Хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрахыг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрахыг уриалж байна

“Зориг” сангаас Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой залуу боловсон хүчинд зориулсан “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд таван жил болж байна.

2014-2015 оны хөтөлбөрт хамрагдсан “Чийгийн Ногоон” багийнхан “Гэр хороололд эко жишиг айлыг бий болгох” богино хугацааны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Уг төслийн зорилго нь гэр хорооллын оршин суугчдад хүрээлэн буй орчиндоо ээлтэй хэлбэрээр амьдралын хэв маягаа өөрчлөн эрүүл, тав тухтай, цэвэр орчинд амьдрах бүрэн боломжтойг ойлгуулж, уриалах явдал юм. Тус багийнхан Баянзүрх дүүргийн 11-р хорооны (Шар хад) 49-р гудамжны 744 – 1 тоотод амьдардаг Г.Энхтайваны хашааг сонгон, жишиг айл болгохоор ажлаа эхлүүлсэн бөгөөд баримтат кино хийж, олон нийтэд хүргэх аж.

Төслийн үр дүнд гэр хорооллын иргэд амьдрах орчин болоод хэв маягаа байгаль орчинд ээлтэй байдлаар өөрчлөх, ногоон байгууламж нэмэгдэж, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг ангилах зэрэгт суралцах юм.

Залуучуудыг дэмжин хамтран ажиллах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй тул “Зориг сан”, “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийн “Чийгийн Ногоон” багийнхантай 8801-9232 дугаараар холбогдож болох юм байна.

Ч.БОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж