Монголын хоёр хөрш БНХАУ, ОХУ ирэх 2016 оноос гүүрэн төмөр замаар холбогдох гэж буй асуудал анхаарал татаж байна.
Оросын Амар мөрөн дээгүүр тавигдан Хятадын Тунцзян хотыг ОХУ-ын Нижнеленинсктэй усан замаар холбох уг гүүр нь 2215 метрийн урттай байх ба жилдээ 21 сая тонн ачааг дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай байх аж.
Тус гүүрний 1900 метр нь Хятадын нутаг дэвсгэрт байх ба тус улс гүүрийн бүтээн байгуулалтын ажлаа өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлж, ирэх 2016 он сүүл гэхэд дуусгасан байхаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
“Хятадын талын бүтээн байгуулалтын ажилд 700 гаруй ажилчид хоёр ээлжээр тасралтгүй ажиллаж, төслийг хугацаанд нь дуусгахаар чармайж байна” хэмээн төслийн менежэр Лин Енхан онцолсон байна.
Харин Оросын талын барих 315 метрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сардаа багтаан эхлүүлэх тухай ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.
Тиймээс хоёр талын бүтээн байгуулалт ирэх он гэхэд дуусаж, гүүрэн төмөр замаар ачаа тээвэрлэлт эхлэх бололтой.
Тус гүүр нь жилдээ 21 сая тонн ачааг дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай, Хятадын төмөр замын сүлжээг Оросын Транс-Сибирийн төмөр замтай холбосон өндөр ач холбогдолтой юм.
ОХУ болон БНХАУ-ын усан хилийн боомтоор их хэмжээний тээвэрлэлт хийгддэг ч цаг агаарын таагүй нөхцлөөс үүдэн тээвэрлэлт удаашрах, саатах зэрэг асуудлууд тулгардаг байсан байна. Харин ирэх онд уг гүүрэн төмөр зам ашиглалтад орсноор дээрх асуудлуудыг бүрэн мөсөн шийднэ гэжээ.
Хятадын талаас энэхүү гүүрэн төмөр замыг барих төсөлд 2,64 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Харин ОХУ зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ хараахан зарлаагүй байгаа аж.
Н.ЦЭНД