Ард түмнээс итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд ам амандаа “хариуцлагатай байх” тухай ярьдаг. Харин өөрсдөө хариуцлага хүлээхээс үхтлээ “айдаг” бололтой. Гишүүд хариуцлагаас зугтдаг, хариуцлага хүлээхээс айж явдагийг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нотлох шиг болов. Ерөнхийлөгчөөс эхлээд баг, хорооны засаг дарга хүртэлх албан тушаалтнууд, дээрээс нь сонгогддог, томилогддог төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр уналаа.
Төрийн албыг хариуцлагажуулах Ерөнхийлөгчийн цогц санаачлагын нэг нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль.
Харамсалтай нь, өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав. Байнгын хорооны гишүүдийн хэлсэн үг уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.
УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: Энэ хууль бол Монголын төрийг сульдаасан, дархлааг нь сулруулсан хууль. Юунд хойшлуулах тухай амь аргацаасан юм ярьдаг юм бэ. Наад хууль чинь ердөө 15 байна уу, үгүй юу хүний нийлж бужигнуулах асуудал юм билээ. Хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналтай байна.
УИХ-ын гишүүн Г.УЯНГА: Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэдэг чухал асуудал. Монгол төрийн албыг анх ажилд орж босго давах, орсон хойноо алдаа гаргасан бол хариуцлага тооцох гэсэн хоёр шатлалтай гэж ойлгодог. Гэтэл тус хуулинд зөвхөн хариуцлагын асуудлыг тусгасан нь өрөөсгөл болсон байна. Энэ хоёр асуудлыг цогцоор нь тусгаж өгөх нь зүйтэй. Өнөөдөр энэхүү хууль нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа. Хуулийн хэлэлцүүлгийг ямар нэгэн байдлаар явуулах хэрэгтэй. Хуулинд ямар зүйл заалт орсныг харуулах хэрэгтэй. Үүнийг буцаавал нийгэм хүлээж авахгүй. Энэ хууль бол хамгийн том популизм. Хамгийн их таалагдах хууль.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ: УИХ-ын Тамгын газар сүүлийн үед их сайн ажиллаж байгаа. Ямар нэг асуудал өргөн барихаар ийм тийм баримтын бүрдэл дутуу гэдэг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй хуулийн төслийг хүлээж авсан байна.
УИХ-ын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ: Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэлт гарсан учир УИХ-ын дарга хуулийн төслийг санаачлагчид нь буцаах хэрэгтэй.
Гишүүдийн хэлсэн дээрх үгнээс Монголын төрийг, төрийн албыг хариуцлагатай болгох, өөрсдөө хариуцлага хүлээх ямар ч сонирхолгүй нь тодорхой харагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монголын төрийг сульдаасан, дархлааг нь сулруулсан хууль” гэж шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэх халхавчин дор дураараа дургиж байгааг таслан зогсоохыг олон нийт хүсэн хүлээж шаардсаар байна. Харин ч эсрэгээрээ энэ хууль Монгол төрийн залгамж чанар, тогтвортой, хариуцлагатай байдалд чухал алхам болох учиртай. Эрхэм гишүүн “Монгол төрийн дархлаа” гэх халхавчин дор аливаа хууль бус үйлдлийг нуун дарагдуулахыг санаархаагүй л бол хуулийн төслийг буцаана гэж хэлэх учиргүй санагдана.
УИХ-ын гишүүн Г.Уянга сэтгүүлч, иргэний хөдөлгөөнийг манлайлж явсан цагаасаа улстөрчдөөс байнга хариуцлага нэхэж ирсэн хүний нэг. Гэтэл өөрөө саарал ордонд тухалж, төрийн түшээ болсныхоо дараа хариуцлагын хуулийг дэмжихийн оронд “Энэ бол хамгийн том популизм” гэж мушгисан нь гайхширмаар. Энэ гайхширмаар үйлдлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мөн л үргэлжлүүлэв. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан давхар дээлийг тайлах тухай хуулийн төсөл өмнө нь яг иймэрхүү маягаар унаж байсан. Наанаа давхар дээлтэй байх нь байж боломгүй зүйл гэцгээсэн ч эцэст нь дан дээлтэй даарахаас айж, давхар дээлтэй халууцаж явах сонголтыг хийцгээсэн шүү дээ.
Хариуцлагын хуулийг дэмжээгүй гишүүдийн зарим нь “Үндсэн хууль зөрчсөн хуулийн төслийг хүлээж авалгүй буцаачихаж бай” гэх үгс унагасан. Уг нь аливаа хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга шийдэх эрхгүй. Үүнийг гагцхүү Үндсэн хуулийн цэц тогтоодог. Гэтэл “хариуцлагын хууль” Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц тогтоогоогүй, хэлэлцээгүй байхад гишүүд хар хэрээ шиг гуагчиж эхэллээ. Нөгөө талаас энэ бол Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах онцгой эрхэд халдсан үйлдэл болж байгаа юм.
Хууль санаачлагчийн хувьд иргэд сонгож, итгэл хүлээлгэсэн хүндээ эргээд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж үзэж буй. Жишээ нь тухайн гишүүн сонгогчдынхоо итгэлийг даагаагүй, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд дараагийн сонгуульд итгэл хүлээлгэхгүй, нэр дэвшүүлэхгүй байх сонголтыг сонгогчдод өгч байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, тэр нь нотлогдвол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэж заасан.
Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулинд тухайн итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид нь тухайн гишүүнийг эргүүлэн татах эрхтэй, тухайн тойргийн нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэхээр тусгасан. Энэ мэт гишүүдийн өөрсдийнх нь хувь заяатай нь холбоотой асуудалд иймэрхүү янзтай хандаж байна.
Монголын төрд “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн хэмээн тодотгосон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн үгийг эрхэм түшээдэд дахин сануулчихъя.
С.ОТГОНСҮРЭН