Зүүн бүсийн сувилагч нарт мэргэжлийн зэрэг олгох шалгалт өнгөрсөн сарын 18, 19-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд болжээ. Шалгалтад Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 21 сувилагч мэргэжилтэн оролцсоноос тэргүүлэх зэргээр дөрөв, ахлах зэргээр 17 сувилагч шалгуулж, сувилахуйн онол, гардан үйлдлийн ур чадвар, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг ур чадвараа сорьжээ. Энэхүү шалгалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Чимэддолгор, ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн багш н.Хулан нар өртөөчилсөн хэлбэрээр авч, дүнг тухай бүр танилцуулсанаас тэргүүлэх зэргээр дөрөв, ахлах зэргээр 15 сувилагч зэргээ ахиулан баталгаажуулсан байна. Шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн хоёр сувилагчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, орон нутгийн төвшинд ажиллаж буй сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зэргээ ахиулах, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь түлхүү анхаарал тавин ажиллахыг БОЭТ-ийн сувилахуйн алба, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд зөвлөмж болгожээ.
А.Зул