Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

“З” төлөвлөгөө

Тавантолгойн гэрээний төсөл хэлэлцэж амжаагүй уналаа. Унагах болсон шалтгаанаа УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зевшеерлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав” гэсэн товч бөгөөд тодорхой үндэслэлээр тайлбарлав.

УИХ-ын Тамгын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод явуулсан бичигт “…УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хуулийн дагуу хангах талаар өгсөн үүргийн биелэлтийг төсөлд ирүүлээгүй…” гэжээ. Ийнхүү иргэдийнхээ байр суурийг сонсч байж долоо хэмжиж нэг огтлох монгол ухааныг тулгаад буй УИХ-ын даргын жиргээний хариуд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өргөдлийн байнгын хороо хэзээнээс Эдийн засгийн байнгын хороог давж эрхлэх асуудлаар нь ЗГ-т чиглэл өгдөг болсон юм” гэж жиргэсэн нь анхаарал татна. Тавантолгойн гэрээний төслийг гардан хариуцаж буй М.Энхсайхан “Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан” гэдгийг хэллээ. Үүнээс үзвэл 1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно гэдгийг тэрээр дурдаад “Саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ” гэдгээр тайлбарлав.

Тавантолгойн ордын гэрээг улс төржүүлэхгүй байхыг шинжээчид, эдийн засагч нар зөвлөж, энэ гэрээний төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн явцад унах магадлал өндөртэйг анхааруулан болгоомжилж байсан ч түүнээс ч өмнө ийнхүү уналаа.

УИХ-ын дарга даваа гаригт бүлгийн хуралдаа оролцож энэ асуудлыг нэг тийш цэгцлэх гэсэн боловч өөрийн хүссэнээр дөнгөөгүй болохоор өөр гарц хайж эхэлсэн бололтой. Ингээд байдал бишдсэн учраас УИХ-ын дарга З.Энхболд нарийн тооцоолж, тоо бодсоны эцэст тийнхүү чуулган оруулахаас өмнө буцаалгасан хэрэг болж таарав.

Хэрэв Тавантолгойн ордын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцсэн бол тэрхүү болгоомжлол бодитоор байсан нь үнэн. Унагаах нь Монголд ашигтайг ч УИХ-ын хаврын чуулган эхэлсэн цагаас эхлэн УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар телевизүүдээр ухуулж, ил болоогүй гэрээний алдааг шүүмжилж, Монголд ашиггүй болсон талаар хангалттай сэрэмжлүүлсэн. Гэхдээ сүүлийн өдрүүдэд нэг зүйл ажиглагдсан нь хэрэв энэ гэрээг парламентаар оруулбал унахаас илүү батлагдчих магадлал өндөр байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувиар Б.Гарамгайбаатар “Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орох ёстой, өгөөжөө өгөх ёстой, үйл ажиллагаа нь богино хугацаанд сэргэх ёстой” гэснээс үзэхэд АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Тавантолгойг яаралтай хөдөлгөх сонирхолтой байна гэх харагдана. УИХ-ын дарга даваа гаригт бүлгийн хуралдаа оролцож энэ асуудлыг нэг тийш цэгцлэх гэсэн боловч өөрийн хүссэнээр дөнгөөгүй болохоор өөр гарц хайж эхэлсэн бололтой. Ингээд байдал бишдсэн учраас УИХ-ын дарга З.Энхболд нарийн тооцоолж, тоо бодсоны эцэст тийнхүү чуулган оруулахаас өмнө буцаалгасан хэрэг болж таарав.

Учир нь Б.Гарамгайбаатар “Асуудлыг УИХ-аар зайлшгүй хэлэлцүүлэх ёстой, УИХ-аас Тавантолгойтой холбоотой асуудлаар хэд, хэдэн тогтоол гарсан. Гэрээ хэлцэл нь түүнд нийцэж үү гэдгийг үзэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс энэ асуудлуудаа нягтлах ёстой л гэсэн байр суурь барьж байна” гэсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 15 нь дэмжих магадлалтай байгаа бол үлдсэн 11 нь дэмжихгүй гэсэн мэдээлэл бий. Дэмжихгүй байх магадлалтай нөхдүүд нь МАН-ын дарга М.Энхболдын талынхан. Тиймээс хоёр Энхболдууд нийлээд ч Тавантолгойн ордын гэрээ УИХ-аар батлагдах нь “аюул” нүүрлэсэн учраас замаас нь зайлуулав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад явуулсан бичигт дурдаад буй бичиг баримтыг хоногийн хугацаанд бүрдүүлж, дахин өргөн барьж болох байсан учраас УИХ-ын даргын дахин цаг хожин “янаглах” гацаалт нь хоёр сая иргэний гарын үсгийг цуглуулах байлаа. Ийнхүү нийгмийг талцуулсан маргаан болгож гацаах эхний төлөвлөгөө нурвал хоёр дахь төлөвлөгөө болох улстөрчдийг хөдөлгөх хоёр дахь төлөвлөгөө тооны зөрүүгээр бүтэлгүйтэв. Үүний дараа нөөцөнд бэлдсэн төлөвлөгөө “3” амжилттай хэрэгжүүллээ.

Хууль зүйн талаасаа Засгийн газраар энэхүү гэрээг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт нь бий. Үүнийг ч УИХ-ын дарга мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас хаврын чуулган нээмэгцээ гэрээнд гарын үсэг зурсан сайдыг өөрийн биеэр огцруулна гэж шуудхан хэлсэн. Өнгөц харахад энэ үг М.Энхсайханд хаяглаж байгаа мэт боловч үнэндээ Засгийн газрын тэргүүнд хаягласан “шуудан”. Засгийн газрын тэргүүн тэнэг юм биш болохоор үүний дараа УИХ-ын даргатай шууд өрөхөөс зайлс хийж, аль болох бултах тактик барьсан ч явцгүй болсон болохоор өчигдөр бүлгийнхээ хуралдаанаар ширүүхэн үзэлцээд авсан сураг байна. Харин УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих цаг өгөхгүй гэдгээ хэлсэн гэнэ.

Ийнхүү УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн өмнөөс шийдвэр гаргаж, монголчуудын нэрийг барин “Хорломаадаж” Монголын эдийн засгийн “донор” болоод буй Тавантолгойн төслийн гэрээг гацаалаа. “З” төлөвлөгөөний дараагийн төлөвлөгөө нь төслийг өргөн барих цаг өгөхгүй байх бололтой. УИХ-ын өмнөөс нэг хүн шийдвэр гаргаж байна. Харин Тавантолгойг эргэлтэнд оруулахгүй сонирхол хэнд байна вэ? Цаг алдах тусам энэ гэрээ үнэ цэнээ алдаж, Монголын эдийн засаг сэргэх боломж төдий хэмжээгээр хумигдах нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж