Америк дахь монголчуудын Утга зохиолын нийгэмлэгээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Монголын Их нүүдэл” утга зохиолын хөтөлбөрийн хүрээнд хэвлэгдэн гарсан “Хөх зөнтэй шүлгүүд” номын нээлт өнөөдөр (IV.21) боллоо. Номын нээлтэнд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Т.Галсан, чөлөөт уран бүтээлч Б.Галсансүх нар оролцсон юм.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Америк улсын Чикаго хотод “Хөх Зөн” яруу найргийн наадмыг зохион байгуулсан бөгөөд тус наадамд сойсон шүлгүүдийг эмхлэн гаргасан нь энэ ажээ. Тэмцээнийг Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Х.Лхамжав, АМУЗН-ийн тэргүүн, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн нарын хүмүүс шүүн явуулжээ. “Хөх Зөн” яруу найргийн наадмын тэргүүн байрыг Г.Мөнх-Ирээдүй хүртжээ. Тэрээр өмнө нь хоёр ном гаргасан бөгөөд А-Cool-ын дуулсан “Гараас минь атгаад бүжиглэ”, дуучин Н.Гантулгын “Хүслээ шивнэе” зэрэг дууны үгийг бичсэн байна.
Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн “Хөх Зөн яруу найргийн тэмцээнд гадаадад тэр дундаа Америк улсад амьдарч байгаа олон яруу найрагчид ирж шүүлгээ уралдуулсан. Би түүнийг уралдаан гэж хараагүй. Эх нутагтаа хэлэх үгээ, эжий аавдаа хэлэх үгээ уншиж байна гэж ойлгосон, Монгол хүн юм чаддагаа үзүүлж байна. Монголчууд бид нар хүний нутагт нэгдэж чадсан шүү гэж хэлэх гэж байгаа юм шиг санагдсан. Их сайхан наадам болсон. Америкт байгаа хүүхдүүд маань “Хөх Зөнтэй шүлгүүд” номоо Монголдоо хэвлэн гаргаж монгол ард түмэндээ хүргэж байгаад баяртай байна” хэмээн ярьсан юм.
Гадаад дахь монголчууд хамтран бүтээж байгаа энэхүү ном удахгүй бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.
Б.БИЛГЭЭ