Цагаачдын хөлгийн ахмад Мухаммед али Малек, түүний туслах 25 настай Махмуд Бихит нар
Газар дундын тэнгист өнгөрсөн ням гаригт /IV.19/ осолдсон цагаачдын хөлөгт Эритрей, Сири, Сомали, Сьерра-Леоне, Мали, Сенегал, Гамби, Кот-д-Ивуар, Этиоп, Бангладеш, Ливи зэрэг олон орны иргэд зорчиж явжээ. Ливи улсаас Европыг зорьсон цагаачдын хөлөгт тэнгист осолдсоноос 800 гаруй хүн амь үрэгдсэн байж болохыг Италийн албаныхан мэдээлэв.
Италийн прокуророос мэдээлснээр цагаачдын хөлгийн осол даац хэтрүүлсэн болон жолоодлогын алдаанаас болж гарсан байна. Цагаачдын хөлөг аврахаар ирсэн худалдааны усан онгоцыг мөргөснөөс хөмөрч осолдсон нь тогтоогджээ. Осолд хөлгийн ахмад 27 настай Мухаммед али Малек болон туслах 25 настай Махмуд Бихит нарыг буруутган баривчилсан юм. Тэднийг шүүх хурал маргааш болох аж.
Олон улсын цагаачдын байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн онтой харьцуулвал 2015 онд амь үрэгдсэн цагаачдын тоо гурав дахин нэмэгдсэн байна. Энэ он гарсаар 1700 гаруй цагаач иргэн амь үрэгджээ.
Б.АНХТУЯА