-Хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авдаг арга зам нь улам бүр нарийссаар байхад маркетерууд өргөн сувгаар өгөх гэснээ цацах нь хэт үрэлгэн болж, олон хүнд тараасан нь биш, онож хүргэсэн хожно гэдэгт санал нэгдэж-
Эрэгтэй хүнд ариун цэврийн хэрэглэл, эмэгтэй хүнд сахлын ус, залууст хөгшрөлтийн эсрэг эм бэлдмэл, эсрэгээрээ тэтгэврийн насныханд хүүхдийн живхний сурталчилгаа үзүүлсээр л… Үүнийг маркетингийн мэргэжилтнүүд “хирошимагийн бөмбөгдөлт” гэж тодорхойлдог аж. Өөрөөр хэлбэл, хүсээгүй, хүсэх ч үгүй, сонсоод, үзээд ч худалдан авахгүй зүйлийг нь “аваач” гэж гуйж буй мэт, огт мөнгөгүй хүнээс “зээлчих л дээ” гэж шаналгахтай адил буюу өөрсдийн нь худалдан авагчдад хүргье гэх зүйлээ бөөнөөр нь шидээд аль нэг нь онох байх гэж найдаж буй явдал гэнэ шүү.
Үүнийг уламжлалт маркетингийн арга гэдэг бөгөөд үүнээсээ татгалзах цаг болсон талаар маркетерүүд, мэдээлэл технологийн инженерүүд үндсэндээ бүгд ойлгочихож. Өнгөрөгч долоо хоногт уг салбарынхны уулзалт, зөвлөгөөнүүд шил шилээ даран болсон бөгөөд хэрэглэгч нь реклам зар сурталчилгааны бөмбөгдөлтөөс залхчихсан, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллүүдээ л үзэхийг хүлээн зөвшөөрөх болсон цаг үед компаниуд зорилтот бүлэг рүүгээ л чиглэсэн, тэдэндээ хүрэх сувгийг ашиглахаас аргагүйд хүрээд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч. Хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авдаг арга зам нь улам бүр нарийссаар байхад маркетерууд өргөн сувгаар өгөх гэснээ цацах нь хэт үрэлгэн болж, олон хүнд тараасан нь биш, онож хүргэсэн хожно гэдэгт санал нэгдэж.
Зурагтаар реклам гарангуут суваг сольдог, технологи ашиглаад алгасч ухраагаад рекламгүйгээр үздэг болсон. Сурталчилгааны и-мэйлыг онгойлголгүй хогийн сав руугаа хийдэг. Дэлгэцэн дээр харагдах зурагт хуудас байгааг анзаардаггүй. Зарын самбар дээрхийг хананд буй обой шигээр үл анзаарах “далд чадвар”-ууд ч бидэнд төлөвшчихөж. Гэтэл үүнийг маань ойлгоогүй нөхөд уламжлалт аргаараа л над руу довтолсоор…
Осама бин Ладенийг устгахын тулд эхлээд хаана нуугдаж байгааг нь олж мэдсэн гэнэ. Дараагаар нь тусгай ажиллагааныхан түүний оршин суугаа дүүргийг нь бөмбөгдөх биш яг түүний нуувч руу л дайралт хийж. Тэр дүүргийг бүхэлд нь бөмбөгдчих нь ганц товчлуурны л ажил боловч Осама биш олон зуун хүн хэлмэгдэж, үр дүн нь ч шүүмжлэл дагуулах нь тодорхой.
Зорилтот бүлэг рүүгээ л хүрэх сувгаа яаж сонгох, арга замаа тодорхойлох нь бидний биш тэдний асуудал. Гол нь намайг Осама биш байтал над руу буудсаар байвал дургүйцэж, эсэргүүцэх, эсрэгээрээ өнөөх буудагчдийн эсрэг бодол төрөхөөс аргагүйднэ гэдгийг л ойлгох ёстой. Ойлгохыг хүсэхгүй гэвэл мөнгөө үрээд л уламжлалт аргаараа үзээд л байж дээ. Ядаж л сурталчилгаанд биш бүтээлд хэрэглэгчийн анхаарал тогтдог гэдгийг тогтоогоод авчихаасай.
Б.МАНДАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин