Ослын даатгалын форум эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Ослын даатгалын форум эхэллээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Германы ослын даатгалын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим  хамтран “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил-Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форумыг  зохион  байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус форум өнөөдөр эхэлж байгаа юм.  Сүүлийн жилүүдэд хүн ам зүйн, эдийн засгийн, ажиллах хүчний, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг нийгмийн шинжтэй томоохон өөрчлөлтийн шаардлага хэрэгцээг  үндэслэн нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөн сайжруулах шаардлагатай гэж энэ салбарынхан  үзэж байна.  Тухайлбал, хотын хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж, нийт хүн амын 50 илүү хувь нь нийслэлд, 70 орчим хувь нь орон нутагт амьдарч байгаа,  барилга, барилгын материал, эрдэс баялагийн хайгуул, олборлолт, зам гүүрийн барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрүүд хөгжиж, эдгээрт салбарт ажиллагсдын тоо нэмэгдсэн нь Даатгуулагч (иргэд)-ийн ахуйн осолд өртөж, хөдөлмөрийн чадвар алдах, эрүүл мэнддээ хохирол амсах шалтгаан болж байгааг онцолжээ.

Ахуйн осолд хүүхэд багачууд, үйлдвэрлэлийн осолд ихэвчлэн 19-35 насны  залуучууд өртөж, хөдөлмөрийн чадвар алдаж насаараа хөдөлмөр эрхлэх боломжгүй нийгмийн хамгаалал шаардсан иргэдийн тоог нэмэгдүүлж байгаа нь судалгаанаас харагдаэ байна.

Нийгмийн даатгалын сангаас 2014 онд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон 5 425 тэтгэвэр авагчид 27.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Тус сангаас 2014 онд үйлдвэрлэлийн ослоос урьдчилсан сэргийлэх зардалд 164.2 сая төгрөг, нөхөн сэргээх зардалд 822.3 сая төгрөг тус тус зарцуулсан боловч ажлын үр дүн сайгүй  байна. Өөрөөр хэлбэл нийт тэтгэвэр авагчдын 75 хувь нь 10-аас дээш жил тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа нь нөхөн сэргээх ажил хангалтгүй, үр дүн муутай байгааг гэрчилнэ гэж салбарынхан  дүгнэсэн байна.

Өөр хоорондоо ажил үүргийн уялдаа холбоо муутай, хариуцлага, урамшууллын хөшүүрэг бүхий нэгдсэн бодлого зохицуулалтгүй байдал нь ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тохиолдолд буй эрсдлээс урьдчилан сэргийлж, эрсдлийг хуваалцах, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээхэд бодитой дэмжлэг болж чадахгүй байгааг өөрчлөх  ажлыг эхлүүлэх нь энэхүү форумын зорилго  аж. Ахуйн болон Үйлдвэрлэлийн ослын нийгмийн даатгалын тогтолцоог даатгуулагч иргэдэд ээлтэйгээр хөгжүүлсэн ХБНГУ-ын Ослын даатгалын байгууллагатай НДЕГ  2013 оноос амжилттай хамтран ажиллаж, энэ Форумыг хамтран зохион байгуулж байгаа  аж.

Форум  өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилж Монгол Улсын өвөрмөц онцлогт тохирсон ахуйн болон үйлдвэрлэлийн ослын даатгалын тогтолцоог сайжруулан хөгжүүлэх зөвлөмжийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ажил олгогчид, нийгмийн даатгалд даатгуулагчид, судлаач мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд гаргах юм байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж