Завхан аймагт энэ жил түүхэн тэмдэглэлт ой олноор давхцаж байгаа юм. Энэ сард Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилга болохтой холбогдуулан долдугаар сарын 1-12–нд Улаанбаатар хотноо “Завханы өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах болжээ. Нийслэлчүүд Завханы урлаг соёлын өдрүүдээр 999 морин хуурч, 100 уртын дуучин, 50 хөөмийчийн хамтарсан томоохон тоглолтыг үзэхийн зэрэгцээ Завхан нутгаас төрсөн алдартнуудыг сурталчлах үзэсгэлэн, нүүдлийн музей, байгалийн гэрэл зургийн болон хүүхдийн уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой гэнэ. Мөн үеэр Завхан нутгийн авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн тоглолт болон мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн концерт, Жалханз хутагт Дамдинбазарын амьдралаас сэдэвлэсэн түүхэн драмын жүжгийг шинээр туурвин тавих гэж байна. Түүнчлэн Завхан нутгаас төрсөн урлагийн мастеруудын хамтарсан гала тоглолт, Завхан аймгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар нийслэлчүүдэд үйлчлэх юм байна.
А.Зул