УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч хойшлууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, "Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэдэг бол чухал асуудал. Монгол төрийн албыг анх ажилд орж босго давах, орсон хойноо алдаа гаргасан бол хариуцлага тооцох гэсэн хоёр шатлалтай гэж ойлгодог. Гэтэл тус хуулинд зөвхөн хариуцлагын асуудлыг тусгасан нь өрөөсгөл болсон байна. Энэ хоёр асуудлыг цогцоор нь тусгаж өгөх нь зүйтэй. Өнөөдөр энэхүү хууль нийгэмд хүлээлт үүсгэж байгаа. Хуулийн хэлэлцүүлгийг ямар нэгэн байдлаар явуулах хэрэгтэй. Ямар зүйл заалт орсныг харуулах хэрэгтэй. Үүнийг буцаавал нийгэм хүлээж авахгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, "УИХ-ын Тамгын газар сүүлийн үед их сайн ажиллаж байгаа. Ямар нэг асуудал өргөн барихаар ийм тийм баримтын бүрдэл дутуу гэдэг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй хуулийн төслийг хүлээж авсан байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэлт гарсан учир УИХ-ын дарга хуулийн төслийг буцаах хэрэгтэй" гэлээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналыг олонх нь дэмжсэн юм. Уг асуудлыг байнгын хорооны дарга А.Бакей УИХ-ын даргад танилцуулах юм байна.
С.ОТГОН