2016 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болох вий гэхээс МАН сүнс нь зайлах шахаж байна. Айсан хүн аавынхаа толгойг маажина гэдэг шиг сонгуулийн тогтолцоо ямар хэлбэрээр байх нь зөв бэ гэдгийг ард түмнээс асууж, үүндээ хоёр тэрбум төгрөг төсвөөс гаргах ёстой хэмээн мэдэгдлээ. Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд нэг л сонгуулийг хийсэн. Ийнхүү өөрчлөхийн өмнө МАН “Энэ 76 тойрог болохгүй байна, сургуулийн дээврийн дусаалыг УИХ-д ярих хэтэрч байна. Хэдий болтол бид тойрог, дош ярьж суух вэ” гэцгээгээд л 2011 оны сүүлээр УИХ-ын сонгуулийн хуулиа шинэчлэн баталсан санагдаж байна. Тодруулах юм бол МАН хууль тогтоох эрхийг гардаж суухдаа Сонгуулийн хуульд салхи оруулж, УИХ-ын 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдох холимог тогтолцоонд шилжиж байлаа. Ингэхдээ ирээдүйд тойргийг багасгаж, намын листийн хувийг нэмэгдүүлж, сонгодог тогтолцоо руу очих зорилт тавьсан. Ийм зорилго тавьсан нь учиртай, тойргийн сэтгэлгээнээсээ болоод түшээд аль аймагт ямар хөрөнгө оруулалт хамгийн чухал байгааг олж харахгүй болтлоо “сохорсон” учраас тогтолцоогоо өөрчлөх зориг гаргасан. Харамсалтай нь, МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа маргааш автомат машинд бурууг тохсон. Дараагаас нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай яриа гаргасан нь эцсийн дүндээ санал асуулга зохион байгуулахдаа тулав. Гар бариад бугуй барина гэдэг энэ.
УИХ-д өнөөдөр нэр баастсан түшээд сууж байгаа нь сонгуулийн тогтолцооны алдаа биш. Намын листээр сонгогдох хүмүүстээ нам нь өндөр босго тавьж, жагсаагаагүй нь алдаа. Ийм зүйлийг олж харалгүйгээр шууд л санал асуулга зохион байгуулахаар хоё тэрбум төгрөг төсвөөс гаргах нь үнэндээ хайран байна. Талцаж, хэрэлдэж байгаад МАН санасандаа хүрч, санал асуулга явуулъя, гэтэл ард иргэд “Одоогийн тогтолцоогоо хэвээр хадгал” гэвэл яах вэ, хоёр тэрбум төгрөг хайран биш үү. Сургуульдаа хүүхэд нь багтахгүй гурван ээлжээр хичээллээж, цэцэрлэгтээ багачууд нь багталцахгүй гэртээ цоожлогдож байхад санал асуулгын төлөө хоёр тэрбум төгрөг зарна гэдэг үнэндээ ухаангүй л үйлдэл. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал байсан бол хоёр гараа өргөөд санал асуулга дэмжинэ гэхсэн. Гэтэл зөвхөн нэг нам сонгуульд ялагдсаны шалтгааныг олохын тулд санал асуулга хийх нь үнэндээ ёс зүйн хувьд ч тэнэг үйлдэл.
Нөгөөтэйгүүр, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш зургаан удаагийн УИХ-ын сонгууль зохион байгуулахад тав нь 76 тойргоор, харин 2012 онд болсон сонгууль зөвхөн 48х28 буюу холимог тогтолцоогоор болжээ. Өөрөөр хэлбэл, нэгхэн удаа сонгуулиа холимог тогтолцоогоор зохион байгуулчихаад буцъя гэх нь зөв юм уу. Эцсийн эцэст шударга сонгуулийн үнэ цэнэ хийж, бүтээж чадсанд л оршдог. Тиймдээ ч Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуулиар сонголтоо өөрчилж, АН-д итгэл үзүүлсэн. Хийж чадаагүй болохоор тэр. Хэрвээ эрх баригч хүчин үлдэж байгаа энэ хугацаанд бүтээж чадахгүй бол 2012 оны сонгуульд МАН ялагдсан шиг ялагдлыг л амсана. Энэ бол сонгогчийн сонголт болохоос тогтолцоо биш.
МАН-ЫН ГИШҮҮД ЮУ ХЭЛЖ БАЙВ
Сонгуулийн холимог тогтолцоог сонгохын тулд өмнөх парламент одоогийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг жил дамнуулан хэлэлцэж, 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталжээ. Санал хураалтад нийт 42 гишүүн оролцсоноос 36 нь хуулийн төслийг дэмжиж, зургаа нь дэмжихгүй хэмээн санал өгч байжээ.
Зөвшөөрсөн гишүүд:
П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн, Д.Батбаяр, Г.Батхүү, С.Баяр, Л.Болд, Д.Дамба-Очир, Д.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, Х.Наранхүү, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, З.Энхболд, Ө.Энхтүвшин, Р.Амаржаргал, Б.Батбаяр, Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гансүх, Ц.Дашдорж, Х.Жекей, С.Ламбаа, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Р.Раш, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ц.Цэнгэл, Д.Энхбат, Н.Энхболд, С.Эрдэнэ нар байжээ.
Татгалзсан гишүүд:
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Даш.Зоригт нар аж. Энэхүү нэрсийн жагсаалтаар МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь шинэ хуулийг гар өргөн дэмжсэнийг нотолж буй юм.
СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ БАЙХ ҮЕД ХЭН ЮУ ЯРЬСНЫГ ЭРГЭН САНУУЛЪЯ
-Уг нь тухайн үед ийм байр суурийг МАН-ын гишүүд илэрхийлж байжээ. Одоо гэтэл юу болов. МАН-д санах ой байна уу?–
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:
-Гурван жил ажиллаж, Сонгуулийн хуулиа бид өнөөдөр баталж байна. Ихээхэн том, шинэчилсэн нэмэлт өөрчлөлт орсон хууль боллоо. Энэ бол энэ удаагийн парламентын гаргах ёстой хуулийн нэг. Маш их ажил орсон, энэ хууль дээр УИХ-ын гишүүд ихээхэн идэвхи чармайлт гаргалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2011.12.15-нд
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-20 шахам жил ярьсан асуудлыг УИХ сая шийдлээ. Сонгуулийг шударга явуулахад нөлөөлөх олон заалт оруулсан. Сонгогчдын нэрсийн жагсаалт санал хураах, тоолох ажлыг тусгай төхөөрөмжөөр гүйцэтгэх гэх нааштай зохицуулалт хийлээ. Он гарснаас эхлээд сонгогчдыг татах зорилгоор мөнгө, бэлэг өгөх, олон нийтийг хамарсан арга хэмжээ хийхийг хориглосон. Мөн нэр дэвшигч хууль зөрчвөл эргүүлэн татахаар болсон. Нэр дэвшигч мөнгө өгснийг сонгогч нотолбол түүнээс нь хэд дахин нугалсан мөнгөөр урамшуулна. УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдийн хамтын хүчээр уг хуулийг баталж чадлаа.
2011 оны 12сарын 16-нд байр суурь
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Монголчууд мажоратори тогтолцоог “Хамгийн муу тогтолцоо. УИХ-ын гишүүд жижиг тойргоос сонгогдож байгаа нь мөнгө, амлалтын уралдааныг бий болгож байна” зэргээр шүүжмлэх болсон. Тэр ч утгаар нь бид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. Пропорциональ тогтолцоонд сөрөг тал бий, намын даргыг тахин шүтэх гэх мэт. Гэхдээ бид үүнийг нь засаж, дээрх хоёр тогтолцооны сайн талуудыг хуульдаа тусгах үүднээс холимог системийг сонгосон. Зөвхөн намын дарга намын нэрээр УИХ-д сонгогдох боломжтой хүмүүсийн жагсаалтыг гаргахгүй. Намын байгууллагууд ардчиллын зарчмаар анхан шатнаасаа эхэлж хэлэлцээд тодорхой шалгуураар оруулж санал хураалтаар шийдсэний дараа жагсаалтад нэр нь орох хүмүүсийг сонгох юм. Тиймээс намууд жагсаалтад багтах хүмүүсээ сонгохдоо намынхаа лидерүүдийг сонгож байж жагсаалтаа гаргаж ёстой.
“Улс төрийн тойм сонин 2012.04.04-нд
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Сонгуулийн тухай хуулийг хэн нэгэн эрхэм сонгогдож, парламентын гишүүн болох тухай бодож биш, сонгогчийн санал тусгалаа олох, үр дүн нь ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж л боловсруулан, ажилласан. Аль нэгэн нам, хэн нэгэн улстөрчийн сайн сайхны төлөө гэсэн нэг ч заалт тусгагдаагүй.
Намын нэрийн жагсаалт оруулсан нь бид шинэ соёл авчирсан гэж бодож байгаа.
Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин