг” компанийн иргэдтэй хийсэн хоёр талт гэрээг 75 хувьдаа хүрсэн эсэхийг хөндлөнгийн комисс шалгаж өгөх, барилгын компанийн сонгон шалгаруулалтыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх, газрын үнийг нэмэх зэрэг саналтай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзанданд дуулгаж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэд, аж ахуйн нэгж хооронд ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлэл аваад Өргөдлийн байнгын хороон дээр иргэд, аж ахуйн нэгж хоорондын зөрчилдөөд байгаа асуудлаар мэдээлэл хийж, цаашдаа энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллана гэлээ.