-Владимир Путин хэний хүсэлтийг биелүүлсэн вэ?-
Жил бүрийн ерөнхийлөгчийн шууд ярианы дараа Владимир Путин анхааралдаа авсан “азтанууд” гарч ирдэг. Бүс нутгийн удирдлагад хүрч чадаагүй хүмүүс л ерөнхийлөгчид хандах нь их байдаг. Хэрэв ерөнхийлөгчтэй холбогдсон бол тэдний амьдрал шидэт саваагаар илбэдүүлсэн юм шиг хэдхэн долоо хоногийн дотор өөрчлөгддөг юм.
Владимир Путин “Үнсгэлжин шиг даашинзтай” болохыг 2008 онд хүсч байсан Даша Варфоломеева гэдэг охины хамт. Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»
Сургууль нь халаалтгүй учир улируулж магадгүйг Эрхүү мужийн Усть-Кут хотын тавдугаар ангийн сурагч 2001 онд хэлж байхад нь Путин “Хотын захирагч нь биднийг сонсч байгаа байх. Тэр зохих арга хэмжээг авна” гэсэн юм. Захирагч түүнийг сонссон байв. Дараагийн өдөр нь тэрээр халаалт өгнө гэж Путинд амлажээ. Дараа нь түүнийг огцруулсан бөгөөд түүний жишээгээр хэд хэдэн тушаалтнууд огцоржээ.
2002 онд Тажикстанд байрладаг 201 дүгээр дивизийн Олег Козлов Оросын баатар цол олгосон ч түүнд болон гэр бүлд нь Оросын харъяалал өгөхгүй байна хэмээн Путинд ярьсны дараа тэрээр асуудлыг долоо хоногийн дотор шийднэ гэдгээ амлав. Путин хэлсэн амандаа хүрсэн юм.
Биробиджаны автономын 11 настай Наташа Бугаева хотод нь хиймэл гацуур тавьсныг хэлэхэд ерөнхийлөгч Еврейн автономын даргын төрсөн өдөр дөхснийг мэдэж байсан учир “Тэр өөртөө, бусад оршин суугч нарт зориулж амьд гацуураар хотоо чимэх нь зөв л дөө” гэж хэлсний дараагийн өдөр нь асар том гацуурыг нисдэг тэргээр ойгоос авчран төв талбайгаа чимсэн байна.
Усть-Ордынский тосгоны хоёрдугаар ангийн сурагч Саша Назаренко “Мөрөөдөл биелж бүгд аз жаргалтай, эрүүл энх байхын тулд юу хийх ёстой вэ” хэмээн Путинээс 2006 онд асуугаад Кремлийн шинэ жилийн үдэшлэгт уригджээ. Дараа нь түүнийг захирагчийн ёлконд уриад ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу нөтбүүкээр шагнажээ.
2007 оны аравдугаар сард Оренбургийн ахмад дайчны охин эцгийгээ 1945 оны парадад оролцсон. Гэтэл тэр цагаас хойш Москвад уригдаагүй гэж Путинд дуулгасан байна. Ахмад дайчин Федор Артемович Федоров 2008 оны тавдугаар сарын 9-ны парадын ахмадуудын жагсаалд оролцжээ.
Буриадын Даша Варфоломеева гэдэг охины түүх олонд дурсагдан үлдсэн юм. 2008 онд “Володя ах аа! Удахгүй шинэ жил болно. Бид эмээгийнхээ тэтгэврээр амьдардаг, тосгонд ажил байхгүй. Бид эгчийнхээ хамт шинэ даашинзтай болохыг мөрөөддөг. Би таниас Үнсгэлжингийнх шиг даашинз гуйж байна. Та шинэ оноор шидэт илбэчин болооч” хэмээн есөн настай Даша эфирээр ярьсан юм. Путин охиныг гэр бүлийнх нь хамт Кремлийн ёлконд урьсан байв. Даша гэр бүлийн хамт Москвад ирсэн ба Их театр ч оржээ. Сэтгүүлчид түүнийг “Буриадын Үнсгэлжин” гэж нэрлэсэн билээ.
2010 онд эмч Иван Хренов Путиныг Иваново мужид айлчлах үеэр хэрхэн хуурсныг ярьж өгөв. Эмнэлгийн ажилтнуудыг өвчтөн болгон тасгуудад хэвтүүлж, тоног төхөөрөмжийг өөр эмнэлгээс авчирсан. Мөн цалингаа нэмэгдүүлж ярихыг тэдэнд тушаасан гэж тэр хэлжээ. Түүний дараа шалгалт эхэлж, эмнэлгийн албан тушаалтнуудыг огцруулсан ба харин Хреговыг дарга нар нь мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж буруутгаж байсныг нь таслан зогсоосон юм.
2011 оны шууд ярилцлагын оргил нь эсэргүүцлийн ажиллагаа болов. “Уралвагон” заводын цехийн дарга Игорь Холманских удирдлагаа Москвад ирэн эсэргүүцэгчдэд хариу өгөхийг шаардсан байлаа. Удалгүй тэрээр Путины нэр дэвшихийг дэмжсэн хороог толгойлсон бөгөөд сонгуулийн дараа Холооны тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилогдсон байв.
2013 онд Путин Приморын хязгаарын нэг охинд хүүхдийн тоглоомын талбайтай болгож өгнө гэж амлав. Хоёр цагийн дараа хүүхдийн тоглоомын талбайг ойрын үед бий болгоно гэсэн цахилгаан ирсэн байв.
Өнгөрсөн оны шууд ярианы дараа оросуудын гаргасан гомдолд албан тушаалтнууд мөн л шуурхай хандлаа. Бага цалинтай гэсэн эмнэлгийн асрагчийн гомдлоор мөрдөн байцаагчид очсон байв. Хабаровскийн хязгаарын албан тушаалтнууд Бельго тосгон руу дардан зам тавихаар амлав.
Энэ оны шууд ярилцлагаар тэргэнцэр хүссэн бүсгүйн хүсэлтийг биелүүлэхээр “Тэргэнцэрийг худалдан авсан, удахгүй хүргэнэ” гэсэн мэдээ иржээ…
Бэлтгэсэн: Ш.МЯГМАРСАМБУУ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин