УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаан нэлээн ширүүн уур амьсгалд өрнөжээ. Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын дунд гол маргаан өрнөсөн байна. УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний төслийг ямар шалтгаанаар буцаасан тухай мэдээллийг бүлгийн гишүүдэд өгч, Ерөнхий сайд харин хуулийн төсөл хууль зөрчөөгүй хэмээн хамгаалжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл та нарын гэрээгээр Монголын ард түмний эзэмших ёстой хувьцаа Шинхуад шууд очих болж байгаа, Монголын талын эзэмших 51 хувь хаана байгаа юм. Ийм хууль зөрчсөн гэрээний төсөлд өргөн барих цаг өгөхгүй” гэжээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн “1072 хувьцаа бол Ардчилсан намын ард түмэндээ амласан амлалтын нэг. Хувьцаа чигээрээ үлдэх ёстой” гэсэн санал хэлж, энэ асуудлыг тойрч ярилцжээ. Гэвч Тавантолгойн асуудал дээр бүлгийн гишүүд нэгдсэн саналд хүрч чадалгүй хуралдаанаа өндөрлүүлжээ.
Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч зөвхөн Тавантолгойн асуудлыг хэлэлцсээр таарчээ.
Г.ДАРЬ