-Эрчүүд хусуур сойзоо ардаа уядаг байхад би урдаа уяна. Тэр үед сумын даргаар Очир гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед манай суманд надаас өөр эмэгтэй уяач байгаагүй болохоор ч тэр үү дарга их хүндэлнэ гэв-
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо дөрөвдүгээр сарын 11-12-нд “Арвагар хээр” холбооноос сумын алдарт уяачдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус аймагт одоогоор 698 сумын алдарт уяач байдгаас анхдугаар зөвлөгөөнд 470 нь оролцжээ. Өвөрхангайд төдийгүй Монгол Улсад анх удаа болсон сумын алдарт уяачдын зөвлөгөөний ерөнхий ивээн тэтгэгчээр Зүйл сумын уугуул, “Арвагар хээр” холбооны тэргүүлэгч Сүхбаатарын Дэмчиг, зохион байгуулагчаар “Арвагар хээр” холбоо ажилласан юм.
Өвөрхангай аймгийн 698 сумын алдарт уяачдад хоёрхон эмэгтэй уяач байдаг аж. Тэд бол Бат-Өлзий сумын Д.Долгорсүрэн, Баруунбаян-Улааны Д.Загарзүсэм нар юм. Ингээд тэдэнтэй ярилцсанаа хүргэж байна.
Бат-Өлзий сумын харьяат, алдарт “Хилэн хар” морийг уяж, нутаг орондоо алдаршсан сумын алдарт уяач Д.Долгорсүрэн энэхүү зөвлөгөөний үеэр “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм.
-Та хэдийнээс эхлэн морь уяж эхлэв. Таныг Хилэн хараа уяж, сумын наадамд түрүүлүүлж байсан гэсэн?
-Би 1976 оноос эхлэн морь уяж эхэлсэн. 1982 онд сумынхаа наадамд Хилэн хар маань хол тасархай түрүүлж байлаа. Энэ үеэс л морь уяах дуртай болж, урам орсондоо. Тэр жилийн наадмаар нөхөр маань гадаадын томилолт аваад эзгүй байсан үе. Тэгээд би морио уясан юм. Тэгсэн хол тасархай түрүүлчихдэг байгаа. Намар нь “Батзам” нэгдлийн 30 жилийн ой болж, Хилэн хар дахин түрүүлж, давхар баяр болсон. Энэ морь олон жил сумынхаа наадамд түрүүлсэн дээ.
-Ингэхэд танай нөхөр уяач хүн үү?
-Манай нөхөр Г.Дондогсэрчим гэдэг хүн бий. Аймгийн алдарт уяач цолтой. Манай хүн залуудаа бөх барилдах дуртай байсан. Бид 1973 онд гэр бүл болж, хөдөө мал дээр ажиллах болсон. Тухайн үед нөхөр маань бусад багаар явдаг ажилтай байлаа. Тэр л үед нөхрөө дагаж морь уях дуртай болсон юм. Манай хүүхдүүдээс Батмөнх гэдэг хүү маань морь уяж байгаа.
-Таныг морь уяж явахад хөгжилтэй зүйл их тохиолддог байсан байх?
-Залуу байсан болоод ч тэрүү их цоглог байжээ. Морь хурдлаад ирэхээр уяач хүн улам л урамшдаг юм билээ. Хэдийгээр хүүхдүүд маань бага байсан ч сайн дүү нарынхаа ачаар уяанаас холдоогүй юм. Наадам дөхөөд ирэхээр бидний хийх ажил улам их болно. Эрчүүд хусуур сойзоо ардаа уядаг байхад би урдаа уяна. Тэр үед сумын даргаар Очир гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед манай суманд надаас өөр эмэгтэй уяач байгаагүй болохоор ч тэр үү дарга их хүндэлнэ. Хүн бүр л их хүндэтгэнэ шүү дээ.
-Хилэн хар морио нэгдэлдээ өгчихсөн гэсэн, үнэн үү?
-Манай гэр бүлийг өөдрөг явахад Хилэн хар морины маань буян их бий. Энэ морь маань олон жил сумын наадамд түрүүлсэн дээ. “Батзам” нэгдлийн 30 жилийн ой гэж том наадам болсон. Хурдан Хилэн хар шиг нэгдлийн минь ажил үйлс бас өөдрөг байгаасай гэж морио нэгдэлдээ өгч байсан юм. Тухайн үед би яагаад ч юм уйлж байлаа. Их л дассан байгаа юм. Хилэн хар морины маань тухай шүлэг, дуу хүртэл гарсан.
-“Алтан гадас” төрийн одонгоор шагнагдсан сумын анхны эмэгтэй алдарт уяач нь та болж байх шиг байна?
-Энэхүү зөвлөгөөн их ач холбогдолтой болж байна. Тэр дундаа Монгол улсдаа анх удаа болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог юм. Мөн энэ баяр дээр баяр нэмж, миний хөдөлмөрийг үнэлж, төрийн одон хүртлээ. Сумын эмэгтэй алдарт уяач “Алтан гадас” одон хүртэж байгаа анхны тохиолдол болж байх шиг. Морины буян барагдашгүй. Морь унасан хүн жаргалтай, эрүүл байдаг.
-Таныг морь уяж байх үед эмэгтэй хүүхэд морь унадаг байсан уу?
-Тухайн үед эмэгтэй хүүхэд морь унадаггүй байлаа. Одоо морь унаж байгаа охидууд хөвгүүдээс илүү сайн унаад байх шиг харагддаг. 1970-90-ээд онуудад намайг морь уяж байх үед эмэгтэй уяач их ховор байсан даа. Одоо бол аймгийн хэмжээнд найман эмэгтэй уяач байдаг гэж бүртгэгдсэн байна. Тэдгээр уяачдаас хоёр нь сумын алдарт уяач цолтой. Энэ цолыг авах нь үнэхээр уяач хүний олон жилийн уйгагүй хөдөлмөр юм. Хүн хийж буй зүйлдээ сэтгэл ханамжтай байхад л тэр бүх зүйл аяндаа сайхан болоод ирдэг. Тэгэхээр зорьсон зүйлдээ хүн хичээнгүйлэн тэмүүлэх юм бол амжилт таны урд байна.
МОРИНЫ УРИЛГААР ХҮНИЙ ХИЧЭЭНГҮЙ ИЛЭРДЭГ
Өвөрхангай аймгийн сумын алдарт уяач цолтой хоёр дахь эмэгтэй бол Д.Загарзүсэм юм. Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжилтэй тэрээр төр захиргааны байгууллагад ч ажиллаж байжээ. Боловсролын тэргүүний ажилтан тэрээр энэ зөвлөгөөний үеэр ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм.
-Сумын алдарт уяач болзлыг авна гэдэг тийм амар ажил биш. Морь уяж эхэлсэн үеэсээ яриагаа эхлэх үү?
-Манайх гэр бүлээрээ сумын алдарт уяач. Жилд сумдын болон зэргэлдээх аймгуудын бүсийн наадамд уралдаж, 15-25 орчим медаль авдаг. Уяачын хөдөлмөр бол нөр их хөдөлмөр. Энэ бол гэр бүлийн хамтын хөдөлмөр. Их няхуур нямбай, хичээнгүй ажиллах хэрэгтэй байдаг учраас их хөдөлмөрч хүмүүс байдаг. Морь гэдэг үнэхээр эрийн хийморь. Тиймээс миний ажил үйлс их өөдрөг байдаг. Мэдээж үүнд хань Ж.Батбаатарын маань сэтгэл их бий. Манайх нэг охин, хоёр хүүтэй. Эх хүний хувьд гурван хүүхдээ төрүүлчихээд нэг ч шөнө тэвэрч хонож үзээгүй ч бидний ажил амьдрал сайн сайхан байх, түмний дунд ингэж нэр хүндтэй яваагийн минь ач буян бол ханийн маань их зүтгэл юм. Хоёр хүү маань сумын алдарт уяач. Бага хүү маань одоо 12 дугаар ангид суралцаж байна.
-Энэхүү зөвлөгөөнөөр өв соёлын талаар их ярьж байна. Таны бодлыг сонсьё.
-Морь уяна гэдэг бол их гайхамшигт урлаг юм. Үүнийг зөв гольдролоор нь монгол ёс заншлаа авч явах нь өнөө цагийн том тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн геннисийн номонд бүртгэгдсэн энэ гайхамшигтай ёс заншлаа бүрэн бүтнээр нь авч явж хойч үедээ уламжлан үлдээх нь бидний ариун үүрэг. Аймгийн бүх сумын алдарт уяачдыг цуглуулж, уулзуулж, танилцуулж туршлага судалж байгаад талархаж байна. Бидэнд тулгамдсан, ярилцах асуудал их байлаа. Зөвлөгөөнөөр Үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар саналаа хэллээ. Мөн монгол, эрлийз адууг тусад нь уралдуулах, үндэсний их соёлоо хайрлан хамгаалах гээд олон саналаар ярилцлаа.
-Ардын багш хүний хувьд унаач хүүхэдтэйгээр харилцахаас эхлээд мэргэжил чинь морь уяхад нөлөөлсөн байх. Мөн сумынхаа ард иргэдийн төлөө ажиллаж байсан гэсэн?
-Би Монголхэл –Уран зохиолын багш мэргэжилтэй. 12 жил багшаар ажиллаж байгаад сумын төрийн захиргааны байгууллагад ажилласан. Өвөрхангай аймаг бол төв халхын сайхан нутаг. Монголд төдийгүй дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан олон шилдэг тамирчид, алдартнууд байна. Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн М.Бундмаа, шатрын их мастер Б.Гүндаваа, Г.Мөнхгал, волейболын ОУХМ Ц.Шоовдор, Л.Нарантуяа, Д.Баасансүрэн гээд төрөл бүрийн шилдэг тамирчид, алдартнууд их бий. Тэр дундаа амжилтаараа Өвөрхангай аймгийн уяачид одтой, хийморьтой нутгийнхаа нэрийг гаргаж байдаг. Би сумын Засаг даргаар 2008-2012 онд ажиллах хугацаанд морьтой илүү ойр байх болсон. Түмний хүүхдийг эрсдэлгүй унуулах, морийг гараанаас зөв гаргах гээд бүхий л ажилд анхаарч, морин спортын ухаанд илүү шимтсэн түүхтэй. Гол нь уралдааныг маргаангүй, осол эндэлгүй хийх нь чухал. Багш хүний хувьд хэдий дарга болсон ч тэдэнтэйгээ улам л ойр байдаг.
-Сумын алдарт уяач болох болзол тийм амар байдаггүй байх. Тэр дундаа эмэгтэй уяач энэ цолыг хүртэнэ гэдэг бол бодоход хэцүү санагдлаа.
-Морь уяхын тухайд бол би нөхөртэйгээ хамт морь уяж явахдаа сумын алдарт уяач гэдэг цолыг 18 айраг, түрүү авсан амжилтаар авсан. Энэ болзлыг биелүүлэхийн тулд 12 айраг, түрүүтэй байх ёстой. Жил ирэх тусам олон олон шинэ уяач төрж байгаад баярлаж байдаг. Сурган хүмүүжүүлэх багш хүн болохоор энэ мэргэжил маань ч нөлөөлсөн байх. Уяач хүний их ажлын ард гэргий, бүсгүйчүүд байдаг. Таны уясан хурдан хүлгүүд чинь хурдлаад ирэхэд үр, хүүхэд нь бүтэн байгаасай, уясан хүлэг цовоо цойлгон байгаасай, хань ижил нь сайн сайхан байгаасай гэж байнга цагаан сүүнийхээ дээжийг өргөж явдаг бүсгүйчүүддээ талархаж, хөдөлмөрийг нь үнэлж яваарай гэж хэлмээр байна. Би анх 1990-ээд онд ханьтайгаа сууж эхэлснээс хойш морь уяж эхэлсэн. Түүнээс хойш 20-иод жил морь уяж байна. Манайх одоогоор зургаан азарга адууны 70 гаруй морьтой. Энэ морьдын тал нь уралдана шүү. Гэр бүлийн хүн маань морьдоо аваад зэргэлдээх сумдын наадамд явна. Ард нь гэр бүлийн хүн л үлдэнэ шүү дээ.
-Уяачаас гадна жнаач хүүхэд морь хурдлахад их нөлөөтэй байх аа, тийм үү?
-Уяач хүний хянуур, намбай зан хүүхдэд бас нөлөөлдөг. Ер нь хүүхэд багаасаа морь уналаа гээд буруу зүйл юу ч байхгүй. Харин сэргэлэн цовоо, авхаалжтай болдог. Сурлагандаа ч их ахидаг. Юмны эвийг олдог, хүнтэй зөв харилцаж, эвийг нь олоод сэвийг нь дараад явдаг. Би өөрөө гурван хүүхэдтэй. Одоо хоёр хүүхэд маань ОХУ-д онц суралцдаг. Нэг нь магистрт сурч байна. Энэ бол миний ханийн хийж буй ажлын үр дүн гэж боддог. Морьтой харьцаж эхэлсэн энэ ажил нь манай гэр бүлийн амьдралд их том өгөөжөө өгч, тэр утгаараа хүүхдүүд маань хүртэл өнөөдөр бусдаас дутуугүй мэдлэг боловсролтой хаана ч явсан нэр төрөө авч явж байгаад нь талархаж явдаг.
-Одоо та сумынхаа сургуулийн захирлаар ажиллаж байна гэсэн. Шинэ ажил аваад хэр удаж байгаа вэ?
-Би Баруунбаян-Улаан сумын 12 жилийн дунд сургуулийн захирлын албыг аваад нэг сар болж байна. Төрийн захиргааны байгууллагад 12 жил ажлаад буцаад сургуульдаа очлоо. Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, академич профессор Б.Ёндондоржийн нэрэмжит Баруунбаян-Улаан сумын сургууль сурагч, багш ажилчид гээд 490 гаруй хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өвөрхангай аймгийн хамгийн сүрлэг өндөр уулыг дэрлэн оршдог. Өндөр уулын хүмүүс их оюунлаг байдаг гэсэн. Тийм ч учраас сүрлэг уулын дэргэдээс төрсөн энэ нутгийн улс их оюунлаг байдаг. Манай сумаас 50 гаруй эрдэмтэн, доктор төрсөн агуу түүхтэй сургууль. Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтаар 555.5 оноо авч улсын дундажийг давсан. Энэ жил олон хүүхэд дунд сургуулиа төгсч, ирээдүйн амьдралын гараагаа эхлүүлэх гэж байна. Одоогийн боловсролын стандарт чиглэлийг барин ажиллаж байна. Манай сургууль шатар, даам, волейбол, чөлөөт бөх гээд олон төрлөөр аймаг, улсдаа маш дээгүүр амжилтыг үзүүлдэг. Нийт нутгийн ард түмэн, нийт уяач нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эрүүл энх, хийморлог байгаарай гэж хүсэн ерөөе.
Ч.БОЛОРЧУЛУУН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин