С.Чинзориг: Хуульд нийцүүлэх гэсэн шийдвэр тэдэнд таалагдахгүй байгаа юм

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Хуульд нийцүүлэх гэсэн шийдвэр тэдэнд таалагдахгүй байгаа юм

Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг салбартаа улстөржсөн халаа сэлгээ хийж, төрийн албан хаагчдыг бөөнөөр нь халсан тул гаргасан тушаалыг нь хүчингүй болгох шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдэгдээд байгаа. Тиймээс Хөдөлмөрийн сайдаас энэ асуудлын талаар тодрууллаа.

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийхдээ Хөдөлмөрийн сайд хууль зөрчиж төрийн албан хаагчдыг халж байна, ялангуяа яамныхаа удирдлагыг 100 хувь өөрчилсөн, орон нутгийн бүтэц болсон Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг сольсон гэх. Үүнд тайлбар өгөөч?

-Юуны өмнө би Л.Эрхэмбаяр даргын хэлсэн шиг ажлаа хийгээд явж байсан төрийн албан хаагчийг хууль бусаар халсан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Намайг сайдаар томилогдоод ирэхэд манай Хөдөлмөрийн яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрынхан буюу нийслэл, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар бүгд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тушаалтай байсан. Яагаад Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил хагасын хугацаанд үйл ажиллагаа явуулчихаад бүхэл бүтэн яамны удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар  түр орлон гүйцэтгэгч тушаалтай явсныг судлаад үзэхээр өмнөх сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хоорондын зөрчлөөс болсон юм билээ. Цаад агуулгаараа бол АН-ын дотоод зөрчлөөс болж, төрийн яам, харьяа газрын удирдлагууд түр орлон гүйцэтгэгч тушаалтай явж ирсэн гэсэн үг л дээ.

-Түр орлон гүйцэтгэгч нар ажиллах нь тийм их асуудал үүсгэж байсан хэрэг үү?

-Манай Хөдөлмөрийн яам Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах үүрэгтэй. Тэр утгаараа төрийн албан хаагчийн болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллага. Гэтэл загасчны морь усгүй гэдгээр хуулийн хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй яам системээрээ удирдлага нь түр орлон гүйцэтгэгч томилгоотой явж ирсэн нь төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой асуудал шүү дээ.

-Таныг төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан халсан гэж буруутгаж байна. Тэр тусмаа үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөөд оронд нь үүрэг гүйцэтгэгч томилсон нь хэр зөв юм бэ гэх?   

-Дахиад хэлье. Би төрийн жинхэнэ албан хаагчийг халж сольсон асуудал огт байхгүй. Төрийн албан хаагч, төрийн захиргааны төв байгууллагын үндсэн үүрэг нь хууль дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх, сахиулах. Үндсэн хуульд заасан энэ үүргээ биелүүлэх хүрээнд хууль бус томилгоотой явж ирсэн түр орлон гүйцэтгэгчдийг одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд, Засгийн газраас гаргасан түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд нийцүүлэн хуулийн дагуу болгох арга хэмжээ л авсан. Түүнээс биш Л.Эрхэмбаяр даргын хэлж байгаа шиг төрийн жинхэнэ албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан халсан тохиолдол байхгүй.

-Хуульд нийцүүлэх гэдгээ та тодруулахгүй юу?

-Өмнөх сайд 2013 оны нэгдүгээр сарын 22-нд гаргасан тушаалынхаа хавсралтаар Хөдөлмөрийн хэлтсийн даргаар 31 хүнийг бүгдийг нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.  Түр орлон гүйцэтгэгчээр ямар хүнийг томилох вэ гэдгийг Төрийн албаны хуульд зааснаар Засгийн газраас баталсан журмаар зохицуулдаг. Сү.Батболдын Засгийн газрын үед Төрийн албаны хуулийн дагуу Түр орлон гүйцэтгэгч томилох журмыг баталсан. Энэ журмаар түр эзгүй байгаа сул орон тоон дээр төрийн захиргааны жинхэнэ алба хашиж байгаа доод албан тушаалын хүнийг нь  түр орлон гүйцэтгэгчээр томилно гэж байгаа. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны есдүгээр сарын   5-нд 26 дугаар тогтоол гэж гаргаад дээрх журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ сул орон тоон дээр төрийн жинхэнэ албан хаагчаас нөхөх биш харин дурын иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж болно гэчихсэн. Энэ тогтоолоо үндэслээд баахан томилгоо хийсний дотор манай яамны газар хэлтсийн дарга нар, мөн миний дээр дурдсан тушаалын хавсралтаар томилогдсон 31 хүний асуудал багтаж байгаа юм. Гэвч энэ тогтоолыг хууль зөрчсөн шийдвэр гэж үзсэн иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсанаар маргаан үүссэн. Тухайн үеийн Засгийн газар иймэрхүү маргаан үүсэхээр гаргасан шийдвэрээ хүчингүй болгодог туршлагаараа 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд 145 дугаар тогтоол гаргаж 26 дугаар тогтоолоо хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, түр орлон гүйцэтгэгчээр төрийн жинхэнэ албан хаагчийг биш иргэнийг томилж болно гэсэн журмаа хүчингүй болгосон гэсэн үг.

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилохдоо үндэслэсэн тогтоол хүчингүй болчихоор томилгоо нь мөн хүчингүй болсон гэсэн үг үү?

-Нэгэнт үндэслэж томилсон шийдвэр нь хүчингүй болсон учраас тэрхүү томилгоо бүгд автоматаар хүчингүй болж байгаа юм. Тиймээс би энэ хууль бус зүйлийг засч хуульд нийцүүлэхээр шийдвэр гаргасан. Тушаалаа ч хуулийн хэрэгжилтийг хангах тухай гэж гаргасан байгаа. Энэ шийдвэрийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дарга нарыг чөлөөлж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны хуулийн дагуу сул орон тоон дээр тухайн газарт нь ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

-Гэхдээ АН-ын дарга нар таны шийдвэрийг улстөржсөн өнцгөөр гаргасан гээд байгаа шүү дээ?

-Хэрэв энэ шийдвэрийг улстөржсөн гэж үзэж байгаа бол надад хэлэх тайлбар байна. Өөрөөр хэлбэл, би сайдаар томилогдож ирэнгүүтээ энэ шийдвэрийг гаргаж болох л байсан. Гэвч хууль дээдлэх, биелүүлэх үүргийнхээ дагуу хандаж хүлээзнэсэн.

-Юуг хүлээсэн гэж?

-Манай Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй учраас яамны Төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй байсан. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга томилогдож, салбар зөвлөл хуулийн дагуу үүргээ гүйцэтгэх чадамжтай болсон хойно энэ шийдвэрийг гаргах нь зөв гэж үзсэн юм. Та бүхэн мэдэж байгаа, өнгөрсөн хоёрдугаар сард Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулж, хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоныг.  Үүний дараа Төрийн албаны зөвлөлөөс манай яамны Төрийн албаны салбар зөвлөлийг албан ёсоор байгуулсан. Нэг үгээр салбар зөвлөл ажиллах эрх зүйн чадамжтай болсон гэсэн үг. Тиймээс би Төрийн албаны салбар зөвлөлдөө түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг хуульд нийцүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах нөхцөл шалгуурыг баталж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд томилгоог хийх эрх нь сайдад Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиар олгогдсон байдаг юм. Түүнээс биш төрийн захиргааны шалгалт өгч, тангараг  өргөсөн албан хаагчдыг халж сольсон асуудал байхгүй гэдгийг дахин хэлье.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж