Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу "Авъяаслаг Азичууд" нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхлээд байгаа.
Тус шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож, анхан шатны шалгаруулалтдаа амжилттай тэнцсэн байна.
Тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийн эзэд болох билээ. Тэгвэл одоо “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй хоёрдугаар ээлжний шалгаруулалт энэ сарын 23-27-ны хооронд зохион байгуулагдах юм байна.
Энэ талаар тус хамтлагийн гишүүн өөрийн фейсбүүк хуудсандаа “За манайхаан дөрөвдүгээр сарын 23-ны оройн 21:05 цагаас 27-ны 24:00 цаг хүртэл гуравхан өдөр манай “Хөсөгтөн” хамтлагийн оролцож буй “Asia Got Talent” шоуны энэ удаагийн шатны шалгаруулалтын санал асуулга явагдах гэж байна.
Энэ сарын 23-ны өдрөөс санал авах линкийг тавина. Бид хэдийгээр хүн ам цөөтэй ч гэсэн үзэж тарна гэж бодож байгаа шүү. Манайхаан биднийгээ болон Монгол Улсаа дэмжээрэй. Жич: Дөрөвдүгээр сарын 23-наас шүү. Нэг хүн нэг санал авна. Тийм учраас андуураад одоо ороод дайсны талд дарчих ваа. За амжилт манайхаан” хэмээн бичиж үлдээжээ.
Эх орноо Азид төлөөлж буй “Хөсөгтөн” хамтлагаа болон Монгол Улсаа дэмжиж "Asia"s Got Talent" фэйсбүүк хуудсаар Сингапурын цагаар энэ сарын 23-ны 20:05 минутаас эхэлж 27-ны 23:59 минутын хооронд явагдах санал асуулгад зочилж дэмжиж буйгаа илэрхийлж саналаа өгөөрэй.
Т.АНУ