-“Бизнесийнхэндээ нэг удаа санхүүгийн боломж олгоё. Өршөөл үзүүлье” гэж та мөн ч олон удаа ярьж, хэлж байна. Танхимын ерөнхийлөгч болсныхоо дараа ч энэ хуулийг батлуулахын төлөө хичээж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан шүү дээ?
-Эдийн засгийн хүндрэлийг давж гарах ердөө хоёрхон гарц байгаа. Нэгдүгээрт, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Сүүлийн гурван удаагийн хямралыг Монгол Улс дотоодын хөрөнгө оруулалтаар давж гарсан байдаг. Тухайлбал, 2009 оны хямралыг монголчууд гудсан дороос олдсон дөрвөн тэрбум долларын хүчээр давж гарсан шүү дээ. 2011 онд макро эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсныг манай улстөрчид ганц уул уурхайн гавъяа мэтээр ярьдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Нүүрсний экспорт сайн байсан. Оюутолгойгоос дөрвөн тэрбум доллар орж ирсэн. Үүн дээр өршөөл хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн гудсан дороос олдсон 5.6 их наядыг нэмэх ёстой. Хэдийгээр тухайн үед аж ахуйн нэгжийн дөнгөж хоёр хувь нь өршөөлд хамрагдсан хэрнээ эдийн засагт ийм хэмжээний мөнгө оруулж чадсан том амжилт. Тиймээс л сүүлчийн удаа Монголын төр бизнесменүүддээ өршөөл үзүүлчих хэрэгтэй гэдгийг эрх баригчид, улстөрчдөөс гуйгаад байна л даа. Яагаад би уйгагүй яриад, хойноос нь хөөцөлдөөд яваад байна вэ гэвэл Монголд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц бололцоо хангалттай байна. Манай улсын ДНБ-ийн 34 хувьтай тэнцэхүйц их хөрөнгө сүүдрийн эдийн засагт нуугдаж байгаа гэсэн тоо байдаг. Тэр мөнгийг ил гаргах хөшүүрэг нь өршөөл үзүүлэх.
-Засгийн газрын зүгээс УИХ-д хуулийн төслөө өргөн барьчихлаа. Гэвч, өршөөл үзүүлэх үү, үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Ямар ч байсан энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл багтаагүй байна лээ. Гэхдээ бизнесийнхэн бол өнгөрсөн зунаас л энэ хуулийг батлах болов уу гэсэн хүлээлттэй байгаа?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцээд батлах болов уу гэсэн найдлагыг танхимын зүгээс тавьж байгаа. Зөвхөн хямралыг давахыг тулд биш эдийн засгаа тэлье, томруулъя гэвэл эдгээр хуулийг заавал батлах ёстой. Монголын компаниудын дийлэнх нь өнөөдөр санхүүгийн хоёр тайлан гаргадаг. Санхүүгийн тайлан нь хуурамч учраас хөрөнгө нь өөрөө хуурамч болчихдог. Хөрөнгө нь хуурамч учраас хөрөнгийн эзэд нь хөрөнгөө зөв хуваарилалтад оруулж чаддаггүй. Тэгэхээр дээрх хоёр хуулийг баталснаар эдийн засагт гарч ирэх дараагийн үр дүнг нь хэлж болж байна.
Тухайлбал, төр, компани, хувь хүний тайлан нэг болж чадна. Нэг тайланд орсноор тэр компанид эргэлдэж байгаа бүх хөрөнгө ил болно. Компанийн эзэд хөрөнгөө албан ёсны дагуу хувааж авах, компанийнхаа дараагийн хөрөнгө оруулалтад хийх бүрэн боломжтой болно. Одоо бол санхүү нь хуурамч учраас хөрөнгөө хувааж чаддаггүй. Монголын 99 мянган аж ахуйн нэгжийн дийлэнх нь нэг эзэнтэй байдаг. Гэтэл яг нарийндаа тэр нь хоёр, гурван хүний хамтарсан хөрөнгөөр л боссон компани байж болно шүү дээ. Хуурамч тайлантай учраас хөрөнгөө ил хувааж чаддаггүй. Хөрөнгө ил хувааж чадахгүйгээс болоод шүүх дээр хүртэл багагүй маргаан үүсдэг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдсаны дараа ямар хүн компанид хэрэгтэй вэ гэвэл эзний хөрөнгийг өсгөж өгөх маш сайн мэргэжлийн гүйцэтгэх захирал, маш сайн нягтлан, маш сайн ажилтан л хэрэгтэй. Нэг ёсондоо эзэн ил болсон хөрөнгөө компанийн засаглалаа сайжруулахад зарцуулах болно. Өнөөдөр даргад хэн ойрхон байдаг вэ гэхээр далдалдсан юмыг нь нууж өгдөг ажилтнууд л ойрхон байдаг юм. Тэгэхээр эдгээр хууль батлагдвал компанийн засаглал албан ёсны хөрөнгөн дээр шинээр бий болох просцесс явагдана гэж харж байгаа. Мөн компани болгон дэргэдээ нэгээс дээш тооны санхүүчтэй байх уу, үгүй юу гэдэг нэг асуудал бас шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн санхүүгийн байгууллага тусдаа байгуулагдаад ирвэл компаниудад илүү амар болох юм. Мэргэжлийн хүмүүсээр тайлангаа гаргуулчихаар, санхүүгийнх нь аливаа зөрчил, маргааныг тэд л хариуцна гэсэн үг.
Татварын системээр, хуулийн дарамтаар айлгаад бүртгэлгүй мөнгөнөөс хөлжөөд суудаг хүмүүсийн хувьд компаниудын бүх хөрөнгө ил болчихоор тэднээс айдаг, авлига өгдөг үйлчлүүлэгч олдохоо болино. Тэр хүмүүст бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлахгүй удах тусмаа л сайн байх.
-Гэхдээ энэ хуультай холбоотойгоор багагүй шүүмжлэлүүд гарах болсон. Татвараа шударгаар төлсөн нь яах юм бэ гэж зарим бизнесменүүд бол дургүй байна лээ. Нөгөө талаар, төрийн мөнгийг идэж уусан авлигач дарга нарыг өршөөх нь буруу ч юм шиг харагдаад байгаа л даа?
-Ер нь зарим нэг заалтан дээр зөвшилцөх асуудал бий. Гэхдээ миний хувьд шударга ёсыг барих уу, эдийн засгийн үр дүнг харах уу гэвэл хоёр дахь байр суурийг дэмжинэ. Өнөөдөр татвараа нуун дарагдуулсан, хоёр тайлантай компаниуд бол 2007 оны өршөөлд хамрагдаж чадаагүй үлдсэн нөхдүүд. Хамрагдсан чадсан 2000 компани Монголын зах зээлд монополь болчихоод явж байна. Тэдний хувьд “шударга бус байна” гэж эсэргүүцэж магадгүй юм. Яагаад гэвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хуулиар нуусан хөрөнгөө ил болгосон 99 мянган өрсөлдөгч зах зээлд гараад ирэх юм. Энэ өрсөлдөөнөөс айж байгаа хүмүүс л хамгийн их эсэргүүцэж байгаа болов уу. Нөгөө талаар, хуурамч тайлан балансан дээр түшиглээд амьдарч байгаа хэсэг хүмүүст бол таалагдахгүй байгаа байх. Бүртгэлгүй мөнгө хаана байгааг мэддэг, түүгээр угжуулдаг, шантааж хийдэг нөхдүүдэд гудсан дор нуусан бүх хөрөнгө ил болчихоор амин зуулгагүй үлдэж таарна шүү дээ.
-Нээрэн тийм тал байж болох юм шүү?
-Татварын системээр, хуулийн дарамтаар айлгаад бүртгэлгүй мөнгөнөөс хөлжөөд суудаг хүмүүсийн хувьд компаниудын бүх хөрөнгө ил болчихоор тэднээс айдаг, авлига өгдөг үйлчлүүлэгч олдохоо болино. Тэр хүмүүст бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлахгүй удах тусмаа л сайн байх. Би саяхан Татварын ерөнхий газраас гаргасан мэдээг харж суухад сүүлийн гурван жилийн дотор 11 мянган компанийн захирал цагдаад очиж байцаагдсан байна лээ. Энэ бол манай бизнесменүүд хууль, хүчний ямар их дарамтан дор амьдарч байгийн нэг үзүүлэлт байх.
-Энэ хууль ер нь батлагдах магадлал хэр байгаа вэ?
-Монголын улстөрчид чоно, тарвага болж тоглож ханалаа шүү дээ. Одоо болиод бодитоор ажлаа хийх хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг ямар ч байсан урагшаа явах байх л гэж найдаж, харж байгаа. Бизнесийнхэн бүгд үүнийг хүсч байна. Тийм учраас бүгдийг нь ил болгоё, өр ширийг нь цайруулъя. Нэг гараанаас хөдөлье гэж МҮХАҮТ гишүүдэд хандаж уриалж байна.
-Монголын эдийн засгийн хамгийн том нэгдлийг толгойлж байгаагийн хувьд танаас Тавантолгойн асуудлыг асуухгүй өнгөрч боломгүй байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв үү. Энэ асуудалд бизнесийнхэн төдийлөн байр сууриа илэрхийлэхгүй байна. Гэтэл манай улстөрчид үүнээс болоод хоёр хуваагдчихлаа. Хууль тогтоох, бодлого хэрэгжүүлэх хоёр субьект маань хүртэл хоорондоо учраа ололцож чадахгүй байна?
-Нэг үеэ бодвол монголчуудын эдийн засгийн ойлголт сайжирсан шүү дээ. Хэн популизм яриад, хэн бодит тоо хэлээд байгааг ялгаж салгадаг болсон. Микро эдийн засгаа бодсон ч Тавантолгой явах байх, улстөрчид маань явуулах байх гэж найдаж л сууна. Гэхдээ би 2010 оноос хойш нэг зүйлийг улстөрчдөд байнга сануулж байгаа. Монгол Улс төрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хуультай болох ёстой гэж. Энэ хууль батлагдахгүй, газрын доорх баялгийг хамгаалах эзэнгүй болохоор л улс төрд янз бүрийн тоглолтууд яваад байна л даа.
Дөрөвдүгээр сарын эхээр болсон эдийн засгийн форум “Итгэлцэл” гэдэг нэг гоё сэдвийг хөндөөд Төрийн ордондоо бүгдээрээ сайхан, сайхан итгэл тавиад баахан хуралдлаа шүү дээ. За одоо л манай хэд хоорондоо учраа ойлголцох нь гэсэн юу болов. Гадныхан итгэлцлийг бий болгох нь гэсэн яав. Ерөнхий сайд нь зурагтаар мэдээлэл хийсний маргааш УИХ нь шал өөр байр суурь илэрхийлсэн. Энэ нь З.Энхболд, Ч.Сайханбилэг гэдэг хоёр хүнийг муухай сайхан харагдуулахаас илүү Монгол Улсыг бүхэлд нь муухай болгочихож байгаа юм л даа. Үнэхээр асуудалтай байсан юм бол УИХ нь Засгийн газрынхаа сайдуудыг цуглуулаад учраа дотроо шийдэж болох л байсан шүү дээ. Ямар ч байсан гадагшаа ийм хэлбэрээр илэрхийлж болохгүй байсан юм. Монгол Улс одоо бол аягүй том бооцоот тоглоом тоглож байна. Гэрээ гэдэг хоёр талд тоглож байгаа бооцоот тоглоом. Хөрөнгө оруулагчаа гэрээ зурна гэж авчирчихаад хөөгөөд явуулна гэдэг одоохондоо Монгол “том” юм шиг л харагдаж байгаа байх. Цаанаа бол хөзрийн түзээ тэдэнд өгчихөж байгаагаас ялгаагүй үйлдэл болсон. Хэрэв хятадууд танайд хөрөнгө оруулахгүй гээд гэдийвэл яана. Япончууд больё гэх эрх одоо ч байгаа шүү дээ. Бүр 20, 30 жилээр нүүрсийг чинь авахгүй гээд хэвтчихвэл хятадууд хохирох уу, монголчууд хохирох уу гээд бодох асуудал их байна. Энэ бүхнийг бодвол манай улстөрчид тооцоолж байгаа байлгүй дээ.
-Тэгэхээр улстөрчдийн гаргаж байгаа үйлдэл нөгөө талд давуу нөхцөл үүсгээд байна гэдэгтээ та санал нийлж байна уу. Өөрөөр хэлбэл, бидний хоорондын зодооноос хамгийн их хожих нь эсрэг талынхан биш гэж үү.?
-Монголын улстөрчид хоорондоо эв нэгдэлгүй байх тусмаа эсрэг талдаа барьцаа ахиулах боломжийг олгож байна гэсэн үг. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсийг ухаад буцаад зарах гэж байгаа газар нь Хятад. Тэгэхээр бид хоорондоо хэрэлдээд ордынхоо үнэлэмжийг багасгаад байвал манай нүүрсийг авах гэж байгаа хүмүүст л эерэгээр тусах болно. Жишээ нь 2013 онд Н.Алтанхуяг яалаа. МАН-ынхан ёстой муу гэрээ хийсэн гээд 70 доллараар зардаг байсан нүүрсээ өгөхгүй гурван сар хэвтээд дараа нь өөрсдөө гуйгаад очсон. Тэр үед хятадууд манай нүүрсээр дутаагүй. Харин тэгж сагсуурснаасаа болоод 70 доллараар зардаг байсан нүүрсээ 30 болгож хямдруулсан. Тэгэхээр бид өнөөдөр хятадуудад дургүй байж болно. Гэхдээ нүүрсний гол зах зээл Хятад улс гэдгийг мартаж болохгүй. Бизнесэд сайн түнш гэж байхаас, сайн найз гэж байдаггүй гэдгийг ойлгох ёстой. Үнэндээ манай улстөрчдийн эдийн засагт гаргаж байгаа шийдвэр нь дандаа хохиролтой байдаг.
Би сүүлдээ улс төрд болж буй хэрүүлийг Монголын өрсөлдөгчийн зүгээс хийж байгаа явуулга юм биш байгаа даа гэж хардах болсон. Нөгөө тал маань баялгийн үнийг улам хямдруулж барьцаа лавшруулахын тулд бидний хооронд яс шидээд байхыг хэн мэдлээ. Өөрсдөө л манай баялагийг эзэмших гээд Монголын муухай харагдуулах бодлого хэрэгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Тавантолгойн гэрээг Оюутолгой шиг болгох нь гэсэн шүүмжлэл бол яваад байна. Саяхан С.Ганбаатар гишүүн хүртэл “том охиноо” буцааж авъя гэсэн мэдэгдлийг хаа байсан Ховдоос, харанхуй шөнөөр мэдээлсэн шүү дээ?
-Монголчууд нэг зүйлийг ойлгох ёстой. Оюутолгойн ордыг Монголын Засгийн газар “Рио Тинто”-той хувааж эзэмшиж байгаа, хувь нийлүүлэгчид. Харин Тавантолгойн ордын өмчлөл Монголын төрд байгаа. Тавантолгой ордыг өмчлөх бус олборлолт, боруулалт, тээвэрлэлт хийх оператор компанийг л сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажил явагдаж байна гэж харж байна. Гэтэл үүнийг Оюутолгойтой хольж хутгаад, улстөржүүлээд байгаа утгагүй хэрэг.
Тавантолгой бол маш том орд. Энэ ордын лиценз өмнө нь С.Батболд гэдэг залууд байсныг төр Ухаа худагийг нь үлдээгээд бусдыг нь буцааж авсан. Хувь заяаны тохиол гэх юм уу дараа нь С.Батболд гэдэг залуу Монгол Улсын Ерөнхий сайд болоод Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах даалгаврыг УИХ-аас авсан байдаг юм. Энэ даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” гэх төрийн өмчит компани байгуулаад компанийн 20 хувийг нь ард иргэдэдээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлсэн байдаг. Тавантолгойн асуудал дээр нухацтай хандах нь зөв. Гэхдээ Тавантолгой бол Оюутолгойгоос асар их ялгаатай орд шүү дээ. Ямар зэс, алтны орд биш. Нүүрсний орд. Нүүрс бол овор ихтэй бараа. Тээвэрлэлтийнхээ зардалд хамаг ашгаа зарцуулдаг. Нүүрсийг нь хэн авах вэ гэдгээс эхлээд тээвэрлэлтийн асуудал, цаашлаад Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахад хэн туслах вэ гэдгийг хүртэл бодох ёстой. Зах зээлийн нөхцөл хүнд байгаа үед бол бид хоорондоо хэрэлдээд нөгөө талд боломж өгөөд байж боломгүй юм л даа. Би сүүлдээ улс төрд болж буй хэрүүлийг Монголын өрсөлдөгчийн зүгээс хийж байгаа явуулга юм биш байгаа даа гэж хардах болсон. Нөгөө тал маань баялгийн үнийг улам хямдруулж барьцаа лавшруулахын тулд бидний хооронд яс шидээд байхыг хэн мэдлээ. Өөрсдөө л манай баялагийг эзэмших гээд Монголыг муухай харагдуулах бодлого хэрэгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Монгол найдваргүй, итгэлгүй гэдэг ойлголт төрүүлээд, манай баялгийг эзэмших гэсэн гадны нэг тоглолт яваад байж болох. Эсвэл Монголыг ядуу чигээр нь үлдээж, эдийн засгаар нь барих гэсэн бас нэгэн бодлого байхыг ч үгүйсгэхгүй. Бизнесийнхэн бол зах зах зээл рүүгээ өрсөлдөгчид оруулж ирэхийг боддоггүй ш тээ. Тэр тусмаа их мөнгө эргэлддэг уул уурхайн салбарт. Тиймээс учраас гадуур явж байгаа пи-арыг ялгаж салгадаг баймаар байна. Одоо бол Оюутолгойн гэрээнд оролцсон бүх хүмүүсийг нийгмийн хог шаар болгох гэсэн гадны сонирхол яваад байгаа юм шиг харагдаад байна л даа. С.Баярыг ч тэр, С.Баярцогтыг ч тэр. Яагаад тэднийг нийгмийн хог шаар болгох гээд байна вэ гэвэл дараагийн юм мэдэхгүй, романтизм шүтсэн шинэ үетэй ярихад их амархан гэж гадныхан бодож байж магадгүй юм.
-Тавантолгой дээр “Пибоди энержи”-г оруулах ёстой байсан гэх явган яриа улс төрийн хүрээнийхний дунд явж байгаа. Магадгүй “Пибоди Энержи”, “Шэнхуа” хоёрыг хоёуланг нь шалгаруулсан бол Тавантолгой хэл амгүй, хэрүүл маргаангүйгээр урагшлах байсан болов уу?
-Тавантолгой ордыг нэг хэсэг "BHP" эзэмшиж байсан шүү дээ. Тэгээд ямар ч ашиггүй байна гээд Монголын төрд буцаагаад өгчихсөн юм. Ер нь бол дэлхийн нүүрсний салбарын хоёр том өрсөлдөгчийг нэг хөнжилд оруулна гэдэг утгагүй. Байж болох ч асуудал биш. Бид яагаад ч дэлхийн нүүрсний салбарын акулуудыг хамтрагч болгож чадахгүй шүү дээ. Их олон талаас нь харахгүйгээр Монгол Улс дангаараа амьдарч байгаа юм шиг хорвоогоос тасарсан шийдвэр гаргаж болмооргүй байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт 100 хувь уналаа. Гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид маань ч Монголоос дүрвэж байна?
-Засаглалын хямрал хөрөнгө оруулагчдад муугаар нөлөөлж байна. Бас хууль, хүчнийхний дарамт ч, татварын эрх зүйн орчин гээд шалтгаанууд бий. Тиймээс л эдийн засгийн өршөөл үзүүлж, бизнесийнхэндээ урам өгье, гарч байгаа мөнгөний урсгалыг дотоодоод үлдээе гэж улстөрчдөөс хүсч байна. Дотоодын хөрөнгө оруулагчдаа хамгийн сүүлчийн удаа шүү гэж анхааруулж байгаад өршөөл үзүүлчих хэрэгтэй юм. Хэрэв компаниудын хөрөнгө, мөнгө ил болчихвол гаднаас орж ирж байгаа хөрөнгийг дотроо шингээх боломж бүрдэнэ. Казакстан бизнесийнхэндээ эдийн засгийн өршөөл үзүүлчихлээ. Одоо Путин хөндөөд эхэлсэн. Яагаад улс орон эдийн засгийн өршөөл үзүүлдэг вэ гэвэл энэ нь хөрөнгө татахад асар маш сайнаар нөлөөлдөг. Мөн орж ирсэн хөрөнгийн үндэсний компаниуд нь шингээж, томрох боломжийг бүрдүүлдэг. Хэрэв бид эдийн засгийн рецорм хийхгүй удаад байвал өрсөлдөгчдөд маань ашигтай. Монголд орж ирэхээр хүлээгдэж байсан мөнгө тийшээ урсана гэсэн үг шүү дээ.
Эдийн засгийн 17 хувийн өсөлт иргэдэд наалдсангүй гэдэг шүүмжлэл гардаг. Хуурамч, тайлантай, хуурамч хөрөнгөтэй компаниуд тэр их өсөлтийг шингээх боломжгүй болчихож байгаа юм. Тэгээд л Монголд орж ирсэн их мөнгө буцаад гадагшилсан. Өнгөрсөн хоёр жил ханшийн зөрүүнд хамаг байдгаа алдсан бизнесменүүдийнхээ урмыг битгий хугалчихаасай гэж бодож байна. Сая надтай нэг бизнесмен уулзаад ярьж байна л даа. Би таван жилийн өмнө яах гэж 200 саяар жип авч унав аа гээд. Хэрэв тэр мөнгийг технологидоо, инвацидаа, капиталидаа хөрөнгө оруулчихсан бол өнөөдөр таван жип авч унах мөнгөтэй байх байлаа гээд. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдсаны дараа компанийн эзэд технологидоо, инвацидаа, капиталидаа хөрөнгө оруулахыг хичээх байх гэж. Эргээд тэр хүний хэтэвчийг дүүргэх учраас манайхан энэ чиглэл анхаарах болов уу гэж бодож байна.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдвал гудсан дороос хэдийг олох боломжтой вэ?
-Дор хаяж 7-8 тэрбум ам.долларыг олно гэж бодож байгаа. Би түрүүнд хэлсэн шүү дээ. 2007 онд тэр үеийн аж ахуйн нэгжүүдийн дөнгөж хоёр хувь нь өршөөлд хамрагдахад 4 тэрбум доллар олж чадсан юм чинь, одоо 50 хувь нь хамрагдлаа гэхэд багагүй хөрөнгө дотоодоосоо босгох боломж байгаа гэдгийг улстөрчид харах ёстой.