Нью-Йорк хотноо сэтгүүлчдийн дунд хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагнал гардуулах ёслол 99 дэх удаагаа боллоо.
“Нийгэмд үйлчлэгч” шагналыг бүс нутагт нь эмэгтэйчүүдийн дунд үхэл ихэссэн шалтгааныг эрэн сурвалжилсан АНУ-ын Чарлстон хотын “The Post and Courier” сонинд олгосон байна.
Харин “The Seattle Times” сонины сурвалжлагчид 43 хүний амь насанд хүрсэн хөрсний нуралтын талаарх цуврал сурвалжлагаараа “Шилдэг шуурхай сурвалжлага” шагналыг хүртсэн байна.
Энэ оны “Шилдэг олон улсын сурвалжлага” шагналыг Эбола вирусын тархалтын тухай газар дээрээс нь цуврал нийтлэл хэвлэсэн “New York Times” сонины сэтгүүлчдийн баг хүртлээ.
Эбола тахлын талаарх мэдээ мэдээллийг гэрэл зурагт буулгасан Дэниел Береулак “Гэрэл зураг” шагналыг хүртсэн бол St.Louis Post-Dispatch сонины гэрэл зургийн хэлтэс Фергюсон хотын иргэд, цагдаа нарын зөрчлийг харуулсан зургуудаараа “шуурхай гэрэл зураг” төрөлд ялагч болжээ.
Харин шилдэг намтрын бүтээлээр судлаач Д.Кертцерийн бичсэн “Ромын пап ба Б.Муссолини: Пий XI ба Европт фашизм түгсэн нууц түүх” ном, Уран сайхны шилдэг бүтээлээр Энтони Доррагийн “Бидний хараагүй ертөнц” роман тус тус шалгарчээ.
Энэ жил Пулитцерийн шагналыг нийтдээ сэтгүүлзүйн 14, уран сайхны долоон бүтээлд гардууллаа.
Дашрамд сонирхуулахад, Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүйн хамгийн нэр хүнд бүхий шагнал ба 1917 оноос жил бүр гардуулж байгаа юм. Шагналыг 10 мянган ам.доллар дагалддаг. Шагнал гардуулах ёслол Нью-Йоркийн Колумбийн их сургуульд болдог. 1903 онд сэтгүүлч, хэвлэлийн магнат Жозеф Пулитцер уг шагналыг санаачлан бий болгожээ.
Т.АНУ