“Таван цагариг”-аар овоглосон 20 жил

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

“Таван цагариг”-аар овоглосон 20 жил

Өрхийг нь татаж, тулганд нь галыг нь бадраасан сонины маань 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээ, “Таван цагариг” хэмээх нэгэн “айл” өдгөөгөөс яг хоёр арваны тэртээ аугаа их спортын түүчээг, алдарт тамирчдынхаа амархан олддоггүй ялалтын торгон агшинг түүх болгон тэрлэн үлдээж байхаар мэндэлсэн.

Туулан өнгөрүүлсэн энэ хугацаанд хугацаанд манай сонин тоолж, тоочиж барамгүй олон спортын үйл явдал, уралдаан тэмцээний мэдээллийг уншигч олондоо, спортын хорхойтнууддаа хүргэсээр ирсэн, цаашид ч 30, 40 жил, хагас зуун жил, хэдэн зуунаар буухиалан хүргэсээр байх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй итгэдэг. Учир нь спорт хэмээх энэ агуу зүйл байгаа цагт “Таван цагариг”сонин байх л болно гэж сэтгэдэг .

Монголын төдийгүй дэлхийн спортын сэтгүүл зүйд өөрийн орон зайгаа баттай олсон, “ хэлд, хөлд” орсон үеээ тэртээ ард орхин “эрийн цээнд” хэдийнээ хүрсэн сонин болжээ, “Таван цагариг” маань.

Манайхны хүрээгүй тив байхгүй, очоогүй орон цөөхөн, үзэж, сурвалжлаагүй уралдаан тэмцээн бас бараг л үгүй. Миний хувьд л гэхэд “Таван цагариг”-аараа овоглон Зуны болон Өвлийн олимпийн наадам, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн өсвөр үеийн наадам, Азийн наадам, бокс, уран гулгалт, хоккейн ДАШТ, волейболын Дэлхийн лиг, Регбийн дэлхийн цом, сагсанбөмбөгийн Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн, хөлбөмбөгийн Хойд Америк болон Карибын тэнгисийн орнуудын “Алтан цом” АШТ, Теннисний “Их дуулга”, НХЛ-ийн “Бүх оддын тоглолт”, мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөө тулаан, Гранд Сүмо, НФЛ, НБА, МЛС-н тоглолтууд, чөлөөт бөхийн Дэлхийн цом, жүдо, тэшүүр, чөлөөт бөхийн тивийн АШТ гэх мэт олон л уралдаан тэмцээн, тоглолтыг сурвалжилжээ.

Манайхан олон юман дээр “онгирох” биш бахархалтай , бардмаар бид чадсан гэж хэлэх бүрэн эрхтэй. Ганц хоёрхон жишээ хэлье. Монголын хэвлэл мэдээллээс өөрийн сурвалжлагчаа Олимпийн наадамд хамгийн олон удаа явуулсан сонин бол гарцаагүй манайх. Бас манайх л анх мэргэжлийн сүмог монголчууддаа таниулж, манайх л анх Япон, БНСУ, Англи, БНХАУ, Америкт өөрийн сурвалжлагчтай байж чадсаан.

Монголын сэтгүүлзүйн түүхэнд анхны бөгөөд өнөөдрийн байдлаар өөр тохиолдол гараагүй спортын өдөр тутмын сонинг бид гаргаж байсан. Тухайлбал “Франц-1998” хөлбөмбөгийн дэлхийн аварга, “Сидней-2000” Олимпийн үеэр.

Манай, бидний өөрсдийн хэлж заншсанаар “Цагариг”-ийнхан бас ихээнхэн азтай, хувьтай. Ш.Отгонбилэг, Ц.Балдорж гээд ховор сайхан хүмүүсээр удирдуулж явж. Бидний дундаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ий ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга төржээ. Бүүр “Болор цом”-ын эзэн, даамын ОУМ, триатлоны олон улсын шүүгч, хөлбөмбөгийн спортын мастер, сагсанбөмбөгийн дасгалжуулагч, чөлөөт бөхийн улсын шүүгч, гэрэл зургийн гран при шагналтан ч манайхны дунд бий.

Монголын төдийгүй дэлхийн спортын түүхэнд алдраа дуурсгасан, амжилтаа үлдээсэн олон сайхан тамирчидтай ойр дотно найзалж, нөхөрлөж , ойр дотно явдаг маань хамгаас гоё.

Бид бас олоон , маш олон “тойрон хүрээлэгч”-тэй. Албан ёсоор “Таван цагариг”-т бүртгэлгүй ч, сэтгэл зүрхээрээ байнга бидэнтэй “уяатай” байж ирсэн , цаг хугацааны шалгарлыг давсан, хамтдаа туулсан нөхөд маань.

Манайхны хүчтэй, хийморьтой байдгийн нэг шалтгаан нь биднийг хамгийн ихээр ойлгодог, спортын сайхныг биеэрээ бус ч, бодитоор мэдэрч чаддаг баттай “ар тал” болсон гэр бүлийнхэн маань.

Бас үе үеийн “Цагариг”-ийн авьяаслаг сэтгүүлч, сурвалжлагч, ажиллагсдын сэтгэл, зүтгэл, нөр их хөдөлмөрийг заавал дурьдах учиртай энэ өдөр.

Та бүгдэд баярын мэнд хүргэе!

Хүмүүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болсон Олимпийн бэлгэдлээр нэрлэсэн сониноор овоглож явна гэдэг сайхаан.

“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Цэрэнсодномын Энхтүвшин.

2015 оны дөрөвдүгээр сарын 22. Сан Франциско, Калифорниа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж