УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон гишүүдээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөвшөөрөлгүйгээр мод огтолж, байгаль орчинд хохирол учруулсан иргэнийг 1 жил хорино гэхийн оронд 1000 ширхэг, 2000 ширхэг мод тарьж, нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж хохирлоо нөхөн төлдөг байх гэсэн санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээлээ.
Монгол Улсын ойн сангийн нийт талбай 18592.4 мян.га газрыг эзэлдэг байна. Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн 12552,9 мян.га талбайг нийт нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулахад ойрхог чанар 8.03 хувь аж. Ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй талбайг газрын төрлөөр нарийвчлан авч үзвэл тармаг мод 3476,7 мян.га, шатсан ой 1196,8 мян.га, мод бэлтгэсэн талбай 124,1мян.га, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай 95.7 мян.га, байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230,5 мян.га, байгалийн гамшигт нэрвэгдсэн ой 0.9 мян.га юм байна.
Монгол Улсын ойн нийт нөөц 1316,3 сая.м3 бөгөөд Монгол орны ойн сангийн нийт талбайн 82,8 хувийг хамгаалалтын бүсийн, 17,2 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлдэг.
Улсын хэмжээнд 7 аймгийн нутагт ашиглалтын бүсэд хамаарах 2305,4 мян.га ойд түүвэрлэх огтлолтоор жилд 13627,3 га талбайгаас 365,38 мян.шоометр, аажим огтлолтоор 19338 га талбайгаас 3168,9 мян.шоометр модыг авч ашиглах биологийн боломжит нөөц байдаг гэнэ. Жилд дундажаар 69,0 мян. шоометр үйлдвэрлэлийн хэрэглээний мод, 530 мян. шоометр түлээний мод, нийт 569 мян. шоо метр мод бэлтгэж иржээ.
Тиймээс Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр дор дурдсан үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:
- Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрнэ;
- Модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 100.0 хувьд хүргэж, мод, модон бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг хангаж, хөдөөд ажлын байр нэмэгдэж, ядуурлыг бууруулахад ахиц гарна.
- Монгол орны ойн тогтвортой менежмент бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно.
- Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна.
- Монгол орны говь, тал хээрийг ойжуулах агро-ойн аж ахуйн үндэс суурь тавигдана.
- Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.
Бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах төсвийн төсөөллийн тооцооноос үзэхэд 2020 он хүртэлх хугацаанд 220 тэрбум 200.0 сая, 2030 он хүртэлх хугацаанд 888 тэрбум 320.5 сая, төгрөг шаардлагатай аж. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, донор орнуудын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл зэргээс гаргахаар тооцжээ.
Г.ДАРЬ