Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба өнгөрөгч лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдааны дараа өөрийн твиттер хуудсаар дамжуулан нэгэн мэдэгдлийг хийсэн байна. Засгийн газрын хуралдаанаас ''эмнэлэг эрvvлжvvлэх'' болсон асуудлыг өөрчилж, цагдаагийн байгууллагын чиг үүрэгт хариуцуулах болсныг баяртайгаар мэдээлжээ. Ингэснээр 2013 онд УИХ-аар баталж, 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газар хэрэгжүүлэхгүй гэдгээ ил тодоор зарлалаа.
“Эрүүлжигсэд”-ийн тоо эрс цөөрөв
Уг хууль батлагдахаас өмнө бол архи ууж хэтрүүлэн хэрэглэснээс биеэ хянах чадваргүй болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг эрүүлжүүлэх үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг байв. Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн дэргэд “Эрүүлжүүлэх байр” нэртэй тусдаа камер ажиллуулж, архи уусан, согтуурсан, олон нийтийн газар болон гэртээ хэрүүл зодоон хийж, агсан согтуу тавьсан этгээдийг бөөнөөр нь аваачиж хорьдог байлаа. Тэр байтугай таксины жолоочтой км-ын хэрүүл хийсэн нөхдийг хүртэл “Энэ чинь мөнгөө төлөхгүй байна” гээд эрүүлжүүлэхэд аваачаад тушаачихаж болдог байв. Цаадуул нь ч гэсэн баярлаад л авна, гадуур эргүүлд явж гутлаа элээх шаардлагагүйгээр камер нь дүүрч байхад арга байж уу.
Хэдийгээр “Эрүүлжүүлэх байр” нэртэй ч тэр нь ямар нэг эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэггүй, согтуурсан, эсвэл тас үсэрсэн нөхдүүдийг эр, эмээр нь ялгаж байгаад хувцсыг нь тайчиж нүцгэлээд бөөнөөр нь нэг камерт түгжчихдэг. Маргааш нь энэ “үйлчилгээ”-нийхээ төлөө мэдээж төлбөр авна, хэрвээ цагдаа “ах” нартай үг сөргөсөн, маргасан, эсэргүүцсэн бол “захиргааны хариуцлага” нэрээр баривчлах ч юм уу, илүү өндөр мөнгөн торгууль төлүүлдэг. Хонхны баяр, төгсөлтийн үдэшлэг, хичээлийн шинэ жилийн нээлт, шинэ жил, цагаан сар, цэргийн баярын үеэр бол “Эрүүлжүүлэх байр”-ны ачаалал хэтэрч, монголчууд нийтээрээ архинд донтох болсон талаар “аймаар” мэдээ, сурвалжлагууд телевизүүдээр хөвөрнө дөө. Хамаг хувцсаа хүчээр тайчуулаад төрсөн биеэрээ үлдсэн нөхдүүдийг эр, эм гэхгүй камерийн өмнө бүлтэгнүүлж байгаад “Яагаад архи уусан, хэнтэй уусан, хэр ихийг уусан” гэх зэргээр байцаах энэ тэр бол юу ч биш байлаа. Согтуу хүнд хүн ёсны эрх, нэр төр ч гэж байдаггүй шиг байгаа юм.
Үүнийх нь үр дүнд монголчууд архинаас холдож шалиагүй ч гэлээ хүн болгон цагдаагаас айдаг /ялангуяа ямар нэг хэмжээгээр юм үнэртүүлсэн бол/, бас цагдаагийн байгууллага ч гэсэн төлбөр, торгуулиар “хөөрхөн” мөнгө олчихдог байсан байх. Гэхдээ нэг эмгэнэлтэй зүйл нь нэгэнт цагдаагийн байгууллага маань өөрөө эмнэлгийн байгууллага биш учраас тэнд ямар ч эмчилгээ үйлчилгээ гэх юм байхгүй. Дээр нь цагдаа нар биеэ хянах чадваргүй, эсвэл шаардлагыг нь эсэргүүцсэн нөхдөд хатуу ширүүн ханддагаас болж хүний амь эндэх тохиолдол ч мэр сэр гардаг байв. Улсын цолтой, нэлээд нэртэй цуутай аавын хүү эрүүлжүүлэхэд нас барсан тохиолдол ч бий.
Хамаг хувцсаа хүчээр тайчуулаад төрсөн биеэрээ үлдсэн нөхдүүдийг эр, эм гэхгүй камерийн өмнө бүлтэгнүүлж байгаад “Яагаад архи уусан, хэнтэй уусан, хэр ихийг уусан” гэх зэргээр байцаах энэ тэр бол юу ч биш байлаа. Согтуу хүнд хүн ёсны эрх, нэр төр ч гэж байдаггүй шиг байгаа юм.
Энэ мэт эрсдлийг тооцсоны улмаас 2013 онд одоогийн УИХ “Эрүүлжүүлэх гэдэг бол ял шийтгэл биш, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ юм байна” гэдэг дээр нэг мөр тогтоод, эрүүлжүүлэхийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагад нь шилжүүлэхээр хууль баталсан нь тэр. Дээр хэлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн албадан эмчлэх тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар. Одоо ч хүчин төгөлдөр байгаа уг хуулинд “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй болтлоо согтсон, хаана байгаа болон очих газраа мэдэхгүй, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгнө” гээд маш товч бөгөөд тодорхой заачихсан байгаа. Ганц ч гадаад үг оруулалгүй “ориг” монгол үгээр, хоёргүй утгаар ингэж бичсэн байна. Ингээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үүрэг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдэлд шилжжээ. Бүр тодорхой хэлбэл, тухайн үед сайд байсан Х.Тэмүүжингээс сайд асан Н.Удвалд.
Гэвч энэ он гарнаас хойш буюу хууль хэрэгжээд нэг жил болсны дараа, их тодорхой хэлбэл засаг солигдож, шинэ сайд нар томилогдсоны дараачаас дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар “Энэ согтуучуудыг чинь авч чадахгүй. Хиртэй, бөөстэй юмнуудыг чинь яаж өвчтөнүүдтэйгээ нэг дор оруулах юм” хэмээн гомдоллож эхэлсэн. Яахав дээ, цагдаа нар харсан болгоноо, уусан болгоныг барьж эрүүлжүүлэхээ болиод эмнэлэгт хүргэхийг нь хүргээд, гэрт нь хариулахыг нь хариулчихдаг болсны дараа эмнэлгүүд дээр нөгөө “бөбөөчид” голдуу хэсэг нөхөд хүргэгддэг болсон шиг байгаа юм. Бусдынх нь хувьд хэрвээ нийгмийн хэв журам зөрчсөн, танхайрсан бол хуулийн дагуу арга хэмжээ авагдаад явдаг, бусад тохиолдолд цагдаагийн алба хаагчийн тусламж, эсвэл шахалт шаардлагаар гэртээ хүргэгджээ л гэсэн үг. Өнгөрсөн цагаан сарын өмнө дүүргийн эмнэлгүүд хамгийн их ачаалалтай үедээ нэг эмнэлэг дунджаар шөнөдөө 5-10 согтууг хүлээж авдаг тухай эмч нар ярьж байсан. Гэвч энэ удаа 2013 оны долдугаар сард УИХ-аас баталж, 2014 оноос мөрдөж эхэлсэн хууль хүчин төгөлдөр хэвээр байхад хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газар дур мэдээд “хуулийг хэрэгжүүлэхгүй” гэж мэдэгдлээ.
Уг нь бол дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийг хүндрүүлээд байгаа “архаг” гэгдэх архичдыг эмнэлэгт хоногтоо хүргэгдэж буй тоогоор нь тооцоод үзвэл 100 хүрэхгүй л хүний асуудал байгаа юм л даа. Энэ хүмүүсийг эмчилж эдгэрүүлэх үүргийг хуулиараа Эрүүл мэндийн сайд хүлээсэн. Ингэхдээ заавал ч үгүй дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд дээр аваачаад, хүүхэд, хөгшидтэй холиод бай гэж хуулинд заагаагүй. Хаана тусгаарлаж, яаж эмчлэх нь Эрүүл мэндийн сайд бодлогоороо шийдэх ёстой асуудал байлаа. Харамсалтай нь энэ үүргээ яам, сайд хоёр хийж, хэрэгжүүлсэнгүй л дээ. Арай хялбараар нь өөрөөсөө зайлуулах л арга хэмжээ авч байгаа юм байна. Шинэ сайд авахдаа бол гараа тосчихдог /Хууль зүйн яамнаас Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн эмнэлгийн барилгын тухай хэлж байна л даа/, ажил хийх дээрээ ирвэл хойрго нэгэн бололтой.
Албадан хөдөлмөрийг албадан эмчилгээ болгоё
Өмнөх Засгийн газрын үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Согтуурч, мансуурч донтох өвчтэй хүнийг албадан эмчлэх тухай бас нэг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байдаг. Нийгмийн цөөнх гэж үзэгддэг, нүд үзүүрлэгддэг энэ хүмүүсийн хувь заяа бусад хүмүүсийн хувьд хамаагүй мэт сэтгэж болох ч тэдний эргээд нийгэмдээ үзүүлдэг сөрөг нөлөө нь асар их. Ялангуяа архидан согтуурсны улмаас үйлдэгдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл газар авах, хүн амын удмын санд нөлөөлөхөөс авахуулаад. Ийм байхад нийгмийн бусад гишүүд ч гэсэн энэ асуудалд ач холбдогдол өгч, анхаарал хандуулахаас өөр замгүй болж байгаа юм.
Анх 1961 оноос энэ төрлийн өвчнийг албадан эмчилж эхэлсэн бөгөөд албадан эмчлэх байгууллага нь 2000 оныг хүртэл цагдаа, хорих, эрүүл мэндийн байгууллагын харьяанд явж иржээ. Харин 2000 оны нэгдүгээр сард “Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” хуулийг УИХ баталж, хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол ч гарсан байна. Ингээд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Багахангай дүүрэг дэх Архинд донтох өвчнийг албадан эмчлэх эмнэлгийг ШШГЕГ-ын харьяанд шилжүүлж, “Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” болгон өөрчилжээ. Үүнээс хойш арван жилийн дотор тус газарт хүргэгддэг хүний тоо жилд дунджаар 300-1000 орчимд хэлбэлзэж байсан байна. Хуулийн төсөл өргөн барихын өмнөх жил буюу 2013 оны эхний гурван улирлын дүнгээр 600 орчим /тодруулбал 591/ өвчтөнийг хүлээн авч эмчилгээнд хамруулжээ.
Хэдийгээр согтуурах мансуурах донтой өвчтөнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилж байгаа боловч нөгөө талаас энэ нь ял шийтгэл биш шүү дээ. Харин гэмт хэрэг үйлдээд шүүхээс ял сонссон хүмүүсийн хувьд бол албадан хөдөлмөр хийлгэх замаар хохирлыг төлж барагдуулах нь зүй ёсны асуудал.
Харин 2005 онд Монгол Улс Албадан хөдөлмөрийн тухай 29-р конвенци болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105-р конвенцид нэгэн зэрэг элссэн байна. Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг ч бас эдгээр конвенцийн шаардлагад нийцүүлэх ёстой гэсэн үг. Үүнээс хойш найман жилийн дараа нэгдүгээрт, хуулийн заалтыг эдгээр конвенцид нийцүүлэх, хоёрдугаарт албадан хөдөлмөр хийлгэх нь эмчилгээний горимд харшилдаг гэх үндэслэлээр Согтуурч, мансуурч донтох өвчтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн заалтыг хассан байна. Хэдийгээр согтуурах мансуурах донтой өвчтөнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилж байгаа боловч нөгөө талаас энэ нь ял шийтгэл биш шүү дээ. Харин гэмт хэрэг үйлдээд шүүхээс ял сонссон хүмүүсийн хувьд бол албадан хөдөлмөр хийлгэх замаар хохирлыг төлж барагдуулах нь зүй ёсны асуудал. Дээрх хоёр конвенци ч гэсэн үүгээрээ ялгаатай.
Хуулийн төсөлд тусгаснаар “албадан эмчлэх” үүргийг бусад орны жишгээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад шилжүүлж, харин харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг ШШГ байгууллагад үлдээсэн байна. Ингэхдээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, тухайн хүний гэр бүлийн зүгээс хүсэлт гаргаж, эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр “албадан эмчлэх шаардлагатай” гэж оношлогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар. Мэдээж эмчилгээний стандарт болон эмнэлгийн нөхцөлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага нь тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Харамсалтай нь засаг солигдсоны дараа буюу энэ хавар Хууль зүйн яам уг хуулийн төслийг буцаан татсан байна. Хэзээ эргүүлж оруулах хийгээд ямархуу өөрчлөлттэйгээр дахин өргөн баригдахыг ёстой таашгүй. Засгийн газрын одоо барьж байгаа байр сууриас харвал нааштай өөрчлөлт, олигтой дэвшил лав гарахгүй л болов уу.
Б.СЭМҮҮН