Монголчуудын байлдан дагуулалтанд Туркууд гар бие оролцсон

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Монголчуудын байлдан дагуулалтанд Туркууд гар бие оролцсон

“News agency” уншигч та бүхэндээ “Элчин сайд ярьж байна” буланг бэлтгэн хүргэж байхаар боллоо. Энэхүү буланд тухайн улсыг төлөөлөн Монгол Улсад суугаа Элчин сайдуудыг урин оролцуулах бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа, тухайн оронд ажиллаж амьдарч буй монголчуудын тухай ярилцах юм. Энэхүү булангийнхаа анхны зочноор Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг урин оролцуулж, ярилцлаа.  

-Юун түрүүнд БНТУ-ын Зас­гийн газраас хоёр улсын хооронд бай­­гуулсан хэлэлцээрийн хүрээнд жил бүр нэг сая ам.доллартой тэн­цэх хэмжээний буцалтгүй тус­лам­­­­­жийг Монгол Улсын батлан хам­­­­­гаа­лах салбарт үзүүлж байгаад ун­­шигч­­дынхаа өмнөөс талархал илэрхийльё.

-Би ч юун түрүүнд “News agency”-ийн хамт олонд талархснаа илэрхийлье. Буруу санаагүй бол та бүхний 10 жилийнх ойн баяр болсонд баяр хүргэе. Турк-Монголын хооронд маш дотно харилцаа холбоо бий. Үүний нэг нь батлан хамгаалахын салбар юм. Өнгөрсөн жил Турк улсын Батлан хамгаалахын сайд Монголд айлчилсан. Энэ айлчлалаар хийсэн гэрээнд цэрэг болон санхүүгийн туслалцааны талаар хамтын ажиллагааны гэрээ байсан юм. Энэ нь Турк улсаас санхүүгийн туслалцаа үзүүлж, Монгол Улсаас Турк улсад оюутнууд суралцуулах явдал юм. Энэ нь хамтын үйл ажиллагааг улам ихээр нэмэгдүүлж байна.  

-Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек болон Батлан хамгаа­лахын сайд Монголд айлчилсан. Эдгээр айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн жил бидний хувьд маш чухал жил болж өнгөрлөө. Энэхүү айлч­лалын хүрээнд хийсэн ажил одоо хүртэл үргэлжилж байна. 1969 оны зургадугаар сарын 24-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоос­ноос хойш 45 жилийн ойн баяр өнгөрсөн жил болж өнгөрсөн. Дип­ло­мат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Туркийн үндэсний хур­лын дарга Жэмил Чичек гурав хоног Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд тэрбээр маш гүн гүнзгий утга учир бүхий гэрээ хэлэлцээрүүдийг хийснээр хоёр улсын хоорондын харилцаа холбоо улам бүр бат бөх болсон гэж бодож байна. Үндэсний их хурлын дарга Жэмил Чичек зөвхөн Улаанбаатарт зочлоогүй. Налайх болон Хархоринд очиж, түүхийн дурсгалт газруудаар явсан. БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичектэй хамт Батлан хамгаалахын сайд Исмэт Яилмаз айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд бид бүхэн маш олон боломжит санал, гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл, улс төрөөс эдийн засаг руу, дипломат харилцаанаас эрдэм шинжилгээний үйл ажиллагаа руу, соёл, заншлаас нийгмийн харилцаа, холбоо руу чиглэсэн хамтын ажиллагаа явуулах бөгөөд ирэх жилүүдэд юу хийж болох талаар ярилцсан. Миний бодлоор энэ нь цагаа олсон айлчлал болсон гэж бодож байна.

-Монголын худалдаачид Туркээс хувцас, гутал, алтан эдлэл багагүй авчирдаг. Манай хоёр улсын худал­даа ямар төвшинд хөгжиж байна. Бид цаашид аль чиглэлээр илүү хам­тарч ажиллаж боломж танд хараг­даж байгаа бол?

-Харамсалтай нь хоёр улс эдийн засаг болон худалдаа харилцааны тал дээр сайн байдаг гэж би хэлж чадах­гүй. Хоёр улсын хоорондын худалдаа 50 сая ам.долларын хооронд болж байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Туркээс Монгол руу экспортлох экспор­тыг нэмэгдүүлэх явдал юм. Гэвч Монго­лоос Турк руу тэр хэмжээний бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж сул. Туркээс Монгол руу 100-гаас илүү төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортолж байгааг бид бүхэн харж байна. Үүнд, барилгын материал, ахуйн хэрэглэл, зуух, төрөл бүрийн хувцас хамгийн их экспортолж байна. Турк, Монголын гадаад худалдааны талаар 2013 онд хүндэт Эрдоан 2015 онд 250 сая ам.дол­лар болгохыг зөвлөсөн юм. Тийм учраас бид хоёр орны худалдааг энэ хэмжээнд хүргэх талаар хичээн ажиллаж байна.   

-Туркийн сургуулийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй их мэдээ­­лэл гардаг. Хүний эрх хэрхэн хангаг­даж байна. Турк улсад монголчууд ихээр сурдаг учраас асууж байна л даа?

-Энэ асуултанд тань яг зөв хариултыг өгч чадахгүй болов уу? Гэх­дээ бид монгол оюутнуудыг тайван, амгалан байдлаар сургахын төлөө ажиллаж байна. 1995 оноос хойш монгол оюутнууд Туркэд боловсрол эзэмшээд төгсөх нэг нь төгсөөд, үлдэх нэг нь үлдээд ажиллаж, амьдарч байна. Манайд боловсрол эзэмшсэн оюут­нуудаас Туркэд үлдсэн нь олон. Сургуулиа төгсөөд Монголдоо ирсэн нь цөөн гэж бодож байна. Одоогийн байдлаар Туркэд 900 гаруй оюутан сурал­цаж байна. Тэдний 1/3 нь БНТУ-ын тэтгэлгээр суралцдаг. Турк улсын аль ч нутаг дэвсгэрт монгол оюутныг харж болно. Цагаан далайгаас Хар тэнгис хүртэл Эгийн тэнгисээс Зүүн тэнгис хүртэл орон зайд анагаахаас сэтгүүлч, эдийн  засгаас олон улсын харилцаа, түүх судлалаас компьютерийн инженер хүртэл бүх төрлийн мэргэжилд Монголын оюутнууд суралцаж, мэдлэг боловсрол эзэмшиж байна. Би энэ бүхнээс маш их баяр баяслыг мэдэрдэг. Монгол оюутнууд Туркэд зөвхөн дипломны төлөө биш Турк улсын соёл заншилтай танилцан, суралцаж байна. Би Туркэд суралцаж буй оюутнуудаас ямар нэгэн хүндрэл бэрхшээлийн талаар сонсч байгаагүй. Тэнд суралцаж буй оюутнууд Монгол Туркийг холбож, ахан дүүсийн харилцааг бий болгодог. Турк улсад 2010, 2012 онд жуулчид их байлаа. Тийм учраас бид бүхэн хүний эрхийн тал дээр маш нарийн ажиллаж хууль баталсан. Турк улсад суралцаж буй оюутнууд бол үнэхээр ямар ч аюулгүй нөхцөлд амьдарч, суралцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Турк улсад сурч буй гадаад оюутнуудын хувьд шинэ хувьсал хийж, шинэ дүрэм, зарчмаар амь­дарч, хамгаалуулж байна. Энэ сэд­вээр бид нарийн мэдээллийг өгч байсан.       

-Түркүүд өөрсдийгөө Хүннүгээс гарал­тай, хөх чоно шүтлэгтэй хэмээн үздэг тухай их сонсч байсан. Умард Хүннүгийн удирдагч Жижиг Шаньюй баруун зүг нүүдэллэсэн нь түрэг аймгуудын өвөг болсон ч гэдэг. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд Сяньби, Жужан улсын дараа хүчир­хэгжиж 552-840 онд төр улсаа байгуулж байсны ул мөр Орхоны хөндий дахь Билгэхан, Культигиний болон Налайх дахь Тонюкикийн дурсгал зэрэг 200 орчим дурсгал үлджээ. Монгол улстай Турк улс Түргийн үеийн булш, олдворууд дээр хамтарч ажилладаг. Шинэ нээл­түүд, ажлын үр дүнгийн талаар бидэнд  дуулгах сонин юу байна?

-Манай хоёр улсыг холбож буй хамгийн хүчтэй зүйл бол хоёр улсын эрт дээр үеийн ёс заншил болон түүх судар юм. Хоёр улсын хооронд 2000-гаад жилийн түүх бий. Яагаад гэвэл анхны Турк улс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан юм. Тийм учраас эртний үеийн Турк улсад хамааралтай 200 гаруй төрлийн олдвор, ул мөр Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон. Бид бүхэн хамгийн чухалд тооцогдох зарим олдворыг өөрсдийн болгож хамгаалалтандаа авсан. 2000, 2003 онд болсон Монгол дахь Турк хөшөө, дурсгал төслийн үеэр зохион байгуулсан ажлын хүрээнд энэхүү хамгаалалтанд авсан. Та бүхэн мэдэж байгаа байх. Хархоринд бидний байгуулсан музей бий. Тэнд Билгэханы хөшөө, дурсгал хэвээрээ байна. Улаанбаатараас зүүн зүг рүү 50 км-ийн зайд Налайхын ойролцоо Билгэханы гар бичмэл байдаг. Мэдээж энэ бүхэн түүхийн маш чухал олдвор юм. Тэр үеийн олон улсын харилцаа, дүрэм, журам, хууль тогтоол гээд бүхнийг шингээсэн түүх бүхий үнэт зүйлс юм. Турк хүн бүр багаасаа хуучны орхун бичгийг /Монгол бичигтэй төстэй эртний Турк бичиг/ сурч, мэддэг. Тийм ч учраас турк хүн болгон эртний бичигтэй хөшөө дурсгалыг ирж үзээсэй гэж би бодож байна.  Үүний зэрэгцээ хоёр улсын ёс заншлын харилцаа, холбоо ч сайжрах юм. Үүнээс үүдэлтэй бид бүхэн Хажэтэпэ их сургуулийн хэл судлалын танхимд Монгол хэл судлалын тэнхим бий болгосондоо маш их баяртай байна.   

-Саяхан Монгол судлалын төвийг Туркэд байгуулсан гэсэн нь тэр байх нь ээ? Манай хоёр улс эрт­нээс харилцаатай, өөр хоорондоо  холбоо­той  байж ирсэн. Сельчукийн хаант улс нь дотоодын тэмцэл, монгол­чуудын довтол­гооноор мөх­сөн гэж түүхэнд тэмдэг­лэдэг. Турк улсад монгол­чууд­­тай холбоотой соёл, түүхийн дурс­га­лууд ч цөөнгүй бий байх. Манай хоёр улсад Турк, Монгол судлал хэрхэн хөгжиж байна вэ?

-Та бүхний хэлсэнтэй санал нэг байна. Уг нь хамгийн зөв үед олдсон олдворууд нь дээр хэлсэн олдворууд юм. Гэхдээ андуураагүй бол Японы археологийн баг Сүхбаатар аймагт хийсэн хайлтандаа бага сага зүйлийг олж авсан байх юм. Үнэндээ бол энэ талаар тэд бидэнтэй хуваалцаж, нарийн мэдээлэл солилцсон юм алга. Гэхдээ энэ олдворуудыг эртнээс туркуудэд хамааралтай гэж хамгаалж байсан. Хэрвээ тийм бол яг одоогийн байдлаар Монгол Улсын зүүн захад олдож буй түүхэн олдворууд нь Сүхбаатар аймагт байгаа болж таарч байна. Түүхэн баримтын талаар таны хэлсэнтэй санал нэг байна. Түүхийн олдворуудыг хайх ажлыг хэдий чинээ их судлах тусам төдий чинээ түүхэн зүйлс баяжиж, олон зүйл олдох нь дамжиггүй. Турк болон монголчууд дундад зууны үед бие биедээ уусч амьдарсан ард түмэн учраас хэнийг нь турк, хэнийг нь монгол гэж ялгах хүртэл асуугдах зүйл биш юм. Чингис хааны хаант засаглал Османы хаант засаглал шиг тийм урт хугацаанд үргэлжлээгүй. Харин монголчууд маш уудам газар нутгийг эзлэн авсан. Өм­нөд болон Хойд Ази, Хятад, Европын газар нутаг руу довтлон орсон. Энэ бүх зүйлд турк үндэстэн гар, бие оролц­сон.

-Манай нийслэлд Анкарагийн гу­дамж бий. Энэ гудамжны тохи­жуу­лах ажилд ч та бүхэн бодитой хөрөнгө оруулалт хийдэг. Энэ гудамжинд бос­­госон хөшөөний ди­зайн их сонирхол татдаг. Учрыг нь сайн мэдэхгүй хүүхдүүд “Бүжигчин эмэг­тэй”-н хөшөө гэдэг болсон байна лээ. Яагаад ийм загвартай хийсэн юм бол?

-Тийм ээ. Энэ нь жаахан инээдтэй бөгөөд сонирхолтой зүйл. Таны асуу­сан зөв л дөө.  Монголын ард түмэнд энэ хөшөөний учрыг хэлэх ёстой. Туркуудын Улаанбаатарт үлдээсэн арилшгүй мөр байгаагийн нэг нь Анкарагийн гудамж юм. Энэ гудамжинд байдаг V сургуулийг Ататуркийн нэрэмжит болгосон. Энэ бол маш чухал. Үүний нэгэн адилаар хотын төв хэсэгт байрлах “Central tower”-ийн урд Турк Монголын нөхөрлөлийн парк бий. Тэнд Турк, Анкара, Истанбулийг багтаасан нэгэн хэсэг хөшөө, дурсгал байдаг. Мөн Анкарагийн гудамжны эхэнд таны бүжигчин эмэгтэй гээд буй Мэвланагийн хөшөө байдаг. Мэвлана нь Афганистанд төрж, Сэлчукэд амьдралаа өнгөрүүлсэн XIII зуунд амьдарч байсан арвин мэдлэгтэй, философич хүн. Түүний булш нь Туркийн Коняа хотод байдаг. Тэрээр энэрэнгүй сэтгэлтэй, хүн бурхан хоёрын хоорондох хайрыг олонд таниулсан гавъяатай хүн л дээ.

-Анкара хотноо хийсэн “Иргэд харил­цан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрам­дах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанд манай хоёр улсын иргэд харилцан зорчих асуу­далд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Таны хэлсэн шиг би хоёр орны ард түмний хоорондын харилцааг маш их чухалчилж байна. Тийм ч учраас бид­ний хийж, бүтээсэн хамгийн том ажил бол 2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд батлагдсан хоёр улсын хоорондын визний асуудлыг шийдвэрлэсэн явдал юм. Туркчуудын хувьд Монгол руу зорчиход визгүй болсон нь цагаа олсон сайхан хэрэг гэж бодож байна. Туркийн Анкара болон Истанбулд л Монголын Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулдаг болохоор өмнө нь өөр хотоос Монгол руу явах хүмүүс маш хүнд нөхцөлийг даван туулдаг байсан бол одоо гадаад паспортоо халааслаад л зорчих боломж­той болсон нь баярлууштай зүйл. Хоёр улсын хооронд нисэх нислэгийн тоог нэмж чадвал жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.  Нарийн тоо гэвэл,  2014 онд Туркээс 2201 зорчигч Монголд иржээ. Үүний 1500 нь эрэгтэй, 620 нь эмэгтэй, 84 нь хүүхэд гэж тэмдэглэгдсэн байна. Эдгээр иргэний 1126 нь албаны ажил хэргээр, тусгай зорилгоор 406 нь, жуулчлалаар 427, ажиллах гэж 122, суралцахаар 84 нь, 35 нь бусад зорилгоор ирсэн байна.  

-Сүүлийн үед Турк иргэд Монголд ирж бизнес хийх болсон. Ялангуяа үйл­чилгээ, рестораны чиглэлд хөрөн­гө оруулалт их хийж байна. Туркийн шорлог, кибабыг монголчууд амтар­хан иддэг болсон. Манай нөхцөл хэр санагд­даг вэ?

-Тийм ээ, таны зөв. Монголд сүүлийн үед турк зоогийн газар нэмэгдсэн. Би бас ажиглаж л байлаа. Энэ чиглэлээр ажиллаж буй өөрсдийн иргэддээ хандаж хэлэхэд, та бүхний тоо нэмэгдэх хэрэгтэй. Гэхдээ тэр хэмжээгээрээ чанартай үйлчилгээ санал болгох хэрэгтэй гэмээр байна. Миний хувьд, гадуур гарч, Монголд юу болж буйг сонирхож, танилцаж явдаг дипломат хүн. Харж байхад, Монголд япон, хятад, солонгос, франц, итали, энэтхэг хоолны газрууд их байна. Энэ бүгдээс турк хоолны газруудыг урдаа барьдаг, том газар болгох сонирхол бидэнд бий. Зөвхөн хоолны газар ч гэлтгүй туркийн гурил болон цагаан хэрэглэл, гал тогооны хэрэгсэл гээд маш олон зүйл Монголд орж ирж байна. Яваандаа хоёр улсын хоорондын ажил хэрэг, нийгмийн даатгалтай холбоотой харилцаа ч өргөжин дээшлэх байх гэж найдаж байна.


Л.НАРАНТӨГС

Эх сурвалж: "NEWS  WEEK" сонин


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж