Тендерийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Тендерийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Тендерийн хуулийн төсөлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Ламбаа эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулна гэсэн заалт дотор тоног төхөөрөмжийг багтааж өгөхийг хүсэв. Учир нь одоо мөрдөж буй хуулиар аль бага үнийн санал ирүүлсэн компанийг тендерээр шалгаруулдаг тул эмнэлгүүдэд чанаргүй тоног төхөөрөмж нийлүүлэх байдал газар авчээ. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуулиар дээрх заалтыг тусгах боломжгүй болсон байв. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд анхнаасаа тоног төхөөрөмж гэсэн үгийг зааж оруулаагүй байсан. Хэрвээ төслийг ажлын хэсэг болоод байнгын хорооны төвшинд хэлэлцэх шатанд гишүүд дээрх саналыг гаргаж дэмжлэг хүлээсэн бол тоног төхөөрөмжийг багтааж оруулах бололцоо байсан, одоо боломжгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд өгөв.

Сайд С.Ламбаа “Эм эмнэлгийн хэрэгслээс гадна тоног төхөөрөмжийг худалдан авахдаа үнийн өндөр санал ирүүлсэн компанийг шалгаруулна гэсэн заалт оруулж өгөхгүй болохоор дутуу дулимаг хууль батлагдчихаад байна” хэмээн төсөлд сэтгэл дундуур байгаагаа хэллээ.

Ингээд эцэст нь энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж