Байна уу, ерөнхийлөгч мөн үү?

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Байна уу, ерөнхийлөгч мөн үү?

-Гадаадын лидерүүд ард түмэнтэйгээ хэрхэн холбогдож байна вэ-

Барак Обама. Фото: Kevin Lamarque / Reuters

 

Ил зуухны хажууд хийх  яриа

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дам­жуу­лан лидерүүд иргэдтэйгээ ярилцах уламж­лалыг үндэслэгч нь АНУ-ын ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт юм. Түүхэнд түүний fireside chats буюу “ил зуухны хажууд өрнөх яриа” гэх нэртэйгээр 1933-1944 онуудад 11 жилийн турш өөрийн ард түмэнтэйгээ радиогоор ярьж ирсэн нь оржээ. Анх тэрээр Нью-Йоркийн захираг­чийн сонгуульд өрсөлдөхдөө энэ аргыг хэрэглэсэн юм. Энэ яриа үр дүнтэй болж, нэр дэвшигч уншигчдын захидлын хурц асуултуудад хариулан сонгуулийн чансаа­гаа нэмэгдүүлжээ.

 

Рузвельт Цагаан ордонд суусны дараа түүний санаа бодлыг энгийн хүмүүст хүргэхээр “сурталчилгааны машин” бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлжээ. Нэгэн удаа “Ил зуухны хажууд өрнөх яриа” нь олон нийтэд хүртээл сайтай нь тогтоогдов. Ямар нэгэн хэрэг явдал өөрчлөлтийн учир шалтгааныг ерөнхийлөгч тайван, ойлгомжтой тайл­бар­лах нь цуу яриаг няцаан, олныг тайвш­­руулж байжээ. Түүний яриа 15-45 митутынх байжээ. Санаа бодлоо нийгмийн давхрагуудад хүргэхийн тулд тэрээр энгийн үгийг өргөн ашиглаж, шог­лоо­мын ишлэлийг хэрэглэж иржээ. Ийм яриа нь ерөнхийлөгчид өөрт нь таатай байв. Саа өвчинд нэрвэгдсэн тэргэнцэртэй ерөнхий­лөг­чийг олонтой уулзахаас тэр нь чөлөөлж байв. Үр дүнд нь Рузвельт америк айл бүрт бүрэн утгаар орж чадан америкчуудад улс орны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахад оролцож байгаа гэсэн сэтгэгдлийг төрүүлж чаджээ.

 

Дараагийн ерөнхийлөгч нар нь үе үе энэ аргыг ашиглаж байлаа. Рональд Рейган 1982 онд бямба гариг бүрийн илгээлт унших практикийг нэвтрүүлсэн юм. Тэр эхлээд радиог дараа нь телевизийг ашиглах болжээ. Уламжлалт ярианд Барак Обама шинэлэг зүйлийг оруулж, иргэдийнхээ илгээлтийг Цагаан ордны сайт,  YouTube-ээр дамжуулан бичлэгээр олонд хүргэх болов. Рузвельтаас ялгарах түүний ялгаа нь олон нийттэй биш, голчлон Бүгд найрамдах намтай хийж байгаа мэтгэлцээн болж байна.  
Нэг ерөнхийлөгчийн шоу

 

Талийгаач Уго Чавес ийм харилцааны Латин Америкийн дээд амжилтийн эзэн байлаа. Alo Presidente (“Байна уу, ерөнхийлөгч өө”) шоуг 1999 оны тавдугаар сарын 23-нд анх гаргаж сүүлчийнхийг нь 2012 оны нэгдүгээр сарын 29-нд явуулжээ.

 

Эдгээр жилүүдэд Чавес ням гариг бүрийн 11 цагт венесуэльчуудын телевизийн дэлгэцнээ гарч ирэн дөрвөөс найман цагийн турш уламжлалт улаан цамцаа өмссөн , хүний нүдэнд дулаахан харагдаж, иргэдийн асуутад хариулахын зэрэгцээ сайд нарын тайланг сонсч, бүс нутагтай телевизээр шууд холбогдон Боливрианы улсын хөгжилд саад хийж байгаа Америкийн импералистуудыг шүүмжилж иржээ. Нийтдээ эфирт 378 нэвтрүүлэг гарчээ. Эхлээд энгийн хүмүүстэй харилцан асуудал шийдэж байсан шоу сүүлдээ түүний гүн ухааны яриа болон хувирав. “Байна уу, ерөнхийлөгч өө” бол нэг жүжигчний шоу юм. Латин Америкийн олон лидерүүд түүнийг хуулах гээд бараагүй юм.

 

Эквадорт Рафаэль Корреа El Presidente dialoga con el pueblo (“Ард түмэнтэй хийж байгаа ерөнхийлөгчийн яриа”) хөтөлбөрийг  үүсгэн Twitter-ээр тавьсан үзэгчдийн асуултад хариулдаг болов. Сальвадорын ерөнхийлөгч Маурисио Фунес Conversando con el Presidente (“Ерөнхийлөгчтэй ярилцах нь”) хөтөлбөрийг гарган Чавесийн замаар явах гээд бүтэлгүйтэж, хаахад хүрчээ. Гэвч тэр нэрээр ням гаригийн өглөөний 11 цагт адилхан нэврүүлэгийг явуулах болсон байв.

 

Бразилийн эрх баригчид америк загварыг сонгожээ. Даваа гаригйн өглөө бүр Café con el Presidente (“Ерөнхийлөгчийн хамт кофе уух цаг”) нэртэй хөтөлбөр гардаг. Өнгөрсөн долоо хоногоо тайлагнадаг, энэ долоо хоногт юу хийх ёстойг ярьдаг Лула да Сильва бий болгожээ. Habla el Presidente (“Ерөнхийлөгч ярьж байна”) нэртэй хөтөлбөр Урагвайд байдаг. Иймэрхүү хөтөлбөрийг Боливийн ерөнхийлөгч Эво  Моралес хэрэгжүүлэхээр зарласан ч боливчуудын дөнгөж 60 хувь нь испаниар ярьдаг учир Аймар омгийн индиан Моралес түүнээсээ татгалзсан байлаа. Латин Америкийн замаар Карибийн сав нутгийн англи хэлтэй орнууд явж байгаа. Ерөнхий сайд нар нь нэвтрүүлэгт оролцон асуудлаа тайлагнадаг.
Оросын практикийг дууриан Сингапурт өнгөрсөн оны есдүгээр сард “Ерөнхий сайдаас асуу” нэвтрүүлгийг Channel NewsAsia Singapore телевизээр явуулан Ли Сянь Лун үзэгчдийн асуултад хариулав. Нийт 700 гаруй асуудал ирсэн учир нэвтрүүлгийг завсартайгаар хоёр хуваан явуулав. Эхлээд утас, Twitter-т байгаа асуултыг хөтлөгчид уншиж ерөнхий сайд хариулж байлаа. Дараагийн нэвтрүүлэгт нь тусгай богино дугаараар ирсэн асуултад тэр хариулжээ.

 

Дэлхийн ихэнх лидерүүд үе  үе телевизээр эсвэл интернэтээр олон нийттэй харилцахыг эрхэмлэдэг. Цахим сүлжээний давуутай тал нь хурц асуудлыг орхих боломжийг өгдөг учраас олон лидерүүд түүнийг дуртайяа сонгодог ажээ.

 

Бэлтгэсэн: Ш.МЯГМАРСАМБУУ

 

Эх сурвалж: "NEWS  WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж