Газпромыг монополийн хэрэгт буруутгав

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Газпромыг монополийн хэрэгт буруутгав

Европын комиссар Маргарет Вестагер

 

Өрсөлдөөний асуудал харуицсан Европын комиссар Маргарет Вестагер Оросын “Газпром” компанийг ноёрхогч байр сууриа ашиглан өрсөлдөөний хуулийг зөрчсөнд буруутгалаа. Түүний мэдээлснээр “Газпром” компани төв болон зүүн Европын орнуудад байгалийн хий нийлүүлэхдээ шударга бус үнэ тогтоож, гэрээний хориг, хязгаар тавих зэргээр өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэнэ. Харин “Газпром” компани үүнийг “үндэслэлгүй” хэмээн эрс няцаасан байна.

 

Монополийн эсрэг хэрэгт “Газпром” Европын холбооны хуулийг зөрчсөн нь тогтоогдвол компанийн жилийн эргэлтийн 10 хүртэлх хувиар торгуулах шийтгэл хүлээх аж. Энэ тохиолдолд “Газпром” компани 10 тэрбум орчим ам.долларын торгуульд унах гэнэ. “Газпром” компани энэ хэрэгт гурван сарын хугацаанд Европын холбоонд албан ёсны хариу тайлбар өгөх ёстой аж.

 

Европын холбоо нь Украины зүүн хязгаарын зөрчилд буруутган ОХУ-ын эсрэг улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээ аваад буй бөгөөд “Газпром”-ын эсрэг хэрэг Брюссель, Москвагийн харилцааг улам муутгана хэмээн ажиглагчид дүгнэж байна. Европын байгалийн хийн импортын 40 орчим хувийг ОХУ дангаар хангадаг юм. Европ руу нийлүүлэх байгалийн хийн тал хувь нь Украины газар нутгаар дамждаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж