Явган зорчигчийг мөргөөд зугтжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Явган зорчигчийг мөргөөд зугтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл, шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтэст өчигдрийн байдлаар нийт 332 дуудлага өгсөн байна. Тэдгээрийн 248 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Өчигдрийн байдлаар ослын есөн хэрэг  бүртгэгдэж  11  хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүн нас барсан. Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртсөн нь цөм сургуулийн насныхан ажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг байгаа бол мөн ийм шалтгаантай явган зорчигч нэг байгаа ажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан бол нэг хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоогүй байна.

Баянзүрх дүүргийн нутаг Шархадны зам, Ээж хайрханы зургадугаар гудамжинд  марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч нэр хаяг тодорхойгүй эмэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон. Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө  BSB  төвийн урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 57 настай эрэгтэй Ж-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан.

Ийнхүү зам тээврийн осол хэрэг үйлдчихээд хохирогчид туслахгүй зугтах тохиолдол мэр сар гарч байгаагаас дараах сануулгыг Замын цагдаагийн газраас  өгч байна.

Зам тээврийн осол нь анхаарал  санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг учир  хүндэвтэр гэмт хэргийн төрөлд ордог.  Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хүлээлгэх хариуцлага хүндэрдэг Хэрэв та зам тээврийн осолд холбогдсон бол  жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь эрх зүйн мэдлэг дутмаг иргэд энэ төрлийн гэмт хэргийн газраас зугтааснаар сэтгэл санааны дарамтад орж, байнга айдастай явдаг. Илэрдэггүй  осол хэрэг гэж байхгүй.  Шударга иргэд болон теле камерын тусламжтайгаар осол хэргийн газрыг орхиж зугтаадаг хэргийг илрүүлдэг. Иймд иргэн та үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой сахилгатай оролцоорой.

Д.ЦЭЭНЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж